Tuesday, November 10, 2009

Төлөө

Монголын үрс маш олон болтугай...

Sunday, September 27, 2009

Friday, July 10, 2009

Өдрийн шигтгээ

You need dream to start, but you need strenght to finish...

Monday, May 25, 2009

Ерөнхийлөгчийн сонгууль 2009

Монгол улс ардчилалынхаа түүхэндээ 5 дахь удаагаа ерөнхийлөгчөө сонгох сонгуулиа зохион байгуулж байгаа. Ард түмэн 90-ээд онд зөв замдаа орлоо гэж маш их найдаж байсан, үнэхээр ч тийм байсан. Гэхдээ миний мэдэх Монгол маань зөв замаар алхаад байгаа гэж би хэзээ ч хэлж чадахгүй. Авилгал хээл хахууль эцэстээ хүрч, ядуурал, ажилгүйдэл гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүд газар авч ард иргэд тартагтаа тулж байна. Нэг үгээр хэлэхэд амьдрахад хэцүү байна. Энэ бүх зүйл өөрчлөгдөх шаардлагатай, өөрчлөгдөх ч болно. Гол нь Энхбаяр гэдэг энэ шар дээлт байгаа цагт бид нар үзэхгүй гэдгийг хаана ч хэлнэ, хэнд ч хэлнэ.
Монгол улсын иргэнийхээ эрхийг эдлэж анх удаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд оролцож үзлээ, саналаа дугуйллаа, долоовор хуруундаа тамгаа дарууллаа. Иргэн би сонголтоо хийсэн, ард түмэн маань бас өөрсдийн сонголтоо хийсэн. Хамгийн чухал зүйл гэвэл Энхбаяр нь байна уу Элбэгдорж нь гарна уу санал тоолог үйл явц шударга явагдах л хэрэгтэй, ёстой. Гэвч найруулсан хор энд тэнд бас байх шиг л байна.
Би дөнгөж сая Ардчилсан намын байранд байж болж буй үйл явдлыг газар дээрээс нь харж байгаад ирлээ. Олон хүнд итгэл найдвар төрж байна. Бас олон хүн сандарч байна. Нэг үеэ бодвол хэвлэл мэдээллийнхэн сайн ажиллаж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ сайн биедүүлцгээж байна. Одоо дүн мэдээг хүлээхээс өөр бид юу ч хийх вэ дээ.

Monday, April 13, 2009

Ийм нэгэн дурлал-Үргэлжлэл

Бодож бодож шинэ жилийн өдөр бэлэг бэлдье гэж шийдээд олигтой бэлэг юу байж болох талаар тунгаан олон ч газраар орж гэнэ. Нэг бол сүртэй их үнэтэй, үгүй бол үнэндээ таарсан онцгүй бэлэгнүүд л олдохоор байв. Хамгийн гол нь урьд нь уулзаж байгаагүй, зан аашийг нь ч сайн таньж чадаагүй, бас таалагдахыг их хүсч байгаа эсрэг хүйсийн хүндээ бэлэглэж бас сэтгэлээ илэрхийлж болохуйц бэлэг бол шоколад юм байна гэсэн бодол, гэтэл бас ямар нь, бас анхны бэлэг болохоор дангаараа байгаад хэрэггүй энэтэр гээд түмэн янзын бодол эргэлдэнэ. Эмэгтэй хүнд шоколад бэлэглэх бол Raffeollo л аваарай гэж хэлж байсан нэг эмэгтэй найзруугаа залгаад асууж гэнэ. Яг таалагдах болов уу? Бас өөр юу өгвөл дээр вэ гээл... Хариулж гэнэ, яг мөөн, хажууд нь нэг зөөлөн тоглоом байвал зүгээр, өөр юм нээх хэрэггүй.
Ядаж байхад яг тэр шинэ жилээр нь зөвхөн нэг л дэлгүүрт тэр шоколадыг нь зарж байгааг мэдээд, дуусчихсан байх вий гэж баахан шаналсан бололтой манай залуу 2 найзыгаа дагуулаад яаран очив. Нөгөө 2 нь ч гэсэн найз охидууддаа бас авахаар хамт иржээ. Яг л гурван ширхэг үлдсэн байсан гэвэл яана. Яг тэр гуравт л зориулсан 3. Бөөн баяр тэндээсээ гараад чихмэл тоглоом хайж хайж нэгийг сонгоод бэлэг гэдэг утгаар нь боолгож энэтэр бэлдээд. Өгөх бэлэг нь бэлэн ч зүрх сэтгэл нь нэг л айдастай байгаад байж гэнэ, хамгаас түрүүнд тэвэрч аваад үнсэхэд бэлэн байгаа хирнээ залгаад би чамд бэлэг авсан юм аа гээд хэлчихэд зориг нь жаахан дутаад цаг нилээн орой болчихов. Үдшийн долоон цаг, залгаж асуугаагүй л байна. Нэг л бэлэг барьсан хүн, хотын гудамжаар нааш цааш баахан алхана. Даарсандаа эмээгийндээ ороод гарахаар шийдэв. Үеэл охид нь бүгд л байж байна гэнэ. Барьчихсан байгаа зүйлийг нь хараад мэдээж хэнд зориулсан болохыг нь мэдэхийг хүсэх нь ойлгомжтой байв. Бас хөөрхөн сэтгэлээрээ зөвлөгөө энэтэр өгөөд байна. Эмээдээ хүртэл нэг охинд бэлэг авсан энэтэр гээд яриад сууж байна гэнэ шүү.
За тэгсэн чинь цайгаа уугаад эмээгийнхээ хийсэн боорцогноос хазаад сууж байсан чинь гэнэт зориг ороод явчихлаа. Ер нь залгадаг хэрэгээ. Залгав, аль хэдий нь үдшийн 8.30 мин, утсаа авдаггүй. Мессеж үлдээлээ, хариу ирдэггүй, одоо яанаа?
Ямар ч байсан Төмөр замд л гэр нь байдаг юмдаг гэж бодоод эмээгийнхээсээ гараад тэр зүг алхаад явж байтал сайн хүн санаагаараа гэгчээр Ундрал найз хаа байсан Хятадаас залгадаг байгаа, энэ 2 багын сайн найзууд гэдгийг мэдэх болохоороо бөөн баяр болоод бушуухан гэрийнх нь дугаарыг асуугаад, утас тасрав уу үгүй юу эргүүлээд дурласан бүсгүйнхээ гэрийн дугаар руу залгав. Нэг эмэгтэй хүн утас авч байна, бодвол ээж нь байх... Зүрх хүчтэй хүчтэй цохилоод байж байтал хэдхэн хоногийн өмнө сонссон нэг л дотно хоолой “Байна уу” гэж хэлэх нь сонстоно.
o Ааан байна, би нөгөө Эрхэмээ байнаа, чамд тээд шинэ жилийн мэнд хүргэе гэж бодоод залгаж байна.
o Аан за, баярлалаа
o Би харин чамруу залгасан чинь утсаа авдаггүй ээ
o Яанаа тийм үү, би харин өрөөндөө орхицон болохоор сонсоогүй юм байна лдаа, уучлаарай
o Өө зүгээр зүгээр, би тээд чамд нэг бэлэг бэлдсэн юм аа. Гэхдээ жаахан оройтчихлоо, яах уу?
o Тийм үү, би гарч чадахгүй байхдаа.
o Зүгээр хальт уулзаал өгчихөж болно шд
o Гэхдээ манай гэрийнхэн гаргахгүй байхаа
o Заза тэгвэл тээд дараа л болцгооё тээ
Гэсэн юм ярилцаад тэр өдрийн төлөвлөгөө бүтэлгүйтэв. Гэхдээ л түүнтэйгээ утсаар ч болов ярьсандаа манай хүн бөөн л баяр, найз Төөгөөтэйгээ он гаргахаар гэрт нь очив. Өдөржин юу хийх гэж оролдсоныг нь угаасаа мэдэж байгаа найз нь гартаа барьсан бэлгийг нь хараад шууд л инээгээд шоолж эхлэв, гэхдээ багын найзуудын хооронд ийм юм байлгүй яахав.

