Wednesday, June 27, 2007

Уучлал

Хэрэв хэн нэгэн чиний нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраан тавьж өгөх зарчим оршин байдгийг та мэдэх үү? Үүнийг бид уучлал гэж хэлдэг юм. Уг үгийн утга нь хийж байгаа үйлдэлдээ биш зарчимдаа байгааг сайн бодох юм бол бид ойлгоно. Гэвч одоо бодит байдал үүнээс шал өөр байна. Хэрэв чи намайг цохивол би чамайг цохино, алгадвал алгадна, хайрлавал эргүүлээд хайрлана. Ерөнхийдөө бол хариутай бол бариутай гэсэн зарчим нилээд газар авчээ. Өшөө хонзон үзэн ядалт, үүрдийн өрсөлдөөн, харгис хэрцгийлэл үүний томоос том илрэл мөн. Яг үнэндээ намайг хайрлавал би чамайг хайрлана гэж хэлж байвал би лав үүнийг хайр биш гэж хэлнэ.

Дээхэн үед би нэгэн түүх сонсож байснаа санаж байна. Герман улс зүүн, баруунд хуваагдсан байсан тэр л үед үзэл суртал, үзэн ядалтаар дүүрэн зүүнтэнгүүд хотынхоо хамаг байдаг муу муухай, хог шаар, хэрэггүй бүхнээ цуглуулаад тусгаарлаж байсан ханаа давуулаад орхичихож гэнэ. Өдөөн турхирах үйлдэл хийсэн тэд бахдалтай нь аргагүй хариу үйлдэлээ хүлээж байсан биз. Харин хэд хоногийн дараа юу болсон гээч... Өөрсддөө байж болох хамгийн сайн, өнгөтэй өөдтэй, амттай шимтэй бүхий л зүйлээ цуглуулаад шөнөөр чимээгүйхэн хотын хана давуулан орхисон байсан гэдэг. Харин тэр дунд “Хүн өөрт юу байгаагаа л бусдад дамжуулдаг” гэсэн утгатай их олон зүйлийг ухаарч болохоор зүйлийг бичээд явуулжээ.

Тэгвэл таньд, надад өнөөдөр юу байнаа? Бусдад өгч гийгүүлэх зүйл тийм их үнэтэй гэж үү? Бид хүсэх л юм бол бид байгаа байдлаараа үлгэр дуурайл болон амьдарч, олон олон харилцааг барьж байгуулан, олон олон бэрхшээлээс үүсээгүй байхад нь мултарч чадна гэдэгт би итгэлтэй байна. Хүн намайг гомдоох нь надад хэцүү байж болно, харин тэр хүнийг гомдоох нь надад түүнээс ч илүү хэцүү. Бусдаас юуг хүснэ түүнийг үйлдэх нь чухал тул хэзээ нэгэн цагт хэн нэгэн намайг уучлаасай гээд л бодоод явж байх хойно одооноос уучлалын тал дээр ухаалаг хандацгааяоо.

Хариуцлага

Намайг итгэмээргүй зүйл яриад эхлэх үед нэг найз маань үргэлж “Чи ээжийнхээ нэрээр амлаж байна уу” гэж дандаа асуудаг. Үнэн хэрэгтээ ээжийн минь нэр минийх биш болхоор би үгүй л гэж хэлдэг. Гэхдээ ярьсан зүйл маань харин үнэн байх нь элбэг. Хэлсэн зүйлдээ би хариуцлага хүлээхгүй бол ээжтэй минь тооцоо бодох гэж тийм юм асуудаг юм болов уу гэж дотороо би боддог юм. Учир нь одоо цагт хүнд битгий хэл өөртөө ч итгэхэд хэцүү болчихоод байна гэж хүмүүс ярьцгаадаг шүү дээ. Гэхдээ энд нэг буруу зарчим яваад байгааг бид анзаарах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хүмүүс бид нэгэндээ итгэх хэрэгтэй, нөгөө талаас бас итгэлийг нь даах хэрэгтэй. Харамсалтай нь итгэл даадаг хүн цөөхөн байдаг болхоор заавал амлалт гэж ямар нэгэн юм хэлдэг байх л даа. Дээхэн үеийн монгол эрчүүд их гүндүүгүй байсан гэж ярьцгаадаг. Тэр нь их цөөхөн үг хэлдэг, хэлсэн үгэндээ яс хүрдэг зэргээр илэрч байсан гэж би бодож байна. Үүнийг би орчин үеийн хэлэнд “ХОНШООРТОЙ” гэж хөрвүүлээд байгаа бөгөөд энэ үгээ ч байнга хэрэглэдэг болно. Хоншоор гэдэг бол ер нь тийм ч олон хүнд байгаад байдаг зүйл биш. Гэхдээ бас тийм ч олдоц муутай эд гэж би бодохгүй байна. Хүсч тэмүүлсэн хүн бүрт өөрөө ирдэг зүйл.

