Saturday, February 10, 2007

Бөмбөг бөөрөнхий юу?

Бөмбөг бөөрөнхий юу? Та бөөрөнхий юу? Хэхэ энэ шал утгагүй асуулт юм шиг... Бөмбөг бол мэдээж бөөрөнхий. Харин та ямар вэ? Альваа асуудал гарах үед таны толгой яаж ажилладаг вэ? Газар дээр нь шийдчихье гэдэг үү? Оронд нь за дараа болъё гээд хойшлуулахыг хүсдэг үү? Асуулт таньд ойлгомжтой байв уу? Яанаа баахан асуулт тавьчихав уу? Үгүй ч юм уу?

Дээрх хэсэг таньд эхэндээ ойлгомжтой юм шиг байснаа сүүлдээ ойлгомжтой ч биш, ойлгомжгүй ч биш болоод явчихсан биз дээ. Энэ чинь л нөгөө бөөрөнхий шүүдээ. Би гэртээ өөрийнхөө desktop-г нээг их хайгаад байдаггүй. Учир нь миний ажлын ширээн дээр одоо 2 жил болж байна. Харин түрүү жилийн төрсөн өдрөөр өөртөө авсан мини сагсны бөмбөгөө хайх гэж гэрээ буулгах нь холгүй өнгөрдөг шүү. Амьдрал дээр ч гэсэн бид асуудлыг бөөрөнхийлөөд л яваад байвал хүмүүс биднийг ямар байр суурьтай байгааг мэдэх аргагүй болно. Асуудлыг оновчтой шийдвэрлэх арга бол асуудал үүсгэхгүй байх явдал мөн. Гэтэл бид хүн л болсон хойно үргэлж асуудлын далайд сэлж байдаг билээ. Тэр болгондоо бид ямар нэгэн хэмжээгээр асуудлаа шийдвэрлээд л явах хэрэгтэй болдог. Хүний төрөлх мөн чанараас шалтгаалан хүн ихэвчлэн өөр рүү нь чиглэсэн асуудлын хурч ирмэгийг бөөрөнхийлөхийг боддог. Өөрөө алдаа гаргасан юм байж “Тэр Бат л байгаагүй бол би тэгэхгүй байх байсан юм. Муу Батыг уу...” гэх зэргээр өөрөөсөө зайлуулж асуудлаас мултарахыг хүсдэг. Гэвч тэр нь өнхөрч өнхөрч байгаад биднийгээ эргээд дайраад ирдэг, ирэх ирэхдээ энд тэндэхийн элдэв хог новшийг цуглуулсаар байгаад бүүр том болоод ирэх нь бий. Тэгсээр байгаад оногдохоос өөр аргагүй болдог нь бидэнд байнга тохиолддог.

Тэгвэл бид үлдсэн амьдралдаа том бөмбөгөнд оногдохгүй амьдрах боломж бас бий. Энэ нь “ЖИЖИГ” бөмбөгийг эртхэн бариад ав. Чамайг болон олон хүнийг гэмтээх том бөмбөг болохоос нь өмнө асуудлыг шийдчих. Ингээд л болоо... ТА ЖИНХЭНЭ ХОНШООРТОЙ НЭГЭН...

Монгол стандарт

Зурагтаар ойрд “Монгол стандарт” гэж реклам суваг солих болгонд залхтал цацагдаж байна. Яг юуг сурталчилаад байгааг нь мэдэж байгаа боловч энэ нэр нь их утга учиртай баймаар санагдлаа. Стандарт гэдэг үгийг бид орчуулгагүйгээр хэрэглэсээр байгаад чихэнд нэгэнд дасал болчихсон хэдий ч энэ үгний цаана асар их ухагдахуун нуугдаж байдаг. Ялангуяа Монгол гэдэг үгтэй холбогдох юм бол бүхэл бүтэн Монгол үндэстний ямар нэг зүйлийг тухай ярьж байна гэсэн үг. Тэгвэл энэ үгийг сонсоод таны толгойд юу хамгийн түрүүнд буудаг вэ? Яг үнэнийг хэлэхэд миний тархинд ямар нэгэ дүрс энэ үгийг сонссоны дараа харагдахгүй байна. Гэтэл Герман стандарт гэвэл хажууд нь шал өөр юм бодогдоно. Япон стандарт, Америк стандарт гэдгийн цаана дэлхийн ихэнхи хүний тархинд нийтлэг нэг зүйл бодогдоно. Харамсалтай нь Монгол стандартыг мэдэх хүн ховор ажээ. Бид хүнтэй цаг болзохдоо монгол цагаар биш шүү гэж хэлдэг маань бидний стандарт болчихоод байна, бид эвдэрхий машинийг засахдаа монголчилчихъё гэж хэлдэг маань манай стандарт болчихоод байна, бид нэг нэгэндээ хулхи бараа хужагаас авч ирж зардаг маань бидний нөгөө “Монгол стандарт” болчихоод байгаа юм биш үү? Харин бид иймэрхүү стандарттайгаа хэр хол алхах бол? Хэрэв бид энэ стандартаа хадгалаад явах юм бол “Монгол стандартыг гадныхан ч байтугай бид ч өөрсдөө хэрэглэхээ болих цаг ойрхон байна.