Friday, April 3, 2009

$86400

Эргэж харахад харамсах зүйлгүй амьдрахсан гэсэн хүсэл хүн бүрийн дотор байдаг болов уу?

Эсвэл би л ганцаараа хэнээтэй юм шиг эргэж харах марах тухай санаад яваад байдаг юм уу?

Хэрэв таньд хэн нэгэн өдөр бүр $86400 өгөөд, чи харин түүнийг нь тэр өдөртөө заавал үрж дуусгах ёстой болвол та яах вэ? Өглөө бүр халаасанд чинь энэ хэмжээний мөнгө, гэвч өдөр дуусахад та үрсэн байх шаардлагатай. Би лав энэ их мөнгийг үрж чадахгүй гэдгээ мэдэж байна. Ер нь овоо үрэлгэн гар ч амжихгүй байх. Үнэхээр ийм зүйл таньд тохиолдвол та юу хийх вэ? Яг үнэндээ хэн бүхэнд яг л ийм зүйл өдөр болгон өгөгддөг гэдгийг нэг найзаасаа сонсоод нэгэн зүйлийг бодлоо. Үнэхээр ч цаг хугацааг алтнаас ч илүү үнэлдэг бид өдөрт 24 цаг, цагт 60 минут, минутад 60 секундийг цоо шинээр бэлэг болгон хүлээн авдаг шүү дээ. Энэ их баялагаа би юунд зарцуулж, юуны төлөө явж байгаа вэ гэдэг минь чухал асуулт. 

Хүний амьдрал нэг бодлын богинохон, харамсалтай мэт боловч нөгөө талаараа хангалттай урт, хэрэгтэй зүйлс хийхэд хэтэрхий хангалттай юм шиг. Амьдрал гэдэг ойлголт өөрөө дэндүү өргөн, дэндүү гүн, дэндүү адармаатай асуудал. Өдөр тутмын хийдэг зүйлс, уулздаг найзууд, иддэг хоол, хийдэг ажил гээд л хүнийг тодорхойлох олон зүйл байдаг ч хамгийн чухал нь хүн өөрөө хэн бэ? Мөн хаанаас ирээд хаашаа явах зуураа дэлхий хэмээх цэнхэр гараг дээр мэндлэн хэдэн жилийг өнгөрөөж байгаа вэ гэдэг нь юм. Юм сайн муу талтай, амжилтын цаана  алдаа оноо. Амьдралын цаана эрээн бараан зүйлс. Нийгэм гэж бидний нэрлээд байгаа хамтын амьдралын хувьд хүн бүр өөрийн үүрэг хариуцлага хүлээдэг ч тэр бүр хийгээд байгаа зүйлс нь хангалттай сайн байдаггүй юм байна. Үзэж харсан, туулж өнгөрөөсөн зүйлс хүртэл өөр өөрийн онцлогтой. Онцлог бүр өөр өөрийн бас онцлогтой. Тэр онцлогууд нь бас онцлогтой. Дэлхий дээрх хувь хүн бүр дахин давтагдашгүй онцлогтой, үнэ цэнэтэй, зорилго төлөвлөгөөтэйгээр бүтээгдсэн гэдэг итгэл миний дотор их хүчтэй байдаг юм. Дэлхий юутай арвиныг сая л ухаарлаа, дэргэд нь би юутай өчүүхэн болохыг сая л мэдэрлээ, Захад нь төрөөд захад нь өтөллөө гэж Чойном гуай өгүүлсэн байдаг, ямар агуу үнэн бэ?

Хүн хэдий өчүүхэн ч хүн гэсэн ойлголт чамлахааргүй том, чамлахааргүй өргөн. Өөрийгөө таньж чадвал түүнтэй зэрэгцэх ялалт цөөхөн биз. Өдий хүртэл олон зүйл үзлээ, бас олон ч зүйлийг ирээдүйд хүлээж байна.

Хүмүүсийн амьдрахдаа хийдэг нийтлэг зүйлсийг ерөнхийд нь бодож үзлээ. Хорвоод мэндлээд хэсэг зуур энэ дэлхийд авч ирсэн хүмүүсийнхээ халамжинд хөлд, хэлд орж, номд нэвтэрдэг юм байна. Тэр зуураа өөртэйгээ адил хэсэг нөхдийг олж аваад найзууд хэмээн нэрлэгдэж тус тусдаа эсвэл хамтдаа хөлөө олох гэж хэсэг зуур эрээнтэй бараантай энэ хорвоогийн асуудлуудтай зууралдацгаана. Ганцаар туулахгүйг ойлгох үедээ хайр гэдэг зүйлийг эрэлхийлж олох аваас инээд алдана. Магадгүй дараа нь муухай царайлах тохиолдолч бий. Тэгээгүй нь юутай азтай.

