Наран манддаг, Наран жаргадаг...

Саяхан гадаа цаг агаар үнэхээр сайхан байсан тул гадуур баахан алхлаа би. Өдөржин хотын төвөөр хүн амьтантай уулзаж бас бус ажил амжуулчихаад эртхэн харья гэж бодоод бас л алхаж явлаа. Тэр өдөр нээг их үүлгүй ер нь их гоё байсан юм. Тэгээд алхаж байгаад харах үед жаргах гэж байгаа шаргал наран миний зүүн урд тодоос тод харагдав. Яг тэр үед надад “Наран манддаг, Наран жаргадаг” гэсэн энэ үг аманд орж ирдэг юм байна. Үргэлжлүүлэн алхаж байхдаа би бага байхдаа таатаг байсан “Өглөө 4 хөлтэй, Өдөр 2 хөлтэй, Орой 3 хөлтэй” гэсэн оньсогыг санаад бодож эхэллээ. Хүний амьдралыг нэгэн өдөртэй зүйрлэвэл шинэ хүн мэндэлж хорвоо дээр нэгэн наран мандан, өсч торнин үд хүрэх замдаа сурч боловсрон амьдралынхаа зорилгыг давхар тодорхойлно. Үд дээр нар хамгийн их илчтэй байдагийн адилаар хүн ч гэсэн 2 хөлтэй байх үеддээ л хамгийн ихийг амжуулж, байдаг бүхий л бололцоогоо дайчлан ажиллах ёстой. Мэдээж 3 хөлтэй болсон ч бид ихийг амжуулж чадна лда гэвч үдээс хойш нар ер нь л доошлох чигтэй байдаг шүү дээ.

Бодоод байсан чинь нар л ганцаараа гэрэлтдэг юм уу гэтэл шөнө бидний нэрлэдгээр сар ч гэсэн манддаг. Шөнийн турш дэлхийг гэрэлтүүлсэн биш, гэрэлтүүлээгүй биш байсаар нар мандахад замхардаг. Энд нэг ийм санаа байна. Мандахын хувьд хоюул мандаж, гэрэлтэхийн хувьд хоюул гэрэлтдэг хэдий ч нарны гэрэл хүмүүс бидэнд их зүйлийг өгдөг. Нар байгаагүй бол бид дэлхий дээр хөлдөж үхэх байлаа, нарны гэрэл байгаагүй бол бидний иддэг хүнсний ногоо, хүрээлэн буй байгал маань үхмэл байх байсан биз. Сарны гэрлээр юу дэвжин дээшилж, шөнө яг юу өрнөдөгийг би сайн мэдэхгүй болохоор бичилгүй орхьё.

Эцэст нь таньд гэж хэлэхэд хэдэн хөлтэй байхдаа юу хийж юуг амжуулах нь таны дур, хэнийг хэрхэн гийгүүлэх нь таны хэрэг гэвч бид ганцхан амьдрана гэдэг гашуун үнэнийг дахин сануулъя. Харамсахааргүй ухаалаг амьдрахад чинь амжилт хүсье.

Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр