Tа бол бэлэг
Та бол бэлэг. Үүнийгээ мэддэг эсвэл мэддэггүйгээс тань үл хамааран та бэлэг хэвээрээ л байх болно. Бодоод үзье л дээ. Эхийнхээ хэвлийд бүрэлдэн бий болох цагаасаа л авхуулаад та Бурханы эцэг эхэд чинь өгсөн бэлэг байсаар л ирсэн. Тэдний амьдралд та үнэхээр бэлэг болон ирсэн шүү дээ. Удалгүй томроод хэлд, хөлд орон дахиад л бэлэг барьсан. Анх ааваа, ээжээ гэж хэлэхэд чинь тэд хичнээн их баярласан бол?
Эцэг эх, гэр бүлээс гадна та мөн найз нөхөддөө, цаашлаад оршин байгаа нийгэмдээ ч гэсэн бэлэг нь юм. Таны байгаа байдал, таныг тодорхойлж буй бүхий л зүйлс бусдын хувьд бэлэг, харин сайн нь байх уу аль эсвэл муу бэлэг байх уу гэдэг сонголт цэвэр таниас шалтгаална.
Мэдээж бэлгийг хүн бусдад баяр баясгалан, аз жаргал хайрлахын тулд л халуун дулаан сэтгэлээрээ бэлэглэдэг. Бэлэг авчихаад урвайж байсан хүнийг би лав амьдралдаа үзээгүй. Тэгвэл бэлэг учраас та бусдад аз жаргал, инээд хөөрийг авч ирэх ёстой бус уу? Харин та яг одоо бодоод үзээрэй та үнэхээр сайн бэлэг байж чаддаг уу? Энэ л асуултыг та өөрөөсөө чин сэтгэлээсээ асууж чадах юм бол хэрхэн хамгийн сайн бэлэг байх тэр замаа өөрөө олно гэж би итгэж байна.
Нэг зүйлийг сануулахад бэлэг хэзээ ч үнэ хөлс нэхдэггүй, хэдийгээр өгч байгаа хүнээс асар их үнэ цэнэ гардаг ч авч байгаа хүнээс төлөөс гарах учиргүй. Ийм л учраас бэлэгийг бид БЭЛЭГ гэж нэрлэсэн байх. Та ч мөн тийм байгаарай... Учир нь тэд ч гэсэн таньд өгсөн Бурханы бэлэгүүд шүү дээ...
Comments