Хамтын амьдрал гэж үлдсэн амьдралаа цуг өнгөрөөхийн тулд чамгүй золиос чамгүй зориулалт гаргана. Энэ бүхний эцэст өөрийн удам угсааг залгуулах үр хүүхдийг төрүүлж, тэд ч өөрсдийн амьдралын замналаар өдөр хоногийг өнгөрөөсөөр бор өдрүүдийн аль нэгэнд мөнх бусыг үзүүлнэ. Ийм л зарчим зогсолтгүй хэдэн мянган жил хэрэгжээд ирсэн дэлхий юутай агуу вэ. Ийм агуу ертөнцөд хүн болж мэндэлчихээд ховорхон олддог боломжоо үр бүтээлгүй зарцуулаад, ирсэн зорилгоо умартаат яваад байхгүй юмсан гэсэн бодол их төрөх юм. Хэзээ нэгэн цагт явах цаг минь ирнэ, тэр хэзээ нэгэн цаг нь хэзээ ч байж болно. Өглөө, орой, үдэш, амьд явах минь баталгаатай хором бидэнд үгүй

She (Nothing hill) Elvis Costelo

she may be the face i can't forget
the trace of pleasure or regret
may be my treasure or the price
i have to pay
she may be the mirror of my dream
a smile reflected in a stream
she may not be what she may seem
inside her shel

she who always seems so happy in a crowd
whose eyes can be so private and so proud
no one's allowed to see them when they cry
she may be the love that cannot hope to last
may come to me from shadows of the past 
that i'll remember till the day i die

she may be the reason i survive
the why and wherefore i'm alive
the one i'll care for through the rough and ready years
me i'll take her laughter and her tears
and make them all my souvenirs
for where she goes i've got to be
the meaning of my life is she, she

Sunday, March 29, 2009

Camerton Retro II remix

Мөнхийн Ус-Камертон

Гэрлэж амжаагүй явна

Дэлхий ээж

Дайчид аяны дуу

Сэтгэлийн үг

Ээжийн бүүвэйтэй хорвоо

Сувдан шигтгээ

Нарт тэнгэрийн дор

Ээжийн тухай дуу

Хунгийн дуу

Энэ нээг их байгаад байдаггүй цомог санагддаг юм. Их давгүй дуунуудтай, ялангуяа Мөнхийн ус гэсэн тэр дууг нь анх сонссоноосоо хойш одоог хүртэл ахин дахин хэдэн удаа ч сонссон юм бүү мэт, гэхдээ л үнэхээр дуртай хэвээрээ л байна. Үүнээс хойш Монгол хамтлаг дуучдын дуу, цомгуудыг татах байдлаар тавьж хүмүүст өөрийн цуглуулгаас хүргэе гэж бодлоо. Enjoy it :-.)

Ийм нэгэн дурлал

Эртээ урьдын цагт Эрхэмбаяр гэж нэгэн залуу амьдран суудаг байж гэнээ. Нэгэн өдөр тэр залуу сурдаг сургуулийнхаа 2 давхарт зүв зүгээр л шүгэл үлээгээд алхаж байтал нүдэнд нь “Тэнгэрийн Дагина”-аас ч үзэсгэлэнтэй нэгэн охин үзэгдэж гэнэ, залуу “Хэрэв энэ үзэсгэлэнт бүсгүй миний хайрыг авах зохист нэгэн мөн бол Бурхан уг нь ямар нэгэн шинж тэмдэг үзүүлэх ёстой доо” гэж бодтол аль хэдийнээ цаг хугацаа зогсож, нүдэнд нь зөвхөн тэр л үзэсгэлэнт дүр харагдаад, өөр юуны ч тухай бодож сэтгэж, төсөөлж чадахааргүй болж манай залуу дотроо “She’s the ONE” гэж хэлжээ.

Тэр өдрөөс хойш хамаг зүрх сэтгэл нь нөгөө үзэсгэлэнт тэнгэрийн гүнж дээр байгаад, бүр өөр юу ч хийж чадахгүй байгаад байхаар нь ер нь танилцъя гэж шийдээд дугаарыг нь олтлоо сахалаа хусахгүй гэж өөртөө тангараг тавьж гэнэ. Удалгүй сахлаа хусах болзолоо хангаж бодож бодож нэг ийм мессеж бичиж “Завтай байна уу?”, хэрэв үзэсгэлэнт гүнж нь завгүй байвал бас садаа болох вий гэж эмээж, завтай байвал хэрэг зоригоо хэлий гэж зориглож. Төд удалгүй “Гадуур явж байна, яасан” гэсэн утгатай хариу ирэнгүүт манай залуугийн зүрх нь чангарч хэрэг зориг, хэт нутаг, хэн гэдгээ хэлээд тавив гэнэ. Он удаан жилийнхаа амьдралд анх удаагаа бүсгүй хүнтэй ийм чухал зорилгын төлөө танилцаж байгаа нь энэ юм хөөрхий.

Нэг сургуульд сурдаг нь түүний аз болж, шинэ жилийн баяраар харах завшаан тохиож, үдэшлэгтээ ирэх мөчийг нь хүлээн зогсохдоо дахин нэг удаа түүний амьдралд цаг хугацаа зогсоно гэдгийг төсөөлөөч үгүй биз. Гоо үзэсгэлэн, төгс төгөлдрийн бэлгэдэл болсон өнөөх гүнж бараа бологсдын хамт морилон ирэх мөч түүний хувьд ямар их сэтгэл догдлуулам байсныг үгээр илэрхийлэхийн аргагүй, түүний өмссөн богино даашинз, тэр сандаль, тэр үсний засалт.

Хамгийн гол нь манай хүн уг нь очиж уулзах төлөвлөгөөтэй байсан ч гүнжийнхээ тэр өдрийн гоо үзэсгэлэн, оршихуйгаас нь эмээж хэрэгжүүлж чадсангүй. Он солигдох мөч хэдхэн хоногийн дараа, юу хийх вэ гэж шанална.

Wednesday, March 18, 2009

Найз нартаа бичсэн захидал

Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа

Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй

Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч
Нам гүмхэн буланд нарлах цаг минь үлдлээ

Саваагүй нь үнэн гэлээ ч шүлэгч хүний сэтгэл
Салхины чиг заадаг дунд сургуулийн багаж шиг
Өглөө заасан чигээ орой солих учиргүй ч
Өсөх өтлөх хуульд хэмжээ гэж байдаг байна

Хүний мөс гэж би хүнд сайныг боддог сон
Хүмүүсийг гэсээр яваад өөрөө хохирох ёсон байна
Хүртсэн энэ бие олдсон авьяас хоёртоо
Хүнийрхүү явах юм бол амьдрсаны хэрэг юу вэ ?

