Хүн хүлээх зуур
Хэдэн жилээр ч хүртэл хүн хүлээчихсэн тохиолдол миний амьдралд бишгүй л байдаг юм байна бодоод байсан чинь... Эсрэгээрээ би ч бас хүлээлгэхдээ мэргэжлийн хүн...
Хойш тавиад байгаа, эсвэл хойш тавигдаад байгаа шалтгаан уг нь их л энгийн байгаад байх шиг байдаг. Гэвч төлбөр нь хэзээ ч эргэж ирэхгүй цаг хугацаа, магад хүний бичил гомдол, сэтгэл. Монголчууд бид улсаа аятайхан болохыг хүлээгээд л, эхнэрүүд нөхрөө уудагаа болихыг хүлээгээд л, авлагатай хүн дансаа гэдэг үг хүлээгээд л, тариаланч хүн бороо орохыг хүлээгээд л, биткойн авсан хүн өсөхийг нь хүлээгээд л, цэрэгт явсан хэд нь халагдахаа хүлээгээд л, рестораны зөөгч үйлчлүүлэгчээ захиалга өгөхийг нь хүлээгээд л, захиалгаа эрт өгсөн нь хоолоо ирэхийг хүлээгээд л... Зун болохыг, өвөл болохыг, том болохыг, баян болохыг, туранхай болохыг, ойлгодог болохыг, ойлгогддог болохыг, бараа ирэхийг, дэлгүүр нээгдэхийг, тэнгэр онгойхыг, даалгавар биелэхийг, зорилт биелэлээ олохыг, агаар сэлгэхийг, амьсгаа дарагдахыг, амьдрал сайжрахыг, ухаан суухыг, урамтай ажиллахыг, урлаг үнэлэгдэхийг, улстөр цэвэршихийг, ургамал өндийхийг, үр минь ухаажихийг, үлгэр биелэлээ олохыг би бас бид, өдөр бүр бас үүрд хүлээсээр...
Бүх зүйл зуурдын гэдэг шиг хүлээлт маань ч бас түрхэн байгаасай, зовлонгийн түргэн нь дээр юм даа.
Үүр цайтал би хүлээнэ...
Comments