Monday, August 20, 2007

Bugsana almighty

Бүхнийг чадагч. Аая аймар лаг сонсогдож байна гээл үү. Хэрэв та жаахан ч гэсэн кино сонирхдог бол bruce almighty мөн evan almighty гэдэг 2 сайн киног лавтайяа үзсэн биз ээ. Гэтэл надад хэрэв би түүний оронд бурхан болчихвол яах байсан бол гэдэг бодол маш хүчтэйгээр орж ирэв. Хүн чинь бас Бурхан шиг байх дуртай юм байна лээ. Тэгээд баахан л юм бодлоо, дотроо ч баахан инээлээ. Яван явсаар энэ бичлэгээ хийхээр боловоо би.
Хэрэвээ би Бурхан байсан бол яах байсан юм бол? Надад орчлон ертөнцийн хамгийн дээд эрх мэдэл өгөгдсөн байна гээд төсөөлдөө. Ёстой л нөгөө "I've got a power" гэдэг л болно байхдаа. Ерөөсөө л хүсэл болгоноо биелүүлэх бүрэн боломжтой болчихлоо шүү дээ. Хүмүүсийн залбиралд хариулна, өөрийнхөө ажлаа хийнэ, ар гэртээ цаг гаргана гээд бүүр одоо амжихгүй байгаа зүйлс дээрээс 85 юм орж ирэхээр би лав бүр яг боож үхэх байхаа. Гэхдээ юу гэхээр Бурхан надад өөрийн чадвараа өгөөгүй ч харин өөрийн даалгаврыг надад өгсөн гэдгийг би мэдэж байна. Энэ гайхамшигт ертөнц дээр хүн болон мэндэлсэн би ямар нэгэн зорилгын төлөө илгээгдсэн гэдэгт итгэдгийнхээ хувьд өөрийн ирсэн зорилгыг гүйцэлдүүлэх маань миний эрхэм зорилго билээ. Гэтэл би ямар зорилготой билээ? Түүнийхээ төлөө юу хийж, хаагуур, хэнтэй яваад байгаа билээ би?
Өсч өндийн өдий дайнд хүрсэний хувьд зорилгоо биелүүлэхийн төлөө хамаг хүчээ дайчлан үр дүнтэй амьдрахыг хүснэм. Монгол улсад хүү нь болон мэндэлснээ би их завшаан гэж баярладаг, гэр бүлдээ отгон хүү нь болон ирсэнээ хамгийн азтайд тооцном.
Харин өөрийн хүсч мөрөөдөж байгаа зүйлээ жаахан дүрслэхийг хичээе.
Юу гэхээр надтай учирсан хүн бүр өөрийгөө азтайд тооцдог байгаасай, надтай ажилладагтаа сэтгэл хангалуун байж өөрсдийгөө азтай хүмүүс шүү гэж бодох болно, учир нь би тэдний хувьд үнэхээр том түшиг нь байдаг байгаасай гэж өөрөө хүсдэг болхоор. Гэр бүл минь ийм хүү өсгөсөндөө надаар бахархдаг болно, учир нь би эх орон, ард түмнийхээ төлөө ихийг бүтээх болохоор. Эхнэр минь надтай учирсандаа өөрийгөө азтайд тооцно, учир нь түүнийхээ төлөө би бүхнээ зориулж, тэр минь миний амьдралын хамаг гэрэл гэгээ байх учраас. Тиймээс би ч өөрийгөө хамгийн азтайд тооцно. Миний хэн гэдгээр минь хүмүүс бахархаж, зүгээр л оршин байгаа минь олон хүнд амьдралын эрч хүч өгсөн тийм л ивээлтэй нэгэн байхыг хүсэн тэмүүлж, ажиллаж, амьдарч байна.
Тактик төлөвлөгөө тархинд минь боловсорч байгаа, түүнийгээ ч сайн хэрэгжүүлэгч нь байж чадна гэж өөртөө итгэлтэй байна :-.)