Амьдрал гэж би залуу цагийн мөрөөсөл
Алдаа оноо алагласан алсын харгуй зам
Амраг бүсгүйн хүзүүн дээрх цус хурсан толбо
Архин дээр унших шүлэг найз нар гэж боддог сон

Эдэлсэн хураасан юмгүй алдрын титэм өмсөх
Эхнэрээ хоолгүй орхиод архидаж завхарч явах
Эрх чөлөөний тухай ам мэдэн дэмийрэх
Энэ бүхэндээн би өөрөөсөө ч хайртай явлаа

Ингэж явлаа гээд гийсэн нь аль вэ ? гэж
Ихэнх хүмүүс асуудагсан ( тэд ч бас тэнэг байж )
Эрэггүй урссан гол шиг хавийн газрыг чийглэж
Элсэн биедээ хүртэл цэцэг ургуулж явсан юм.

Залуу цагийн нөхөдтэй салхи залгиж явсных
Замбуутивийг ойлгож хүмүүсийн ёсыг таньжээ
Зүрхний тольтон дээр минь тонгочиж өсөх шүлгийн
Зүүд зөнд багтамгүй онгод цадигийг олжээ.

Саванд буцалсан юмны гарах нүхийг бөглөвөөс
Санаандгүй нэг газраараа тэсэрч урагдах ёс бий
Сагсуу залуу насандаа дэндүү задгай явсных
Сайн бүхнийг ч оллоо муу нэрийг ч хүртлээ

Одоо яахав надад эрлийн биш бүтээлийн цаг
Олохын төлөө бус олсон оо эдлэхийн төлөө үе
Овон товонтой замаар үсээ цайтал тэнэж
Орчлонд гайхуулах юм шүлгийн төдий үлдэж…

Эсэн бусын дэвэргэл зугаа наадам хэрүүл
Энд тэндхийн үдэшлэг гашуудал талархал дурлал
Элбэг сэтгэл гаргах туслах услах цуслах
Энэ бүхэн баяртай үймж дарвиж ханалаа

Шидийг олох эрдэм хутгийг олох увидасыг ч
Шимтэж сурах сан гэж нойргүй хонохын гарз
Шинээр бичих шүлэгт л нэгэн шад нэмэхгүй юм бол
Шинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна.

Хэн нэгнийг гийгүүлэхгүй юм бол ялихгүй туслаад ч яахав
Хэрэв өөрөө хохирох юм бол гийгүүлж туслах ч яамай
Амьтанд балаггүй л явбал агуу тус минь тэр
Аминдаа арчтай байвал алдар гавьяа минь тэр.

Хүнд хүн хэрэгтэй гээд хүртсэн бүхэнтэй наалдсанаас
Хүндлэх ёстой нөхөр тоотойхон байвал дээр
Хэтэрхий задгай нөхөр юу уруу ч түлхэж магадгүй
Хэт нь тэгээд хүнд зүсэм талх л үнэнч байна.

Сайхан хүүхэн ч гэсэндээ цаанаа ямар хүн бэ
Сар шиг гялгар мөртлөө хүйтэн цэвдэг бол яана
Сав болоод хэмжээ нь бусдын л адил болохоор
Саруул гэгээн дүр нь шүлэгт л хэрэгтэй юм шив.

Шүлэг бие хоёрыг минь хумсын төдий хүндэлдэг бол
Шүдтэй шүдгүй хамаагүй хар цагаан ялгаагүй
Нойрт жаахан сэргэг амьдралд жаахан үнэнч бол
Номтой номгүй яамай бие нь л бүтэн бол

Эцсийн эцэст тэгээд өөрөө өөртөө нөхөр
Эрслээд ирэх аюулд өөрөө өөртөө үнэнч
Энэнээс бусад нь цөм хуурамч байдгийг ухаарлаа
Эрх чөлөө гэдэг хүнд биш өөрт байна

Аргиж наргиж явсан урьдын нөхөр чинь хувирч
Адайр зожиг өвгөн улсын дунд замхарнаа
Алтан сайхан өдрүүдэд миний ямар явсныг
Алаг хонгор зүрхэндээ найз нар минь хадгалаарай

Харин ганцхан юм үүрд хэвээрээ үлдэнэ
Харанхуй шөнөөр очсон ч үүдээ яаран тайлж
Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих
Халх шүлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна.

Урьдын адил би шүлгэндээн үнэнч явна
Унан босон ханилсаных шүлэгтэйгээн үхнэ
Уруулын тухай сархадын тухай хүний тухай бичнэ
Улсын тухай засгийн тухай харин бичихгүй

Найрагч явна гэдэг бусдын харахад сайхан ч
Нас биед цөвтэй хатуу хөдөлмөр юм байна
Хорин хэдэн насныхаа чөмгийг дундартал суусан
Хоолгүй өдөр нойргүй шөнөөрөө хорвоод би бахархана.

Буруу ч бай зөв ч бай өврийн хулгар дэвтэр дээрхи
Бусад хэний ч бичээгүй өөрийн шүлгээрээ баярхана
Алдсан ч бай оносон ч бай шүлгийн минь зовлонг хуваалцаж
Архидаж наргиж явсан нөхдөөрөө би омгорхоно.

Насан бага л цагаас миний чиний гэлгүй
Найраг хэмээх ээжийн нэгэн сүүгээр амласан
Биеийн биш сэтгэлийн ахан дүүс минь
Бишгүй их наргилаа жинхэнэ шүлгээн бичье!

Р. Чойном

Monday, February 16, 2009

Симба мимба, Бугсана мугсана, Ууртай мууртай

Амьдрал үзээгүй жаахан байна гэж надад аймар амьдрал үзчихсэн ах эгч нар минь их хэлэхийн. Уг нь амьдралын тухай яриаг минь овоо сонсдог байсан юмсан. Ер нь багаасаа бухын баалтаар баагаад нээрээ л хэрэгггүй юм байна. Хэн их ярьж байна, тэр хүн хамгийн хүчгүй нь гэж хүмүүс ярилцах юм. Магадгүй үнэн үг байх. Хайр дурлалд хэн их хойшоо гэдийнэ тэр нь ялдаг гэж бас нэг үгийг нэг найз байн байн л хэлэхийн. Хүн ер нь нууцлаг байхдаа хамгийн зэвүүн гэдэгтэй бүгд санаа нийлнэ. Гэхдээ миний хувьд мангар энгийн байх хамгийн гоё гэж боддог юм.

Тэгсэн чинь “Бүгдийн найз бол хэний ч найз биш” гэсэн үг хааяа чихэнд сонстоод байх болж.

Найзгүй бол хол явж чадахаарүй над шиг хүмүүсийн хувьд их хүлээж авахад эвгүй үг.

Гэхдээ инээсэн бүхэн найз биш, уурласан бүхэн дайсан биш гэдгээ бас мэднээ. Би өөрийгөө их инээж явдаг хүн гэж боддог юм (худлаа чухал царай гаргаагүй үедээ). Тэгсэн чинь намайг их зантай, ууртай, юу юу гэнэ вэ бүр их бодоогүй бодоогүй өнцгөөс гарууд хардаг болохыг саяхнаас мэдрэв. Би байнга хэлдэг байхгүй юу “Би нэг уурлахаараа аймар, гэхдээ одоог хүртэл уурлаж үзээгүй байна” гэж. Жижигхэн зүйл дээр бухимдах нь элбэг л дээ. Гэхдээ би тэгэж хүнд сонин хачин үг хэлж сэтгэлийг нь сэвтүүлээд байх улс төрийн ямар ч сонирхолгүй хүн. За тэгээд цааш нь дуулаад байх нь ээ нэг ийм юм байна. Хэрэв хүн би энэ хүнд хэрэгтэй гэдгээ мэдрэх юм бол ямар ч ааш гаргаж болдог гэнэ түүндээ. Угаасаа тэгдэг ч гэж байна. Бусдад хэрэгтэй гэдгээ мэдэрч амьдрах гэдэг сайхан хэрэг, тэрийгээ буруугаар ашиглах нь харин өөр хэрэг. Хүн чамайг найзаа, миний хайраа, ахаа, эгчээ гээд ирж байхад энэ мууг яасан ч яахав гэж хандаж болохгүй л байлтай. Монголчуудын нийтлэг нэг алдаа бол ойрын хүмүүсээ өвтгөхөө нэг их юманд боддогүй зан. Бусад гэдэг ухагдахуун майр чухал, бараг өөрсдөө хоосон хонож байж ирсэн гийчинг сайхан дайлдаг л гарууд шд уг нь бид нар. Нэг бодлын гоё зан ч гэлээ харилцаан дээр ийм зүйл байж болохгүй. Гэрийнхэнтэйгээ уурлаад л , орилоод л, тэнэг мангараар нь дуудах шахуу байдаг хирнээ гадны гаруудтай инээмсэглээд л чухам сайхан зантай, найз нөхдүүд хүртэл бусад гаруудыг оролдохгүй хирнээ ганц муу найзыгаа л хамгийн адгийн үгээр шоолно. Бие биенийхээ үнэ цэнийг хараахан ойлгож чадаагүй хүмүүс л иймэрхүү авир гаргаж байх шиг санагдана.

Яг үнэндээ чи ч, би ч мөхөс, төгс биш, болж ч чадахгүй. Энэ бидний мөн чанар. Маргааш үхээд өгч мэдэх энэ хорвоо дээр хэр удаан амьдрана гэж хайртай хүмүүсээ гомдоох гэсэн юм бэ бид?

Удаан амьдарлаа ч тэр нь гомдоож болно гэсэн баталгаа биш. Хүн бүрт заяасан нэг жижигхэн боловч асар хүчтэй эрхтэнгээр ихэнхи зүйл дамжаад байх юм. Болдоггүй болдоггүй үг үүгээр л гардаг, уяран хайлуулах хайрын үгс ч үүнээс л эхтэй. Нэг эхээс 2 өөр зүйл ундрана гэж байх ёсгүй зүйл, хэрэв 2 зүйл харагдаж байгаа бол аль нэг нь яахын аргагүй худал. Гагцхүү аль нь вэ гэж.  Хүүхэд байхдаа нэг хэсэг хараал хэлж үзсэн юмдаг. Болох болохгүй үг чинь миний амнаас зүгээр л ургадаг байлаа. Бурхан дэлхийг үгээрээ бүтээсэн гэдэгт би итгэдэг, үгэнд хүч бий, үгэнд учир бий. Бодолтой ярих хэрэгтэй гэдгийг саяхан дахиж саналаа. Үгээр хүнийг үхүүлж бас амилуулж болно.

Гэтэл бас муусайн гарууд ярианы урлаг гэсэн зүйл ярьж эхлээд овоо удчихлаа. Ярихын тулд ярих зүйлтэй байх хэрэгтэйсэн. Хоосон толгойтой байгаа хүүхдүүдийг ярьж сурах хэрэгтэй хэмээн тархийг нь угааж утгагүй болгоод байх хэрэг тэрэнд юу байна аа. 2-рт хэл гэсэн зүйлээр олон гарууд бизнес, улс төр хүртэл хийгээд байхаар нь инээд уур зэрэг хүрэх шиг. Хэлтэй бол хөлтэй, хөлтэй бол алхана алхаал хол явна. Тэгсэн чинь бас хаашаа алхах вэ энэтэр гээд дараагийн асуудлууд хүлээгээд энэ амьдралыг ер нь ойлгож дуусна, ярьж дуусна гэж угаасаа худлаа юм.

Ууртай мууртай эхлээд хазайчихлаа энэтэр...

Wednesday, February 11, 2009

Сураг

Нэг мэдэхэд харих цаг болчихсон байх вий гэж их боддог болчих юм. Уг нь дөнгөж л 80-ын талын талыг наслаж байгаа юмсан. Би ер нь багаасаа л их гадуур явдаг, хүмүүсийн хэлдгээр их тэнэдэг хүүхэд байсан. Гэхдээ би тэр бүх үйл явцыг тэнэлт гэж хэлэхгүй харин ч насны багад олон хүнтэй танилцаж, олон зүйлсийн талаар алтан чихтэй болж явсан их хэрэгтэй цаг хугацаа байсан гэж дүгнэдэг. Гэтэл залуус одоог хүртэл олигтойхон найз нөхөд байхгүй, хүнтэй юм ярилцчих чадваргүй, хэн хаана юу хийдэг талаар мэдээлэлгүй байх юм. Дээхэн үед байсан “Танилтай бол талын чинээ” гэсэн үг одоо хамгийн үнэн үг болчихоод байгааг анзаараагүй хүн цөөхөн байх. Мэдлэг гэдэг зүйл ерөнхийдөө их харьцангуй ойлголт болчихсон энэ үед мэдээлэл хамгийн хүчтэй зэвсэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Харин хаанаас тэр хүч өгөх мэдээлэл ирж байна гэдгийг ухах юм бол найз нөхөд, гэр бүл зэрэг танилын хүрээллээс өөр нүхэн гарц харагдахгүй байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл маш явцуу байгаа өнөө үед ТВ хараад цагаа үрж байх сонирхол надад лав байхгүй. Тархи угаах гэж ололдож буй зарим нэвтрүүлгүүдийг харахад үнэхээр өрөвдөлтэй хүүхдийн тоглоомоор тоглосон, өөрөө үсээ хөөсөртөл нь шанпуньдуулсан гаруудын арчаагүй оролдлого илт үнэртэж хүүхэд нохойн доог болох шахах юм.

Мэдээлэл тархах зарчим амнаас ам дамждаг байсан нүүдэлчин сэтгэлгээ маань өнөө үеийг хүртэл үнэт өв болон хадгалагдан үлдсэн нь үнэхээр хачирхалтай. Бензин, түлшний үнэ нэмэгдсэн сургаар өглөө босоод ирсэн чинь талх хэд болчихсон байв аа. Саяхан хүртэл доллар 1500 хүрсэн нь хэдэн ченж гэж өөрсдийгөө нэрлээд байгаа жижиг гаруудын сайн болсон найруулга байв. Одоо бүр 1600тай байх шиг байна. Маргааш нь дэлгүүрээс үргэлж зажилдаг Double mint-ээ авах гээд ортол байдаггүй, учрыг нь ухахад маргааш үнээ нэмж зарна гээд өнөөдөр нь нийлүүлэлт хийгээгүй гэв. Бүр цааш нь яриултал ер нь бүх барааны үнэ 20%-иар нэмэгдэх сураг өдөржин дэлдсэн талаар, хямрах энэтэр гээд бүүүүр айлгасан мэдээ болоод явчихав. Сандарсан ах бараг бүх найзуудруугаа утас тогшоод дайны бэлтгэл хангагтун гэдэг даалгавар өгөөд өөрөө өвлийн идэшнээс бусдыг нь цуглуулчих шахав. Хот нойрсож, хот сэрэв. Гадаа бөмбөг дэлбэрсэн шинж алгаа, цонхоор хагадсан эхний хүмүүс лав талх тариагаа барьчихсан гэрийн зүг алхацгааж байв, нээг их уурласан ундууцсан царай ажиглагдсангүй. Хуурамч түгшүүр байжээ.

Энэ ам дамжсан мэдээлэл үнэхээр хүчтэй юмаа гэж. Монгол улсын тухай ерөнхий тоо мэдээлэл яг баттай ноттой зүйл ер нь харагдахгүй юм. Гэтэл ам дамжсан мэдээлэл хэд хэдэн хувилбар байна гэнэ. Монгол улсын хүн амын тоо адаглаад хэд юм бэ? Мэдэж байгаа хүн байна уу? Надад хэлээд өгвөл маш их талархана. Мэдэхгүй ээ.

Тэр байтугай НАЧИН-ы найраа яг хэд байгаа бол гэж би асуувал та нар өөр өөр үнэ л хэлэх байх. Зарим нь 100 сая, 30 сая, 50,70 гээд л өөр өөр л ам дамжсан мэдээлэл.

 

Миний ярих гээд байгаа санаа бол бид бүгд Монгол ард түмэн, Монгол хэмээх 6 үсгээр өөрсдийгөө чимж амьдардаг хүмүүсийн хувьд адаглаад бодьтой мэдээлэл мэдэж, ашиглаж амьдарцгаая л даа. А тэгээд мэдээлэл гэдэг зүйл нууцын зэрэглэлгүй л бол хүн болгонд адил тэгш, хүртээмжтэй байх ёстой.

Одоо харин эх оронд минь хэрэгжээд байгаа хууль бол хэн мөнгөтэй, хэн эрх ямбатай, хэн олон танилтай, хэн мэдэлтэй нь мэдээлэлтэй байх юм.

7 сарын нэгэнд хэдэн хүн баривчлагдсан юм бүү мэд, хэдэн ардын хүү тэр хар өдөр өөрсдийн алтан амиа муусайн новшнуудын гарт алдсаныг бүү мэд. 5 хүн гэж би сонссон, гэхдээ таксины жолоочоос. Гэтэл 4 гэж бас нэг найз хэлэх юм. 1 хүний амийг тоолдоггүй юм болов уу бүү мэд.

Алтны орд хаана хаана байна, хэн хэн түүнийг сонирхоод байна? Бүү мэд. Энхбаяр жилийн хэдэн төгрөгний орлоготой юм бүү мэд. Ямар ч байсан 500 сая төгрөг хахууль болгож өгий гэсэн хүнийг хөөгөөд гаргаж байхыг бодоход овоо бэнчинтэй л гар байх. Аман мэдээллээр Монголын бүх рашаан, сувилалын газруудыг Ноён Намбар эзэмшдэг гэнэ, энэ нэг газар сонссон нэр юм шиг санагдаад байгаа юм даа. Гэхдээ хаана?

Саяхан нэг тендерийн тухай мэдээлэл тэнээд явж байхдаа сонслоо. Батлагдсан мөнгөний 10%-ыг нь өгвөл тендер минийх юм байх. Мэдээж тэр нь нэг хүнийх болсон л байх.

Дэлхийн хамгийн том хайлт, нэрийг нь сонсоогүй хүн бараг үлдээгүй нэгэн том мэдээллийн акул байна тэгсэн чинь. Нэрийг нь ГҮҮГЛ гэдэг юм гэнэ. Хайлтын хэдэн хувь нь эднийхээр дамждагийг та хайгаад л олчихно. Тэдэнд мэдээлэл байгаад байна, бидэнд хэрэгцээ нь байгаад байна. Нийлүүлэлт хийж байгаа гарууд хэрэгтэй мэдээллийг минь нуучихвал яах уу? Үгүй гэх газаргүй.

 

Нэгэн залуу найзтайгаа гудамжаар зугаалж явахдаа Пушкин эхнэртэйгээ явж байхыг харж л дээ. Дараа нь Пушкиний тухай яриа өрнөх үед нөгөө 2 чинь “Бид 2 харсан, авгайгаа дагуулаад гудамжаар алхаж байна лээ” гэж гэнэ. Тэдний дунд байсан нэг найз нь гэртээ хариад “Пушкин өнөөдөр эхнэртэйгээ гудамжинд алхаж байснаа манай 2 найзыг хараад гэнэт яваад өгч гэнээ” гэж эхнэртээ хэлж, эхнэр маргааш цааш нь ажлынхандаа “Пушкин хог чинь их дээрэлхүү хүн гэнэ, эхнэртэйгээ явж байхдаа хүмүүсийн хажууд чирээд явцан гэж байна, манай нөхөр бүр нүдээрээ харж... Энэ мэтээр 15 дахь хүний яриа ийм байна гэнэ “Пушкин нэг өдөр эхнэртэйгээ алхаж байсан чинь эхнэрийнх нь гэдэс өвдөөд, тэр 2 бүүр сандраад эмнэлэг явсан гэнэ, 25 дахь яриа нь Пушкиний эхнэр гудамжинд төрөхөө шахаад эмнэлэг дуудаад явсан гэнэ, 35, 45 гэсээр 100 хүний дараа нөгөө эхлэсэн яриа чинь “ Лермонтов модон дээр гараад Муусайн хужаанууд зайлцгаа гэж орилсон гэнэ” болчихсон явж байна гэнэ.