Хамгийн гол нь хоншоортой буюу хариуцлагатай хүнд бүх хүн дуртай байдаг. Тэд итгэл даахуйц, тэд хариуцлагын машинууд байдаг гэж би боддог. Угаасаа амжилтанд хүрсэн хариуцлагагүй хүн бараг л байхгүй байх. Тиймээс таныг хамгийн шилдэг нь болгож чадах энэ нууц жорыг хэрэглэх эсэх нь бас л таны сонголт. Ингээд бодоод байхнээ хамаг зүйл зөвхөн таниас л шалтгаалж байна. Тийм үү? За тэгэхээр хариуцлагаа үүрээд уулын өөд пуужингийн хурдаар урагшаа...

Галт тэрэг

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол” гээд л жаахан байхдаа дуулаад гүйдэг л байлаа. Өөрийнхөө багын албумаа үзэж байхдаа шүдгүй хэрнээ дуу дуулаад концерт тавьж байсан нилээн инээдтэй зургаа хараваа би. Тээд ямар дуу байсан юм бол гэж бодоод багын явдлаа дурстал энэ дуу хамгийн түрүүнд аманд орж ирсэн юм. Тэр галт тэргэнд хүн бүхэн яагаад суухыг тэгтлээ хүснэ гэж? би өөрөөсөө асуув. Галт тэрэг биш юм аа гэхэд цаг хугацааны машин ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн зүйл бүтээгээд өнгөрсөн үедээ очих нь хүн төрөлхтний туйлын хүсэл байсаар ирсэн, байх ч болно гэж би бодож байна. Тэгвэл яагаад хүмүүс заавал юмсыг төгс байлгахыг хүсдэг юм бол? Ямар нэгэн байдлаар өөрт нь таалагдахгүй байсан зүйлсийг өөрчлөх гэж оролдох шаардлага үнэхээр байна гэж та бодож байна уу? Энэ нь хэзээ ч боломжтой биш гэдэг нь тодорхой байхад хүртэл үүнийг бодсоор байх эсэх нь таны л хэрэг.

Надад өнгөрсөн үедээ харамсах зүйл чамгүй их байдаг. Бодох үед өөрийгөө үзэн ядмаар санагддаг тийм ч зүйл миний амьдралд бий. Гэхдээ би нэг зүйл дээр шийдвэр гаргахаар шийдлээ. Тэр нь юу вэ гэвэл нэгэнт би тухайн цаг мөчийг туулаад өнгөрсөн, надад дахиж ирэхгүй нь тов тодорхой учраас өнгөрсөн үеийнхээ алдаагаар өөрийгөө яллаж амьдрахгүй гэсэн миний өөрийн шийдвэр юм.

Харин ирээдүйд өөрийгөө дахиж яллахгүйн тулд би одоо байгаа цаг үеээ ухаалгаар зарцуулахыг хүсч байна. Нэгэнт миний амьдрал мөнх биш, хэзээ нэгэн цагт би энэ дэлхий дээрх бүх зүйлээ орхиод явах нь зайлшгүй тул тэр мөчид харамссан сэтгэлтэйгээр явмааргүй байна. Харин ч өөрийн амьдралд сэтгэл хангалуун, бусад хүнд үлгэр жишээ болсон сайхан амьдралыг би туулмаар байна. Тиймээс дуунд гардаг тэр галт тэргийг би хэзээ ч эрж хайхгүй. Харин та хэзээ ч ирэхгүй вагоныг хүлээн буудал дээр хамаг сайхан насаа барахгүйн тулд одоо л дотроо нухацтайгаар шийдвэр гаргаарай гэж би ятгаж байна. Тэгээд маргааш өглөө сэрэхдээ амандаа “Хүүхэд насанд хүргэж өгөх галт тэрэг байдаг бол БИ ЛАВ СУУХГҮЙ” гэсэн дуу аялан цоглог сэрэхийг ерөөе.

Хэцүү мөч

Хүнд хэцүү мөч тулгарахад хүн заавал хэн нэгэнийг үгүйлдэг юм байна. Амьдрал үргэлж дардан байна гэж юу байхав. Хэн нэгэн амьдралын утга учрыг оллоо гээд, ямар нөхцөлд юу хийхийг мэддэг байлаа гээд түүнд тэр нөхцөл нүүр тулахгүй гэсэн үг ердөөсөө биш юм байна. Миний амьдрал дөнгөж эхлэж байгаа ч надаа үзэж туулсан, бодож тунгаасан зүйл чамгүй их байна. Тиймээс ч тантай хуваалцан суунам. Яг үүнийг бичиж байхад миний дотор их олон зүйл болж байна. Үл ойлголцол, ганцаардал, гомдол, бухимдал, хүнд шийдвэрүүд гээд л нилээн олон зүйл дунд төөрчихөөд яваад байгаа мэт сэтгэгдэл надад төрөөд нилээдгүй хугацаа өнгөрлөө. Ямар ч байсан амьдрал их сонирхолтой гэсэн миний үзэл бодол ердөөсөө өөрчлөгдөөгүй байна. Хамгийн гоё нь энэ олон зүйлээс би олон зүйлийг сурч төдий чинээгээрээ туршлага минь зузаарч байх шиг.

Нэгэн амжилтанд хүрсэн хүнээс залуу ажилтан нь асууж л дээ ... Та яаж ийм өндөр амжилтанд хүрээ вэ? Энэ бүхний чинь гол нууц нь юу байв аа гэж? Нөгөө хүн ч хариулж... “Энэ бол ухаалаг шийдвэрүүд юмаа” гэв. Залуу улам лавшруулан яаж тань шиг ухаалаг шийдвэрүүдийг гаргадаг болох вэ гэж? Нөгөө хүн маань “Энэ бол туршлага юмаа” гэж төвөггүйхэн хариулж гэнэ. Харин залуу тэгвэл туршлага тань хаанаас юм бэ? Гэтэл хариуд нь төвөггүйхэнээр “Энэ бол мунхаг шийдвэрүүд юм” гэж нөгөө амжилтанд хүрсэн эр хариулсан гэдэг. Хэзээ нэгэн цагт би ч гэсэн амжилтанд хүрчихсэн байх тэр мөч ирж л таараа. Тэр үед “Энэ бол мунхаг шийдвэрүүд юм” гээд хэлээд зогсож байхын тулд одооноос өөрийн шийдвэрүүдийг дүгнээд явж байх нь хэрэгтэй болов уу. Амьдралын сайнтай ч муутай ч үе байсан хажууд нэн нэгэн байх шиг чухал зүйл байдаггүйг би үнэхээр их мэдэрлээ. Ямар ч амжилтын цаана би биш БИД байдаг нь хамгийн чухал зүйл юм. Түүн шиг альваа зовлон бэрхшээл, зүрх зүсэгдэм хэцүү мөчийг ч гэсэн хамтын хүчээр туулдаг байх хэрэгтэйг ухаарлаа. Та өөрийн тэр хүмүүсийг олсон ч бай олоогүй ч бай хамгийн гол зүйлээ мартаж болохгүй шүү.

Энэ сэдвийн гарчиг шиг мөч таньд бага тохиолдох болтугай. Таныг ерөөж байна...

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй.

Би хааяа өрөөндөө өөрийнхөө орон дээрээ дээш харан хэвтэж ирээдүйнхээ талаар мөрөөдөн хэвтэх дуртай. Яг тэр үедээ хамгийн дуртай дуунуудаа сонсоод амьдрал минь ер нь ямар байх бол, би хэрхэн амьдарч, ямар амжилт гаргаж, юу бүтээх бол гээд л гоё гоё зүйлийг бодох ямар сайхан байдаг гээч. Үүнийг л би мөрөөдөл гэж нэрлэдэг. Зарим хүмүүс үүнийг хэзээ ч бүтэхгүй зүйл хэмээн одоо байгаа зүйлээ л харж амьдрах нь дээр гэж ярьцгаадаг. Тэр байтугай мөрөөдөж буй хүнийг “Чи сэрүүн байна уу” ч гэж ёжлох шиг. Гэвч миний бодлоор хүнд байх хамгийн чухал зүйлсийн жагсаалтад нилээн дээгүүр жагсах эд бол энэ мөрөөдөл мөнөөсөө мөн.