Monday, August 13, 2007

Ерөнхийлөгчид бичих захидал (1-р хэсэг)

Сайн байна уу? Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай. Монгол улсын жирийн иргэний хувьд Монгол төрийг удирдаж байгаа таньд хандаж өөрийн бодлыг бичье.
Монгол орон үнэхээр сайхан орон, монгол хүмүүс ч үнэхээр сайхан хүмүүс. Дэлхий дээр монгол шиг ийм гайхалтай сайхан улс байхгүй гэдэгт би монгол хүнийхээ хувьд бат итгэлтэй байдаг. Гэвч эх орны минь өнгө гундаж, хүн ардынх нь нүдэн дэх гал бөхөж байгааг өдөр өдрөөр харж байгаа би үүнийг зүгээр хараад сууж үнэхээр чадахгүй нь.
Гудамжинд тамхи ширхэглэн зарж өдрийн хоолоо олж идэж байгаа эмээг харахдаа, автобусны буудал дээр хэвтэх залуу сайхан монгол эрчүүдийг харагдаа, хажуугаар нь өнгөрөх надаас хэдхэн төгрөг өгчихөөсэй гэж хардаг бяцхан хүүхдүүдийг харах тоолонд миний дотор ямар хэцүү болдог гээч. Та ч яахав чухал ажилтай мянга мянган хүний замыг хаан байж төв замаар Mercedes Benz хөлөглөн давхидаг болохоороо энэ бүгдийг ажиглан харж төдийлөн амждаггүй бололтой. Гэвч өдөр тутам ийм амьдрал дунд алхаж, аж төрж байгаа ард түмэн минь тань шиг биш над шиг мэдэрч, шаналж, бухимдаж байгааг та мэдэж л баймаар.
Монгол ард түмэн уг нь ингэж амьдрах ёсгүй л юмсан даа. Бид нар чинь дөнгөж л 3 сая ч хүрэхгүй цөөхөн, баялаг түүх, бахдам байгаль, сүрхий оюунтай хүмүүс биш билүү? Хэдий тийм ч тэднийг өлсгөж байгаа төр засгийг зөвтгөе гээд ч сэжим олдохгүйг яалтай. Удирдагч байна гэдэг том хариуцлага, хүнд ачаа, хэр баргийн хүн хийчихээр амар ажил биш гэдгийг ойлгож байна. Хэрэв чадахгүй байсан юм бол яах гэж дээшээ зүтгэсэн юм бэ та? Та тэгтлээ их дэлхийн хэмжээний асуудалд анхаарал тавьж, хүн амынхаа тоог яах вэ гэдэг дээр асуудал тулгарчихсан, эсвэл хөгжлийн гарц хайгаад ч олдохгүй байгаа тэгтлээ хэцүү төрийг удирдаад байгаа гарамгай удирдагч уу? Ёжлосон мэт сонсогдож байж магад ч таны хийдэг мэдэгдэлүүдийг уншихад таныг яаж явж байгаад ийм жижигхэн хүн бүхэл бүтэн Монгол улсын ерөнхийлөгч болчихов оо гэж гайхах сэтгэгдэл улам бүр төрөх болж байна. Тархи угаах башир арга хэрэглэж өөрийгөө юм хийж бүтээж байгаа мэт харагдуулж, хор найруулах замаар өөрийнхөө замыг цэвэрлэн өдийг хүртэл байр сууриа бэхжүүлэн байгаа өөрийг чинь 30 жилийн дараах монголын ард түмэн хэрхэн харахыг бодоод айдас чинь хүрдэггүй гэж үү? Ард түмнийхээ хайрыг хүлээж чаддаггүй юмаа гэхэд ядахдаа үзэн ядуулах зүйл битгий хий л дээ. Монголчууд хүчтэй ард түмэн гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Хэдий тийм ч удирдагчдаа харсаар бүр цөхөрсөн бололтой. Удирдагч хүн альваа асуудлыг харж чаддаг байх ёстой, тэд өөрийн араас дагуулж байгаа хүмүүсийнхээ өмнө хариуцлагатай байх ёстой. Тэд ирээдүйд харж буй зургаа бусдын тархинд зурж тэдэнд тэр л ирээдүйн төлөө тэмцэх урам зориг, эрч хүч, боломж бололцоог нь нээж өгөх үүрэгтэй. Гэтэл тийм юм Монголчууд бидэнд байна уу? Үгүй гэдгийг би бат хэлж чадна. Өнөөдөр өнгөн дээрээ нийгэм эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа мэт боловч бодит байдал үүнийг няцааж байна. Яагаад миний амжиргаа дээшлээгүй байхад төсвийн зардал нэмэгдээд байгаа юм бэ? Бараа таваарын үнэ өдөр ирэх тусам л дээшлэх юм. Үүнийг ойлгох потенциал яалтачгүй надад дутаад байна.
Монгол өөрчлөгдөнө гэдэгт үнэн голоосоо итгэдэг над шиг хүмүүс зөндөө гэж итгэж байна. Хамтраад хийвэл таниас царай алдахгүйгээр монголыг өөрчилж болно ч гэж бодож байна. Уг нь та ерөнхийлөгч хүн шиг сайхан дэмжээд өгдөг бол ч бүр ихийг хийж болохсон. Ажлаа хийхгүй байгаа таниас дэмжлэг харж суух нь бүтэхгүй мэт санагдавч бас ч горьдлого байгаад байгааг өөрөө ч ойлгохгүй байна. Ямар ч муу хүн өөрчлөгдөж болдог гэж би итгэдэг. Үүнийг таны талбар дээр харах юм бол та л нэг өөрчлөгдөх хэрэгтэй байна даа. Илүү өөр зүйлийг харж, илүү өөр зүйлийг үйлдэж монгол ард түмэн таныг сонгосон гол зорилгыг өчүүхэн ч болов биелүүлэхийг дахиад нэг бодоод үзэхгүй юм уу...