 

Иймэрхүү янзаар хүний амнаас ам дамжин явахдаа мэдээлэл хэд дахин өөрчлөгдөх магадлал өндөр. Жишээ нь гэхэд л миний бичсэн энэ онигоо анх 2 жилийн өмнө сонсож байсан хувилбараа санахгүй байгаагийн улмаас жаахан гажуудчихсан л явж байгаа.

 

Үнэн бодит мэдээллийг амьдралынхаа өдөр тутмын амин хэрэгцээ болгох шаардлага энэ нийгмийн иргэн бүрийн хувьд зайлшгүй чухал хэрэгцээ мөнөөсөө мөн. Асуух юм байвал асууж байгаарай хүмүүсээ, нэг юмны сураг гаргаж магад шүү энэтэр...

 

Жишээ нь блог ертөнц өөрөө их барьцгүй мэдээллийн эх сурвалж. Хүн бүрт өөрийнх нь эрх чөлөөг хангаад өгчихсөн хувийн нийтлэлийн хуудсыг нь гаргаад өгчихөөр ёстой л над мэтийн нөхдүүд хэдэн хуруугаа чилтэл юм бичихгүй бол санаа нь амардаггүй юм шиг байгаан. Бичихийн зэрэгцээ бусад гаруудын бичсэн зүйлсийг амтархан уншиж, тунгааж шингээж явдаг болчихдог бас хөөрхөн хэрэгцээ хангасан үйлчилгээ юм. Дэлхий дээр хэдэн блог байдаг юм бүү мэд, бүгдийг нь уншиж, бүх бичлэгтэй нь танилцана гэвэл үлдсэн хэд ч юм нас минь хүрэлцэхгүй биз.

Бичсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн зүрх сэтгэлээр бусдын мэдлэгийн санд нэмэр болохуйц, эсвэл адаглаад өөрийнхөө дурсамжийг үгээр илэрхийлж өөртөө туслачихаар зүйлс бичиж байвал хэн хэндээ хэрэгтэй юм болов уу. Хүнийг бичсэн зүйлээр нь дүгнэх зарим тохиолдолд уулзаж танилцснаас илүү үр дүнтэй байх нь бий. Хов хоосон савнаас юм гоожоод байна гэж байхгүй, эсвэл цэв цэвэрхэн савнаас хир тортогтой зүйл ундрах нь юу л бол. Эсвэл ус шиг тунгалаг хирнээ согтоодог хатуу ундаа шиг уншихад таатай, ухаарал өгөөд байгаа мэт боловч цаад уг санаа, илэрхийллийнх нь утга очих цэг нь буруу олон л зүйл давхар харагдана. Хүн гэдэг их хэвшмэл амьтан юм, филтер гэсэн зүйл хүний амьдралын янз бүрийн цаг мөчид янз бүрийн өнцгөөс бүрэлдэн бий болж төрөл бүрийн асуудлыг шүүн тунгааж цааш нэвтрүүлэлгүй өөртөө үлдээгээд байдаг нэгэн зүйл толгойтой бүхэнд байх юм. Гагцхүү хэм хэмжээ нь бүгд өөр.

Сураг дуулахнээ тэр филтер нь хүнийг хэрэгцээгүй мэдээллээс хамгаалдаг ч зарим үед хэрэгтэй зүйлсийг харж чадахааргүй болгож сохолдог гэнэ. Тэгэхээр ер нь зөв филтерийг нь олоод авчихвал бас л хэрэгтэй л эд юм шиг байгаан. Дүрсэлвэл хүнийг нэг хавтгай гэж үзье, хавтгай дээр мэдээлэл орж ирлээ, нөхцөл байдал ч байж болно. Хавтгай хотойно. Хотойсон хавтгайн хаана ч өөр зүйл буухад нөгөө хотойсон хэсэгрүү л бүгд хальтирч шахагддаг юм байх. Зөв филтер бол хавтгай өөрөө хавтгай хэвэндээ байх, тэгш гадаргаараа.

Үүнтэй холбоотой бас нэг стандарт бус сэтгэлгээний тухай нэг азарган ном байна гэнэ, удахгүй уншчихаад бичихийг бодноо. Тэр ном нь манай найзад байгаа сурагтай :-.)

Monday, January 19, 2009

Blog "Addidea"

Блогоор тэнэж явтал Idea гэгчийн уран цэцэн үгтэй, үг үсгийн алдаа багатай үнэн тасархай блог дайралдав. Хэдэн бичлэгийг нь уншаад хэн болохыг нь мэдэхийг хүссэн гэдгийг нь яана, хариу горьдсон шинэхэн блоггер худлаа үнэн нэг сэтгэгдэл үлдээв. Нүд анилдаагүй бол сүртэй сайхан сэтгэгдэл үлдээж ногоон фэн нь болсон гэдгээ хэлмээр л байлаа. Гэвч нэгэнт орой болсон тул гэрлээ унтрааж орондоо орохгүй аваас өглөөний ажил өдөр болж өдрийн ажил үдэшрүү шилжих аюул нүүрлээд байв. Бэлэн цэцэн үгээр дүүрсэн бичлэг бүрийнх нь амттайг ч хэлэх үү уншаал баймаар санагдсан тул reader дотроо subscribe хийчихэв.

Монцамэ-д ажилладаг бололтой манай хүн(яг тодорхой мэдсэнгүй) ажил мэргэжилтэй нь холбоотой болохоор ч тэр үү аргагүй сайхан уянгалаг бичих юм. Сүүлд ингэж бичдэг хүн ховор харсан болоод ч юм уу, бичлэгүүдийг нь хүлээх хандлагатай болчих шиг санагдлаа. Ер нь Монголчуудынхаа блогоор бүүр тэгтлээ их тэнээд байдаггүй миний бие чамгүй олон холбоос олж хараад хамрын самсаа шархираад унасныг нуух юун. Ингэж бичдэг хүн олон болоосой гэж, бас над шиг ингэж уншчихаар хүн олон болоосой гэж...

Сурах юм их байна тэр хүнээс...   