Ийм байдалд хүрэхгүйн тулд “Монгол стандарт” болсон та өөрөө хийж байгаа зүйлдээ хамгийн сайнаа зориул. Яагаад заавал монгол стандарт гэхээрээ хулхи, оромдчихсон, эсвэл дутуу, гологдсон, тийм онцгүй байх ёстой гэж? Бидэнд шинэ стандартыг гаргаж ирэх бүрэн бололцоо байна. Бид Монголчууд маань өөрсдөө “Монгол стандарт” гэдгийг дэлгүүрийн лангуун дээр байдаг тэр нэг архихан төдийгөөр хязгаарлан төсөөлөлгүй, хэний ч өмнө нүүр бардам энэ бол “Монгол стандарт”ын бүтээгдэхүүн, энэ чинь монгол стандартаар хийгдсэн эд байхгүй юу гэж хэлдэг байх ёстой билээ. Бид л одоо өөрчлөхгүй бол хойч үе маань “Монгол стандарт”-аасаа ичиж амьдрах байх шүү. Ингэхийн тулд та яг одооноос эхлэн өөрийн хийж байгаа бүхий л зүйлдээ өндөр шаардлага тавьж сураарай... Энэ бол “МОНГОЛ СТАНДАРТ”.

Хэлэх амархан, Хийх ч амархан

Бид аль бага байхаасаа л олон зүйлсийн талаар ярьж эхэлсэн. Би лав бага байхдаа цагдаа болно, онгоцны нисгэгч болно гэж бодож, цэцэрлэгийн найзууддаа ярьж явлаа. Яахав бага байсан болохоор ч тэр юм уу мэддэг мэргэжлүүд их цөөхөн тэгээд сонгосон сонголт нь ч явцуу байж ээ. Жаахан томроод 10 жилийн 4,5 дугаар ангид орлоо. Тэр үед компьютер гэж нэг их гоё юм энд тэнд харагдаж эхлээд, зарим найзууд ч авч эхлэв. Тэгэхээр нь эгч нар, зарим найзуудтайгаа ярьж байгаад ерөөсөө л програмист болъё гэж шийдчихээд бас хэдэн жил таньдаг мэддэг хүн болгондоо амныхаа зоргоор ярьдаг байлаа. Хаана л шинэ программ софт байна тэрийг сонирхоод, юу ч мэдэхгүй юм байж айхтар юм их л ярьж явлаадаа. Одоо ч гэсэн том том юм их ч бодож санаа нийлдэг хүмүүстэйгээ их том том ярьнаа. Гэхдээ энэ 19 жилийнхээ туршлагаас харахад хүн ихэнхидээ яг ярьдаг шигээ байж чаддаггүй юм байна. Мэдээж яг ярьсандаа байж, ихийг амжуулчихсан өөрөөр хэлбэл хоншоортой хүмүүс байдаг лдаа. Тэд ер нь бол гүйцэтгэл тал дээрээ их сайн ажилладаг, их зүйл ч бага зүйл ч бүгдийг сэтгэлээсээ хийдэг тийм л хүмүүс болохыг та өөрөө анзаарах байх. Жижиг зүйл гээд байгаа маань 10 жилийн чинь даалгавар, орой аяга тавгаа угаадаг чиний бяцхан үүрэг, найздаа өгнө гээд зээлсэн зуухан төгрөг, асуугаагүй байхад нь тослоод тавьчих эгчийн чинь гутал гэх мэт бидний амьдралд өдөр тутам тохиолддог аар саар зүйлсүүд шүү дээ найзуудаа. Бидний ихэнхи нь иймхэн ажлаа хариуцлагатай гүйцэтгэчихэж чаддаггүй хэрнээ асар том компанийг удирдаад аваад явчих юм шиг мөрөөддөг, би ч тэгдэг байсан. Харин амжилт гэдэг зүйлийн цаана үргэлж үнэ цэнэ давхар явдаг гэдгийг ухаарснаас хойш аливаа зүйлсийг жижиг гэлтгүй итгэмжтэй хийхээр бат шийдсэн юм.

Бас нэг бяцхаан зөвлөгөө гэвэл бага ярьж ихийг хийх их амархан шүү. Ихийг бодоод, багыг яриад, ихийг хийе. Ингэж байж нөгөө мөрөөддөг амьдралдаа хурдан хүрнэ гэдэгт чинь миний бие бат итгэлтэй байна... Хөгшин болсон хойноо үр ачдаа “хэлэх амархан, хийх ч амархан” гэж сургамжлаад сууж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Наран манддаг, Наран жаргадаг...