Сэлбэ

Бага байхад манай нэг ахынх Дамбадаржаад амьдардаг байсан юм. Зун хааяа би тэднийг очиж хонодог болхоор өдрийн цагаар тэр хавиар халтар болтолоо тоглоно, тоглохоороо гол бараадана гэсэн үг, гол бараадахаар чинь тэгээд л жараахай энэтэр гээд л залуу цагийн минь бас ч овоо хэдэн дурсамж Сэлбэ голтой холбоотой л юмсан. Гэтэл саяхан хичээлээсээ тараад явж байтал Арслантай гүүрний доогуур ус урсаагүй байхыг хараад шал сонин санагдав. Балчир байхдаа сэлж байсан гол маань надаас өмнө бүүр нилээн өргөн, гүн байсан сурагтай. Яагаад байхгүй болчихов оо гэвэл ер нь бидэнтэй л холбоотой асуудлууд яригдана гэж бодхоор бүр дургүй хүрч дуусах юм. Одоо Сэлбэ нь, дараа Туул , үргэлжлээд Хараа, Ерөө гээд мянга мянган гол горхи хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болж устан үгүй болж байгаа нь үнэхээр харамсалтай. Үүнийг эмгэнэл гэж хэлэхэд ч багадна. Үүний төлөө санаа тавих ёстой хүмүүс гэж байдаг л баймаар, гэвч хаана юу хийгээд яваад байдаг юм бүү мэд. Саяхан бас Туул голын бүх загас эрэг дээрээ томоосоо жижиг хүртэлээ сэг болон хэвтэж байна гэж зурагтаар нилээн л ярьсан. Тэгээд арга хэмжээ авч байгалиа хамгаалж байгаа юм байхгүй худлаа худлаа том баацгаагаад манайхан нээрээ хэзээ юм хийж чаддаг болноо? Ёоо бүр дургүй хүрчихлээ...

Өөр юм...

