You know what it is...
Хурган хөөрхөн бичээд байна гэж өөрийгөө хөөргөн 2006 оноос хойш хэдэн үг үсэг алдаг оног холбон өнөөдрийг хүрчээ. Хүүхдэрхүү л юм гэдэг шиг.
Би гэдэг хүн ер нь юу бичиж чадах хүн юм бэ? Надаас яг юу гарах юм бол бусдаас илүү? Гүүгл компани дампуурчихгүй бол энэ бичээд байгаа зүйлс минь 1000 жилийн дараа ч байж байх магадлалтай... Бичдэг олон хүн байдаг ч бичих зүйлтэй, бичих аялгуутай нь хэд юм бэ?
Асуулт асуусаар багагүй хугацааг өнгөрөөжээ ер нь. Өөрийгөө хөөрхийлсөөр бас чамгүй хойш суужээ. Золиг гэж...
Сэтгэлгээний тухай сонирхоод, бүтээлч байдалтай холбогдоод, судалж амьдарсаар би чинь хэзээ өөрийнхөө зүйлсийг цутгаж эхлэх юм бол. Хааяа өөрийгөө юу хийгээд хий эргээд байгаа юм гэж бодох цагтаа өөрийгөө бас жижигхэн өмөөрөх л юм. Хайвал сэтгэл сэргээх зүйлс мундах биш түрүүн баахан нулимс дусах нь холгүй хэдэн одууд дагав.
Өнөөдөр хотын төвд нэг найзтайгаа юм яриад зогсож байх зуур төв талбай зүгээс асар хүчтэй уухайлсан хөгжөөн дэмжигчдийн хашхираан дуулдав, гурвыг үржих гурав байжээ, Монгол охид дэлхийн аварга болоход нэг шат ойртсон нь тэр юмсанж. Хэдхэн хоногийн өмнө Монголз гэдэг баг мөн л дэлхийн аварга болох тун ойрхон үзэлцэв. Шөнө нь нойроо хасаж, өдөр нь датагаа хасаж монгол залуус нэгнээ захыг нь мушгицгаах шиг болсон юм. Хэсэг тэдний тухай сошиал дээрээс ухаваа би, фен нь болох шахав... Огшоож байна дөө тэр хэд маань... Хэдэн нялх юмнууд л байх шиг, ямар гоё том зүрхнүүд вэ? Улстөрийн хэдээс бусдаар монгол улс маань болчих гээд үзээд л байх шиг, оркоороо нэгнээ дуудаж зам дээрээ үзэлцэв ч хилийн дээс алхаад бид нэг л нэрээр дуудуулах заяатай төрсөн ахан дүүс гэдэг нь үнэн юм. 20 гарч яваа тэдгээр залуусын туулах зам нь дардан байгаасай билээ гэж дотроо нэг бодоод чаддаг зүйл байвал дэмжиж нэг гийгүүлэх юмсан гэж бас нэг мөрөөдөөд хорвоогийн нэг өдрийг барав бололтой би...
Шийдсэн зүйлсдээ үнэнч байж өөрийгөө шахаж чадахгүй байж хэрхэн цэнгэлийн манлайд хүрэх билээ. Шар хор байдаггүй юм уу энэ чинь одоо... Эрхэмбаяраа
Comments