Нээг их хүмүүс

Дэлхий дээр өнөөдрийн байдлаар 8,232,453,360 хүн байна гэнээ, Би үсрээд л 1500 хүн танина. Бас чамгүй олон танилтай гэж өөрийгөө бодоод байдаг юм би. Тэгэхээр яг миний танилуудыг нэг фракц гэж үзвэл яг ийм хүрээлэл 8сая гаруй байна, нэг ч хүн хоорондоо давхцахгүйгээр. Нээг их хүн таниад байдаг биш байгаа биз бид?

Marvel-ын кинонууд дээр сүүлд Multiverse гэсэн ойлголт орж ирээд нэг хүн өөр өөр зэрэгцээ ертөнцөд өөр өөрөөр оршин тогтноод яваад байдаг гэсэн утгатай хэд хэдэн анги хийгдсэн. Ондоо дэлхий дээр өөр нэг Эрхмээ бас л өөрийн үүрэх ёстой ачаагаа үүрсэн шиг амьдарч л байгаа байх гэдэг шиг. Гэвч бидний энэ амьдарч байгаа дэлхий дээр л гэхэд яг над шиг настай эрэгтэй хүн бас чамгүй олон, над шиг муухай ааштай нь ч тэр дотроо цөөнгүй, над шиг туранхай нь ч тухайн нөхдүүд дотор бас багагүй. Ингээд бодохоор би гэдэг хүн нээг их ховор амьтан бол биш болоод ирж байгаан. 

Хорвоо надгүйгээр эргэдэг гэдгийг ойлгох гэж 30 гаруй жил амьдарчихсан л тэнэг шд ээ би чинь. Гэхдээ яахав бодох юм бол бас хүн гэдэг чинь их үнэ цэнтэй амьтан болохоор өөрийнхөө хувьд яалт ч үгүй нэг ертөнц, өөрөө ертөнцийнхөө төв нь. Од байна уу юу байна уу хамаагүйгээр тухайн хүн өөрийн л ертөнцийн төв цэг нь, ийм байхаас ч өөр яах билээ. Анх удаа амьдарч байгаа энэ 8тэрбум хүн ер нь 100 жилийн дараа гэхэд бараг л бүгд энэ дэлхий дээр байхгүй л байх болов уу, гэсэн хэдий ч үүрд амьдрах юм шиг л алхацгаана. Заавартайгаа ирээгүй ч нийгмийн тодорхой дүрмүүдэд захирагдаад явбал хүнд гай болчихгүй оршоод байж болохоор хангалттай л нийгэмшсэн дэлхийд бид тогтнож байна. Гэвч дайн байлдаан, эдийн засгийн өрсөлдөөн, шударга бус зүйлс хаа сайгүй, хүний санаанд орохооргүй аймшигт үйлсүүд ч энгийн мэт болчихсон утгаа алдчихсан завхарсан төрх манай дэлхий бидний нийгэмд их. 

Бидний хувьд энгийн мэт олон зүйлс 100 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн хувьд санаанд нь ч багтахгүй гэдэг шиг ирээдүйд тохиолдох олон хувиралыг бид одоо хүлээн авахад бэлэн биш байх нь тодорхой мэт санагдаж байна. Гайхалтайгаар энэ хувьсал нүд ирмэхийн зуур болоод хаяанд тулах юм шиг мэдрэгдээд байх юм ойрд. Технологийн хөгжил лав нийгмийн хөгжлөө хол орхиод байгаатай санал нийлэхгүй гээд яах билээ. 

Харин бэлтгэлтэй байж чадах нь уу бид? Би?



Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр