Monday, February 16, 2009

Симба мимба, Бугсана мугсана, Ууртай мууртай

Амьдрал үзээгүй жаахан байна гэж надад аймар амьдрал үзчихсэн ах эгч нар минь их хэлэхийн. Уг нь амьдралын тухай яриаг минь овоо сонсдог байсан юмсан. Ер нь багаасаа бухын баалтаар баагаад нээрээ л хэрэгггүй юм байна. Хэн их ярьж байна, тэр хүн хамгийн хүчгүй нь гэж хүмүүс ярилцах юм. Магадгүй үнэн үг байх. Хайр дурлалд хэн их хойшоо гэдийнэ тэр нь ялдаг гэж бас нэг үгийг нэг найз байн байн л хэлэхийн. Хүн ер нь нууцлаг байхдаа хамгийн зэвүүн гэдэгтэй бүгд санаа нийлнэ. Гэхдээ миний хувьд мангар энгийн байх хамгийн гоё гэж боддог юм.

Тэгсэн чинь “Бүгдийн найз бол хэний ч найз биш” гэсэн үг хааяа чихэнд сонстоод байх болж.

Найзгүй бол хол явж чадахаарүй над шиг хүмүүсийн хувьд их хүлээж авахад эвгүй үг.

Гэхдээ инээсэн бүхэн найз биш, уурласан бүхэн дайсан биш гэдгээ бас мэднээ. Би өөрийгөө их инээж явдаг хүн гэж боддог юм (худлаа чухал царай гаргаагүй үедээ). Тэгсэн чинь намайг их зантай, ууртай, юу юу гэнэ вэ бүр их бодоогүй бодоогүй өнцгөөс гарууд хардаг болохыг саяхнаас мэдрэв. Би байнга хэлдэг байхгүй юу “Би нэг уурлахаараа аймар, гэхдээ одоог хүртэл уурлаж үзээгүй байна” гэж. Жижигхэн зүйл дээр бухимдах нь элбэг л дээ. Гэхдээ би тэгэж хүнд сонин хачин үг хэлж сэтгэлийг нь сэвтүүлээд байх улс төрийн ямар ч сонирхолгүй хүн. За тэгээд цааш нь дуулаад байх нь ээ нэг ийм юм байна. Хэрэв хүн би энэ хүнд хэрэгтэй гэдгээ мэдрэх юм бол ямар ч ааш гаргаж болдог гэнэ түүндээ. Угаасаа тэгдэг ч гэж байна. Бусдад хэрэгтэй гэдгээ мэдэрч амьдрах гэдэг сайхан хэрэг, тэрийгээ буруугаар ашиглах нь харин өөр хэрэг. Хүн чамайг найзаа, миний хайраа, ахаа, эгчээ гээд ирж байхад энэ мууг яасан ч яахав гэж хандаж болохгүй л байлтай. Монголчуудын нийтлэг нэг алдаа бол ойрын хүмүүсээ өвтгөхөө нэг их юманд боддогүй зан. Бусад гэдэг ухагдахуун майр чухал, бараг өөрсдөө хоосон хонож байж ирсэн гийчинг сайхан дайлдаг л гарууд шд уг нь бид нар. Нэг бодлын гоё зан ч гэлээ харилцаан дээр ийм зүйл байж болохгүй. Гэрийнхэнтэйгээ уурлаад л , орилоод л, тэнэг мангараар нь дуудах шахуу байдаг хирнээ гадны гаруудтай инээмсэглээд л чухам сайхан зантай, найз нөхдүүд хүртэл бусад гаруудыг оролдохгүй хирнээ ганц муу найзыгаа л хамгийн адгийн үгээр шоолно. Бие биенийхээ үнэ цэнийг хараахан ойлгож чадаагүй хүмүүс л иймэрхүү авир гаргаж байх шиг санагдана.

Яг үнэндээ чи ч, би ч мөхөс, төгс биш, болж ч чадахгүй. Энэ бидний мөн чанар. Маргааш үхээд өгч мэдэх энэ хорвоо дээр хэр удаан амьдрана гэж хайртай хүмүүсээ гомдоох гэсэн юм бэ бид?

Удаан амьдарлаа ч тэр нь гомдоож болно гэсэн баталгаа биш. Хүн бүрт заяасан нэг жижигхэн боловч асар хүчтэй эрхтэнгээр ихэнхи зүйл дамжаад байх юм. Болдоггүй болдоггүй үг үүгээр л гардаг, уяран хайлуулах хайрын үгс ч үүнээс л эхтэй. Нэг эхээс 2 өөр зүйл ундрана гэж байх ёсгүй зүйл, хэрэв 2 зүйл харагдаж байгаа бол аль нэг нь яахын аргагүй худал. Гагцхүү аль нь вэ гэж.  Хүүхэд байхдаа нэг хэсэг хараал хэлж үзсэн юмдаг. Болох болохгүй үг чинь миний амнаас зүгээр л ургадаг байлаа. Бурхан дэлхийг үгээрээ бүтээсэн гэдэгт би итгэдэг, үгэнд хүч бий, үгэнд учир бий. Бодолтой ярих хэрэгтэй гэдгийг саяхан дахиж саналаа. Үгээр хүнийг үхүүлж бас амилуулж болно.

Гэтэл бас муусайн гарууд ярианы урлаг гэсэн зүйл ярьж эхлээд овоо удчихлаа. Ярихын тулд ярих зүйлтэй байх хэрэгтэйсэн. Хоосон толгойтой байгаа хүүхдүүдийг ярьж сурах хэрэгтэй хэмээн тархийг нь угааж утгагүй болгоод байх хэрэг тэрэнд юу байна аа. 2-рт хэл гэсэн зүйлээр олон гарууд бизнес, улс төр хүртэл хийгээд байхаар нь инээд уур зэрэг хүрэх шиг. Хэлтэй бол хөлтэй, хөлтэй бол алхана алхаал хол явна. Тэгсэн чинь бас хаашаа алхах вэ энэтэр гээд дараагийн асуудлууд хүлээгээд энэ амьдралыг ер нь ойлгож дуусна, ярьж дуусна гэж угаасаа худлаа юм.

Ууртай мууртай эхлээд хазайчихлаа энэтэр...

Wednesday, February 11, 2009

Сураг

Нэг мэдэхэд харих цаг болчихсон байх вий гэж их боддог болчих юм. Уг нь дөнгөж л 80-ын талын талыг наслаж байгаа юмсан. Би ер нь багаасаа л их гадуур явдаг, хүмүүсийн хэлдгээр их тэнэдэг хүүхэд байсан. Гэхдээ би тэр бүх үйл явцыг тэнэлт гэж хэлэхгүй харин ч насны багад олон хүнтэй танилцаж, олон зүйлсийн талаар алтан чихтэй болж явсан их хэрэгтэй цаг хугацаа байсан гэж дүгнэдэг. Гэтэл залуус одоог хүртэл олигтойхон найз нөхөд байхгүй, хүнтэй юм ярилцчих чадваргүй, хэн хаана юу хийдэг талаар мэдээлэлгүй байх юм. Дээхэн үед байсан “Танилтай бол талын чинээ” гэсэн үг одоо хамгийн үнэн үг болчихоод байгааг анзаараагүй хүн цөөхөн байх. Мэдлэг гэдэг зүйл ерөнхийдөө их харьцангуй ойлголт болчихсон энэ үед мэдээлэл хамгийн хүчтэй зэвсэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Харин хаанаас тэр хүч өгөх мэдээлэл ирж байна гэдгийг ухах юм бол найз нөхөд, гэр бүл зэрэг танилын хүрээллээс өөр нүхэн гарц харагдахгүй байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл маш явцуу байгаа өнөө үед ТВ хараад цагаа үрж байх сонирхол надад лав байхгүй. Тархи угаах гэж ололдож буй зарим нэвтрүүлгүүдийг харахад үнэхээр өрөвдөлтэй хүүхдийн тоглоомоор тоглосон, өөрөө үсээ хөөсөртөл нь шанпуньдуулсан гаруудын арчаагүй оролдлого илт үнэртэж хүүхэд нохойн доог болох шахах юм.

Мэдээлэл тархах зарчим амнаас ам дамждаг байсан нүүдэлчин сэтгэлгээ маань өнөө үеийг хүртэл үнэт өв болон хадгалагдан үлдсэн нь үнэхээр хачирхалтай. Бензин, түлшний үнэ нэмэгдсэн сургаар өглөө босоод ирсэн чинь талх хэд болчихсон байв аа. Саяхан хүртэл доллар 1500 хүрсэн нь хэдэн ченж гэж өөрсдийгөө нэрлээд байгаа жижиг гаруудын сайн болсон найруулга байв. Одоо бүр 1600тай байх шиг байна. Маргааш нь дэлгүүрээс үргэлж зажилдаг Double mint-ээ авах гээд ортол байдаггүй, учрыг нь ухахад маргааш үнээ нэмж зарна гээд өнөөдөр нь нийлүүлэлт хийгээгүй гэв. Бүр цааш нь яриултал ер нь бүх барааны үнэ 20%-иар нэмэгдэх сураг өдөржин дэлдсэн талаар, хямрах энэтэр гээд бүүүүр айлгасан мэдээ болоод явчихав. Сандарсан ах бараг бүх найзуудруугаа утас тогшоод дайны бэлтгэл хангагтун гэдэг даалгавар өгөөд өөрөө өвлийн идэшнээс бусдыг нь цуглуулчих шахав. Хот нойрсож, хот сэрэв. Гадаа бөмбөг дэлбэрсэн шинж алгаа, цонхоор хагадсан эхний хүмүүс лав талх тариагаа барьчихсан гэрийн зүг алхацгааж байв, нээг их уурласан ундууцсан царай ажиглагдсангүй. Хуурамч түгшүүр байжээ.

Энэ ам дамжсан мэдээлэл үнэхээр хүчтэй юмаа гэж. Монгол улсын тухай ерөнхий тоо мэдээлэл яг баттай ноттой зүйл ер нь харагдахгүй юм. Гэтэл ам дамжсан мэдээлэл хэд хэдэн хувилбар байна гэнэ. Монгол улсын хүн амын тоо адаглаад хэд юм бэ? Мэдэж байгаа хүн байна уу? Надад хэлээд өгвөл маш их талархана. Мэдэхгүй ээ.

Тэр байтугай НАЧИН-ы найраа яг хэд байгаа бол гэж би асуувал та нар өөр өөр үнэ л хэлэх байх. Зарим нь 100 сая, 30 сая, 50,70 гээд л өөр өөр л ам дамжсан мэдээлэл.

 

Миний ярих гээд байгаа санаа бол бид бүгд Монгол ард түмэн, Монгол хэмээх 6 үсгээр өөрсдийгөө чимж амьдардаг хүмүүсийн хувьд адаглаад бодьтой мэдээлэл мэдэж, ашиглаж амьдарцгаая л даа. А тэгээд мэдээлэл гэдэг зүйл нууцын зэрэглэлгүй л бол хүн болгонд адил тэгш, хүртээмжтэй байх ёстой.

Одоо харин эх оронд минь хэрэгжээд байгаа хууль бол хэн мөнгөтэй, хэн эрх ямбатай, хэн олон танилтай, хэн мэдэлтэй нь мэдээлэлтэй байх юм.