Хүн төрөлхтөнд хоол тэжээл, мөнгө төгрөгнөөс илүүтэйгээр хамгийн хэрэгтэй зүйл бол хайр гэж хувьдаа боддог. Хүн өлсөж болох ч хоол идээд гэдэс нь цадчихна, хүн мөнгөөр дутаж болох ч хөдөлмөрлөөд баяжчихаж болно. Гэтэл хүн хайраар дутсан үедээ тийм амархан үүнийг олчихож чадна гэж үү? Би лав тэгэж бодохгүй байна. Хамгийн чухал нь хүнээр хайрлуулахын тулд хүнийг хайрлаж чаддаг байх хэрэгтэй мэт санагдана. Бараг л бүх хүн энэ асуултыг өөрөөсөө асууж, ихэнхи уран бүтээл, дуу хөгжим энэ л асуудлыг хөндөн, хайр гэж яг юу юм бэ гэдгийг тайлбарлахыг оролддог ч яг үнэндээ ойлгосон хүн хэд байдаг бол? Мэдээж хайр гэж юу болохыг бүрэн утгаар нь төгс ойлгоно гэж байхгүй ч хүмүүс бид ядахдаа зөв гадарладаг байсан бол ямар сайхан бэ.
Миний мэдэхээр хайр өөрөө бас олон төрлийн байдаг. Гэвч ерөнхийд нь өөрийгөө хайрлах, өрөөлийг хайрлах гэж 2 хэсэгт хувааж болох юм шиг санагдав.
Өөрийгөө хайрлах хайр хэт ихсэх үед өөрөөр хэлбэл туйлшлах үед хүн хувиа хичээсэн бэртэгчин болж хувирдаг болохыг бид олон жишээн дээр харж болно. Өрөөлийг хайрлах хайр маань дотроо анд нөхдөө хайрлах хайр, гэр бүлээ хайрлах хайр, эсрэг хүйсний нэг хүнийг хайрлах буюу эротик хайр зэрэгээр ялгаатай ухагдахуун олон ч энэ бүгд дээр хэрэгжиж болох хамгийн зөв зарчмыг би “Өрөөлийг өөр шигээ хайрлах” гэсэн энгийн зүйл гэж бодож байна. Бодож байна гэсний маань учир нь би тэгтлээ том болж амьдралыг туулчихаагүй байна. Гэвч бас үзсэн, харсан, бодсон зүйлс маань тийм ч бага гэж бодохгүй байна. Тиймээс өөрт суугдсан зүйлээ ил гарган бичиж байгаа маань энэ. Өрөөлийг өөр шигээ хайрлах тийм амар зүйл гэж би хэлэхгүй ээ. Хүн болгон өөр өөр учир бидэнд үүнтэй нь холбоотойгоор өөр өөр стандартууд гарч ирдэг байх. Заримыг нь их хайрлаад, заримыг нь арай бага хайрлаад, заримыг нь бүүр үзэн ядчихсан явж байх нь ч бий. Тэр үедээ л бид “өрөөлийг өөр шигээ хайрлах” гэсэн зарчмыг дахин санах хэрэгтэй болов уу. Учир нь бид хэзээ ч өөрийгөө үзэн яддаггүй шүү дээ. Өөртөө мэдээж дургүй хүрэх үе байдаг ч би лав өөрийгөө үзэн ядаж байснаа санахгүй байна. Хүмүүс бид хэн нэгэнгүйгээр хэр удаан амьдарч чадах бол? Ганцаардаад хэн ч хажууд байхгүй тэр үед ядахдаа үзэн ядаж байсан хүн маань ч болов энд байсан болоосой гэж бодож байсан үе надад бий. Чухам хэн болчихоод бид бусдыг алаг үзэн, хайрлах эсэхтээ стандарт тогтоодог юм бэ? Хэн ч биш байхад минь эцэг эх минь намайг хорвоод авчирсан, хэн ч биш байхад минь “ХҮН ЧАНАР” гэж юу байдгийг гэр бүлийнхэн маань надад зааж өгсөн, хэн ч биш байхад хүний ертөнцийн хуулиуд, зарчмуудыг хэдэн муу багш нар минь л зааж өгсөн. Ингээд бодоод байхад хэн ч биш байж би бусдаас дэндүү ихийг авчихсан байгаа юм даа. Одоо харин өгч эхлэх цаг нь болжээ гэдгийг би үнэхээр сайн мэдэрч байна. Би бусдыг хайрлах хэрэгтэй, би бусдад туслах хэрэгтэй, тэдэнд чадах зүйлээрээ туслаж, амьдралд нь дэмжлэг болж л байвал миний хүсэл биелэх нь тэр. Надад амжилт хүсээрэй