Саяхан гадаа цаг агаар үнэхээр сайхан байсан тул гадуур баахан алхлаа би. Өдөржин хотын төвөөр хүн амьтантай уулзаж бас бус ажил амжуулчихаад эртхэн харья гэж бодоод бас л алхаж явлаа. Тэр өдөр нээг их үүлгүй ер нь их гоё байсан юм. Тэгээд алхаж байгаад харах үед жаргах гэж байгаа шаргал наран миний зүүн урд тодоос тод харагдав. Яг тэр үед надад “Наран манддаг, Наран жаргадаг” гэсэн энэ үг аманд орж ирдэг юм байна. Үргэлжлүүлэн алхаж байхдаа би бага байхдаа таатаг байсан “Өглөө 4 хөлтэй, Өдөр 2 хөлтэй, Орой 3 хөлтэй” гэсэн оньсогыг санаад бодож эхэллээ. Хүний амьдралыг нэгэн өдөртэй зүйрлэвэл шинэ хүн мэндэлж хорвоо дээр нэгэн наран мандан, өсч торнин үд хүрэх замдаа сурч боловсрон амьдралынхаа зорилгыг давхар тодорхойлно. Үд дээр нар хамгийн их илчтэй байдагийн адилаар хүн ч гэсэн 2 хөлтэй байх үеддээ л хамгийн ихийг амжуулж, байдаг бүхий л бололцоогоо дайчлан ажиллах ёстой. Мэдээж 3 хөлтэй болсон ч бид ихийг амжуулж чадна лда гэвч үдээс хойш нар ер нь л доошлох чигтэй байдаг шүү дээ.

Бодоод байсан чинь нар л ганцаараа гэрэлтдэг юм уу гэтэл шөнө бидний нэрлэдгээр сар ч гэсэн манддаг. Шөнийн турш дэлхийг гэрэлтүүлсэн биш, гэрэлтүүлээгүй биш байсаар нар мандахад замхардаг. Энд нэг ийм санаа байна. Мандахын хувьд хоюул мандаж, гэрэлтэхийн хувьд хоюул гэрэлтдэг хэдий ч нарны гэрэл хүмүүс бидэнд их зүйлийг өгдөг. Нар байгаагүй бол бид дэлхий дээр хөлдөж үхэх байлаа, нарны гэрэл байгаагүй бол бидний иддэг хүнсний ногоо, хүрээлэн буй байгал маань үхмэл байх байсан биз. Сарны гэрлээр юу дэвжин дээшилж, шөнө яг юу өрнөдөгийг би сайн мэдэхгүй болохоор бичилгүй орхьё.

Эцэст нь таньд гэж хэлэхэд хэдэн хөлтэй байхдаа юу хийж юуг амжуулах нь таны дур, хэнийг хэрхэн гийгүүлэх нь таны хэрэг гэвч бид ганцхан амьдрана гэдэг гашуун үнэнийг дахин сануулъя. Харамсахааргүй ухаалаг амьдрахад чинь амжилт хүсье.

Tа бол бэлэг

Та бол бэлэг. Үүнийгээ мэддэг эсвэл мэддэггүйгээс тань үл хамааран та бэлэг хэвээрээ л байх болно. Бодоод үзье л дээ. Эхийнхээ хэвлийд бүрэлдэн бий болох цагаасаа л авхуулаад та Бурханы эцэг эхэд чинь өгсөн бэлэг байсаар л ирсэн. Тэдний амьдралд та үнэхээр бэлэг болон ирсэн шүү дээ. Удалгүй томроод хэлд, хөлд орон дахиад л бэлэг барьсан. Анх ааваа, ээжээ гэж хэлэхэд чинь тэд хичнээн их баярласан бол?

Эцэг эх, гэр бүлээс гадна та мөн найз нөхөддөө, цаашлаад оршин байгаа нийгэмдээ ч гэсэн бэлэг нь юм. Таны байгаа байдал, таныг тодорхойлж буй бүхий л зүйлс бусдын хувьд бэлэг, харин сайн нь байх уу аль эсвэл муу бэлэг байх уу гэдэг сонголт цэвэр таниас шалтгаална.

Мэдээж бэлгийг хүн бусдад баяр баясгалан, аз жаргал хайрлахын тулд л халуун дулаан сэтгэлээрээ бэлэглэдэг. Бэлэг авчихаад урвайж байсан хүнийг би лав амьдралдаа үзээгүй. Тэгвэл бэлэг учраас та бусдад аз жаргал, инээд хөөрийг авч ирэх ёстой бус уу? Харин та яг одоо бодоод үзээрэй та үнэхээр сайн бэлэг байж чаддаг уу? Энэ л асуултыг та өөрөөсөө чин сэтгэлээсээ асууж чадах юм бол хэрхэн хамгийн сайн бэлэг байх тэр замаа өөрөө олно гэж би итгэж байна.

Нэг зүйлийг сануулахад бэлэг хэзээ ч үнэ хөлс нэхдэггүй, хэдийгээр өгч байгаа хүнээс асар их үнэ цэнэ гардаг ч авч байгаа хүнээс төлөөс гарах учиргүй. Ийм л учраас бэлэгийг бид БЭЛЭГ гэж нэрлэсэн байх. Та ч мөн тийм байгаарай... Учир нь тэд ч гэсэн таньд өгсөн Бурханы бэлэгүүд шүү дээ...