7 сарын нэгэнд хэдэн хүн баривчлагдсан юм бүү мэд, хэдэн ардын хүү тэр хар өдөр өөрсдийн алтан амиа муусайн новшнуудын гарт алдсаныг бүү мэд. 5 хүн гэж би сонссон, гэхдээ таксины жолоочоос. Гэтэл 4 гэж бас нэг найз хэлэх юм. 1 хүний амийг тоолдоггүй юм болов уу бүү мэд.

Алтны орд хаана хаана байна, хэн хэн түүнийг сонирхоод байна? Бүү мэд. Энхбаяр жилийн хэдэн төгрөгний орлоготой юм бүү мэд. Ямар ч байсан 500 сая төгрөг хахууль болгож өгий гэсэн хүнийг хөөгөөд гаргаж байхыг бодоход овоо бэнчинтэй л гар байх. Аман мэдээллээр Монголын бүх рашаан, сувилалын газруудыг Ноён Намбар эзэмшдэг гэнэ, энэ нэг газар сонссон нэр юм шиг санагдаад байгаа юм даа. Гэхдээ хаана?

Саяхан нэг тендерийн тухай мэдээлэл тэнээд явж байхдаа сонслоо. Батлагдсан мөнгөний 10%-ыг нь өгвөл тендер минийх юм байх. Мэдээж тэр нь нэг хүнийх болсон л байх.

Дэлхийн хамгийн том хайлт, нэрийг нь сонсоогүй хүн бараг үлдээгүй нэгэн том мэдээллийн акул байна тэгсэн чинь. Нэрийг нь ГҮҮГЛ гэдэг юм гэнэ. Хайлтын хэдэн хувь нь эднийхээр дамждагийг та хайгаад л олчихно. Тэдэнд мэдээлэл байгаад байна, бидэнд хэрэгцээ нь байгаад байна. Нийлүүлэлт хийж байгаа гарууд хэрэгтэй мэдээллийг минь нуучихвал яах уу? Үгүй гэх газаргүй.

 

Нэгэн залуу найзтайгаа гудамжаар зугаалж явахдаа Пушкин эхнэртэйгээ явж байхыг харж л дээ. Дараа нь Пушкиний тухай яриа өрнөх үед нөгөө 2 чинь “Бид 2 харсан, авгайгаа дагуулаад гудамжаар алхаж байна лээ” гэж гэнэ. Тэдний дунд байсан нэг найз нь гэртээ хариад “Пушкин өнөөдөр эхнэртэйгээ гудамжинд алхаж байснаа манай 2 найзыг хараад гэнэт яваад өгч гэнээ” гэж эхнэртээ хэлж, эхнэр маргааш цааш нь ажлынхандаа “Пушкин хог чинь их дээрэлхүү хүн гэнэ, эхнэртэйгээ явж байхдаа хүмүүсийн хажууд чирээд явцан гэж байна, манай нөхөр бүр нүдээрээ харж... Энэ мэтээр 15 дахь хүний яриа ийм байна гэнэ “Пушкин нэг өдөр эхнэртэйгээ алхаж байсан чинь эхнэрийнх нь гэдэс өвдөөд, тэр 2 бүүр сандраад эмнэлэг явсан гэнэ, 25 дахь яриа нь Пушкиний эхнэр гудамжинд төрөхөө шахаад эмнэлэг дуудаад явсан гэнэ, 35, 45 гэсээр 100 хүний дараа нөгөө эхлэсэн яриа чинь “ Лермонтов модон дээр гараад Муусайн хужаанууд зайлцгаа гэж орилсон гэнэ” болчихсон явж байна гэнэ.

 

Иймэрхүү янзаар хүний амнаас ам дамжин явахдаа мэдээлэл хэд дахин өөрчлөгдөх магадлал өндөр. Жишээ нь гэхэд л миний бичсэн энэ онигоо анх 2 жилийн өмнө сонсож байсан хувилбараа санахгүй байгаагийн улмаас жаахан гажуудчихсан л явж байгаа.