Tuesday, January 13, 2009

Аавдаа бичсэн захидал

Энэ гарчигийг бичээд магадгүй нэг жил лав хол өнгөрсөн байх аа. Хэлд орохдоо л би ээж та хоёрыгоо дуудаж анхны гэсэн үгээ хэлсэн. Хөлд орохдоо би зөвхөн ээж та хоёртоо л тэмүүлэн байж анхныхаа алхамаа хийж хүн болохдоо би та хоёрынхоо л хэлсэн сургаал, заасан замналаар явсан. Хэзээ ч, хэн ч надаас энэ дэлхий дээр хамгийн их хүндэлж явдаг хүн чинь хэн бэ гэж асуувал би бодох зүйлгүй Таныхаа л нэрийг хэлнэ. Учир нь энэ нэр үүрдийн үүрд зүрх сэтгэлийн минь гүнд сийлэгдэж, хүн гэсэн баталгаа болох алдрын минь өмнө намайг овоглон явдаг болохоор. Бага насандаа хүүхдүүдэд “Би аавтайгаа барилдаад, хаядаг юм чинь” гэж онгирдог байхдаа намайг хөгжөөх гэж өвдөг сөгддөг байсныг чинь ойлгодгүй байсан ч хэний ч өмнө сөхрөхөөргүй дархан аврага болохыг чинь хожим ухаарахдаа монгол эр хүн таниараа улам ч илүү бахархаж билээ. Хүүхдүүд надад аавыгаа цагдаа, нисгэгч, эмч хэмээн онгирох болгонд нь би урдаас нь “Тэгвэл манай аав танай аав нарыг сургадаг БАГШ” мэдэв үү гэж хэн болохыг чинь тунхаглан, бичиг сурч байхдаа алдаа гарган загнуулж байсан ч “Хэний хүү болохоо харуулна даа” гэж цээжин дотроо бардамнадаг байсансан. Хэний ч аавын хүүгээс айдаггүй, хэлэх зүйлээ хэлдэг, хүчтэй, эрдэмтэй, баян хэнбэгуайн ч доор орохгүй юм чинь гэсэн дотуур тамир, толгой дотроо томоор сэтгэж чаддаг байхад минь нөлөөлсөн хамгийн хүчтэй хүчин зүйл бол яахын аргагүй миний ар болох та билээ. Намайг боловсролтой хүн болоосой гэсэндээ Монголынхоо урдаа барьдаг ганц сургуульд, таван хуруун дотор тоологдох “Ардын багш”-ын шавь болгон өсгөж, хэдхэн хүн сонирхдог байхад нь зөв гэдгийг нь мэдэж хэл сургахаар зориглосон таныхаа ачаар би хэнтэй ч, юуны ч талаар мэдлэгээрээ хол хоцорчихгүй ярилцаж чадахаа би мэднэ. Англи хэлний сургалтанд суудаг баатар хичээлийнхээ талыг нь таслаад багшдаа “хамгийн сахилгагүй” нэр зүүгээд, арай гэж давсан шалгалтынхаа дүнтэйгээ, авсан сертификатаа өвөртлөөд ороод ирэхэд минь загнуулна даа гэж айж байсан намайг “Чи ийм байсан юм уу” гэсэн ганц л асуултаараа зөөлхөн зэмлэсэн та ямар уужуу дотортой холч ухаантай хүн бэ, одоо л ойлгож байна. Тэр үед таныгаа гомдоочихлоодоо гээд ямар их шаналаж байсан гээч.

Айлын хүүхдүүд оройтлоо гээд хамаг эрхээ хасуулж байхад бодох зүйлгүй дуртай газраараа явж байсан надад тийм боломж өгсөн, бас хүү минь муу зүйл хийхгүй дээ гэж итгэж байсан чинь ховорхон дотортой хүн болохыг чинь бэлхэнээ батлаад өгнө. 20 гарчихаад ч авч чадаагүй байгаа найзуудын минь сонголтын эрх чөлөөг 10хан насандаа шахуу эдлээд явж байсан би ямар азтай гар вэ. Аялал зугаалга, гадуур гарах, иймээ тиймээ нийллэгэнд хэн ч хэзээ ч намайг явж чадах эсэх талаар сонирхдоггүй байлаа, учир нь би бол асаалттай танк, аав ээж минь надад ямар их итгэлцэл, бас эрх чөлөөг өгснийг нь хараад бусад хүүхдүүд атаархдаг байж билээ.         

Хорвоо дээрх хамгийн хоншоортой эр хүн бол миний аав үеийн үед хэвээрээ л байх болно. Эр өсөж том болов, эсгий сунасан эсэхийг мэдэхгүй байна л даа. Хамгийн гол нь эр хүн болохынхоо хувьд аав таныгаа хувь хүн болох талаас тань илүү их ойлгож эхлэж байна. Эр хүн, эцэг хүн юу бодож, юу хийж явдгийг, дотроо хэрхэн шаналдаг болох, бас жаахан ч гэсэн амжилтанд минь хэр их баярладгийг тань мэдэрч эхлэж байна. Цаашдаа би өөрөө таны замналаар адилхан л эр нөхөр, эцэг хүн болж амьдарна. Хийх ёстой зүйлс нэмэгдэж, үүрэх ёстой ачаа минь улам л хүндсэнэ. Хэн ч бай тэгж л таараа. Гагцхүү одоог хүртэл миний хувьд хэн байсан тань одоогийн намайг тодорхойлох хамгийн том тайлбар, ирээдүйд хэн байх маань одоогийн таны байгаа байдалтай шууд бас л холбогдоно. Хэцүү зүйл тулгарахад хэрхэн даван туулах, хэрхэн шийр зааж сүүлд нь үлдэх, хоншоор гэж юу болохыг надад зааж, харуулах бол таны үүрэг. Таниас сурч мэдэж авсан зүйлээ цааш нь үр удамдаа өвлөж үлдээх нь харин миний үүрэг. Эхнэр хүүхдээ хэр амьдруулах вэ, ажил төрөлдөө хэр амжилттай явах вэ гэдэг минь бүгд л таны нөлөө, магадгүй оролцоон дор явна, тэр үед бусад намайг хараад таниар бахархаасай, тэр үед би болон миний гэр бүл таныг хараад юу хийснээр тань бахархаасай.

Миний ч хувьд, таны ч хувьд амьдрал дөнгөж эхлэж байна. Хаа хүрэхийг бид л шийднэ. Хүрэх газраа очоод жаргалтай нь аргагүй инээж байхад минь хажууд минь байгаарай ааваа...

 

Хамгаас хайртай аавдаа...