Friday, November 16, 2007

Сүүдэрт хүйтэн байна

Учир шалтгааныг нь мэдэж байвч хүн зарим зүйл дээр тэсэхийн аргагүй их уурладаг нь харамсалтай. Хүн заавал алдаж байж суралцах албатай гэж үү? Бусдын алдаанаас суралцах нь мэргэн хүний зан биш бил үү? Мэдэж байвч мэдрэхийг илүү их хүсэх нь хүний төрөлх зан бололтой. Анхны хүмүүсийн хувьд аваад үзэхэд тэд тэр модноос жимс идэж болохгүйг хамгийн сайн мэдэж байсан. Бурхан ховдог 2 хүнээс өөр хэндээ ч сануулах вэ дээ. Гэтэл тээд л амсмаар санагдаад, хальт ятгагдаад идэж л байдаг. Одоо үед ч гэсэн хүүхдүүдийг аль бага байхаас нь эхлээд архи, тамхи бол их хортой, муу зуршил шүү гэж сануулсаар байтал өсвөр насныхаа нартай өдрүүдийн аль нэгэнд нь тэднийг хэрэглээд үзчихсэн л байдаг шүү дээ. За цаашлаад дурлал гэдэг их адармаатай зүйл болохыг кино, дуу шуу, ном зохиол, тэр байтугай амьд жишээн дээрээс хүртэл байнга сонсдог хэрнээ өөрөө эвтэйхэн дурлачихгүй байнга шархдаж явах юм. Тийм ч болохоор бараг л хүн бүрийн анхных нь хайр бүтэлгүй байдаг биз. Хэрэв хүнд программ суулгачихдаг байсан бол ямар амар вэ? Гэвч азаар бид тийм биш юм даа. Тийм ч учраас өдийг хүртэл хүмүүсийнхтэй зөрчилддөг зөрүүтэй ойлголттойгоо зууралдан амьдран суунам би. Амьдрал гэсэн энэ аялалаа экватор хавиар хийгээд буцъя гэтэл дэлхий л юм болохоороо 2 туйлаар зочлох хэрэгтэй л болох юм. Нар хичнээн харагдавч тундрт мөсөн уулнууд нь хажуу хавирганаас маань жигнээд намайг дааруулаад байх бололтой. Ганцаар туулахгүй энэ хорвоог хослон дуулсаар барах нь зохиолын дуучны амьдралын гол зорилго болой. Урлаг сонирхдогийн хувьд би тэр олонлогт багтан эсрэг хүйснийхээ нэгэн дуучинд сэтгэлийн жолоо алдарснаар bugsana entertainment маань ХХЗ буюу Хязгаарлагдмал Хариуцлагатай Зүрх болж бүтцийн өөрчлөлт хийв. Мэдээж дэлхий дээрх хамгийн том албан тушаал буюу удирдах зөвлөлийн тэргүүн нь Эрхэмбаяр миний бие. Удирдах зөвлөлийн гишүүдийн нэр нууцын зэрэглэлтэй тул энд бичиж болшгүй нь. Саяхнаас буюу түрүү жилийн 10 сар хавьцаанаас ирээдүйд хамтран ажиллаж, цаашдаа нэгдэн нэг том зүрх болж болзошгүй нэгэн зүрхтэй холбоо тогтоон харилцаа холбоогоо эхлүүлсэн юм. Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ хуралдан байж гаргасан шийдвэрийг мэдэгдэхээр тус зүрхийг уулзалтанд урин ВХ-ээр элч хийлээ. Уулзалт амжилттай болж нөгөө талаас хамтын ажиллагааны тухай нухацтай бодохоор болоод өндөрлөв. Би ч баярласан чигтээ гэрлүүгээ алхаад харьчихдаг байгаа...
Үүнээс хойш нэг хэсэг тодруулбал сар хагасын хугацаанд би гэдэг хүн тэнгэр хавиар л дүүлэн нисэж явлаа. Гэтэл гэнэт тэнгэр муудаж хамаг зүйл харанхуйлаад эхлэв. Хослон дуулдаг дуучны маань хоолой нь өвдөж хамт дуулахад хэцүү болсон тухай албан ёсоор мэдэгдсэн нь надад хүнд цохилт болсон ч Бугсана би үл шантран түүнтэйгээ хамт хоолойн дасгал хийсээр өдийг хүрсэн бөгөөд цаашдаа хамтын уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэдэгтээ 200 орчим хувь итгэлтэй алхсаар л байна. Амьдрал дундуур хамт алхахыг хүсч буйгаа ч бичгээр мэдэгдчихсэн байгаа. Ер нь хүний амьдралд нэг иймэрхүү үе байдаг юм шиг байгаа юм. Ялангуяа залуу хүн бүхнийг шинээр эхлэн, бүх өөрчлөлтөнд нээлттэй, бүх боломжинд сонирхолтой байх үед өөрийгөө олох нэрийдлээр олон зүйлст хошуу, хөл , гар байдаг бүхнээ дүрээд амжчих юм байна дөө.
Одоогоор би сүүдэрт байгаа ч нар надад ойрхон байгааг би илчээр нь мэдэрдэг. Хэдхэн алхаад л би наранд гарчихна. Гэвч залуу bugsana-гийн хувьд тэр хэдхэн алхам нь хэдэн өдөр, сар магадгүй жилийг ч шаардаж болох юм. Энд нээрээ температур жаахан сэрүүн байх юм. Юм л бол даарчих гээд хальт тухгүй. Ингэж байсаар ханиад хүрчихгүйг л хичээх болж дээ. Ажил хэргийн тал дээр олон алдаа, олон оноо цуглуулаад амжжихсан миний хувьд ирээдүйд ихийг хийж бүтээхэд минь хамт байх багийн гишүүдээ хайсан эрэлд одоогийн ихэнхи цагаа зарцуулж толгойгоо хамгийн ихээр ажиллуулж байгаа зүйл минь Хөлөг онгоцон дээр маань хэн суух вэ? Эсрэгээрээ гашуун ч гэсэн хэн суухгүй вэ гэдэг л асуудал байна Бизнес гэдэг зүйлийг бүрэн утгаар нь ойлгож амжаагүй ч үнэрийг нь авсан болохоороо улам гүнзгий суралцмаар л байна...
Ер нь миний амьдрал жинхэнэ утгаараа эхлэж би гэдэг хүн илүү хариуцлагатай болох цаг минь ирчихээд байна гэсэн мэдрэмж надад их хүчтэй байгаад байгаа нь оргүй зүйл биш гэж бодож байгаагийнхаа хувьд амьдарсан шиг амьдарнаа гэсэн хувийн шийдвэр өөртөө гаргав БИ...