 

Үнэн бодит мэдээллийг амьдралынхаа өдөр тутмын амин хэрэгцээ болгох шаардлага энэ нийгмийн иргэн бүрийн хувьд зайлшгүй чухал хэрэгцээ мөнөөсөө мөн. Асуух юм байвал асууж байгаарай хүмүүсээ, нэг юмны сураг гаргаж магад шүү энэтэр...

 

Жишээ нь блог ертөнц өөрөө их барьцгүй мэдээллийн эх сурвалж. Хүн бүрт өөрийнх нь эрх чөлөөг хангаад өгчихсөн хувийн нийтлэлийн хуудсыг нь гаргаад өгчихөөр ёстой л над мэтийн нөхдүүд хэдэн хуруугаа чилтэл юм бичихгүй бол санаа нь амардаггүй юм шиг байгаан. Бичихийн зэрэгцээ бусад гаруудын бичсэн зүйлсийг амтархан уншиж, тунгааж шингээж явдаг болчихдог бас хөөрхөн хэрэгцээ хангасан үйлчилгээ юм. Дэлхий дээр хэдэн блог байдаг юм бүү мэд, бүгдийг нь уншиж, бүх бичлэгтэй нь танилцана гэвэл үлдсэн хэд ч юм нас минь хүрэлцэхгүй биз.

Бичсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн зүрх сэтгэлээр бусдын мэдлэгийн санд нэмэр болохуйц, эсвэл адаглаад өөрийнхөө дурсамжийг үгээр илэрхийлж өөртөө туслачихаар зүйлс бичиж байвал хэн хэндээ хэрэгтэй юм болов уу. Хүнийг бичсэн зүйлээр нь дүгнэх зарим тохиолдолд уулзаж танилцснаас илүү үр дүнтэй байх нь бий. Хов хоосон савнаас юм гоожоод байна гэж байхгүй, эсвэл цэв цэвэрхэн савнаас хир тортогтой зүйл ундрах нь юу л бол. Эсвэл ус шиг тунгалаг хирнээ согтоодог хатуу ундаа шиг уншихад таатай, ухаарал өгөөд байгаа мэт боловч цаад уг санаа, илэрхийллийнх нь утга очих цэг нь буруу олон л зүйл давхар харагдана. Хүн гэдэг их хэвшмэл амьтан юм, филтер гэсэн зүйл хүний амьдралын янз бүрийн цаг мөчид янз бүрийн өнцгөөс бүрэлдэн бий болж төрөл бүрийн асуудлыг шүүн тунгааж цааш нэвтрүүлэлгүй өөртөө үлдээгээд байдаг нэгэн зүйл толгойтой бүхэнд байх юм. Гагцхүү хэм хэмжээ нь бүгд өөр.

Сураг дуулахнээ тэр филтер нь хүнийг хэрэгцээгүй мэдээллээс хамгаалдаг ч зарим үед хэрэгтэй зүйлсийг харж чадахааргүй болгож сохолдог гэнэ. Тэгэхээр ер нь зөв филтерийг нь олоод авчихвал бас л хэрэгтэй л эд юм шиг байгаан. Дүрсэлвэл хүнийг нэг хавтгай гэж үзье, хавтгай дээр мэдээлэл орж ирлээ, нөхцөл байдал ч байж болно. Хавтгай хотойно. Хотойсон хавтгайн хаана ч өөр зүйл буухад нөгөө хотойсон хэсэгрүү л бүгд хальтирч шахагддаг юм байх. Зөв филтер бол хавтгай өөрөө хавтгай хэвэндээ байх, тэгш гадаргаараа.

Үүнтэй холбоотой бас нэг стандарт бус сэтгэлгээний тухай нэг азарган ном байна гэнэ, удахгүй уншчихаад бичихийг бодноо. Тэр ном нь манай найзад байгаа сурагтай :-.)