Амьтад юу мөрөөддөг талаар төсөөлж үзлээ л дээ. Нохой бол амттайхан яс, муур бол mickey mouse ч юм уу ер нь нэг тиймэрхүү л зүйлс байгаа байх. Харин хүн та юу мөрөөддөг вэ? Хорвоо дээрх хамгийн ухаалаг амьтан болон утга учиртайгаар мэндэлсэн хүн та амьд явах хугацаандаа юуг мөрөөдөж, түүндээ хүрэхээр төлөвлөсөн бэ? Иим ийм зүйл байна, энэнд нь тэдэн жилийн дараа хүрнэ, энийг нь бол ингэж биелүүлнэ гээд надад шууд хэлчихээр зүйлс байгаа бол би үнэхээр баяртай байна. Залуу хүн та мөрөөдөж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцэж сураарай гэж залуухан би таньд зөвлөхийг хүслээ.

Миний хувьд гэвэл одоогийн байдлаар гараад ирчихсэн зүйлсээ энд бичвэл бүр наян юм болох учраас хүнд ярих дуртай хамгийн жаргалтай нэг мөрөөдлөө хуваалцъя. Жаран хэдэн настай Эрхэмээ өвлийн нэгэн сайхан өдөр хотоос нээг их холгүй ч цэвэр агаартай байдаг гэрийнхээ арын уулын орой дээр гарчихаад бууж ирж байгаа аястай алхан ирж байх юм гэнэ. Гэрийг нь ажиглавал чамгүй том хирнээ их даруухан хаус, зундаа ашигладаг бололтой усан сангийнх нь хажууд хүүхдийн тоглоомын талбай байрлаж байна. Хамгийн гоё нь намайг насан туршдаа хайрласан хань минь үүдэн дээрээ хүлээн зогсоод “Хөгшөөн, хийцтэй цай бэлэн болчихлоо. Нээрээ сая хүүхдүүд яриад маргааш амралтынхаа өдрөөр энд ирнэ гэнээ. Хоёр муу ачийгаа ойрд хараагүй их санаж байсан юмсан... овоодоо” гээл... Үүнийг уншиж байгаа та манай хөрш болохыг хүсч байна уу? Манай эхнэр их сайхан хоол хийдэг болхоор хааяа хамтдаа хооллож байж болно шүү. За тэгэхээр мөрөөдөөд, мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаад байждээ...

Би хэн бэ?

Би хэн бэ?” гэдэг нэртэй Жэки Чэний тоглосон аягүй давгүй киног бага байхдаа үзэж байснаа санаж байна. Тэр өөрийнхөө хэн гэдгийг, бүр ямар нэртэй гэдгээ ч ослоос болоод мартчихсан учраас хүмүүс түүнийг “Би хэн бэ?” гэж дууддаг болчихдог. Африкийн зэрлэг хүмүүсийн дунд гол дүр маань хэн гэдгээ бодоод бодоод олдоггүй учраас өөрийгөө олохоор аянд гарснаас уг киноны үйл явдал эхэлж улмаар бөөн бөөн адал явдалтай учиран амь нас нь хүртэл аюулд орон байж үнэхээр хэн юм бэ гэдгээ мэдэж авснаар кино төгсдөгийг та сайн санаж байгаа байх.

Тэгвэл би хэн юм бэ? 1988 оны 10 сарын 6 нд орчлонд мэндлээд эцэг эхийн халамжинд хүн болж торнин 10 жилээ төгсөөд их сургуульд сурч буй, олон найз нөхөдөөр хүрээлэгдсэн, саваагүй нэгэн хүү Эрхмээ чухам хэн юм бэ? Сурч боловсорч, амьдран сууж, оршин тогтнож байгаагийн минь эцсийн зорилго юу юм бол? Асар их мөнгө олоод баян цатгалан амьдрах уу? Эсвэл од болон гялалзаж бусдыг манлайлж явах уу? Оронд нь зүгээр л сайхан гэр бүлтэй болоод нам жим амар тайван явсаар насыг барах уу?

Гэвч хүн юу ч хийж, хаана ч явсан тэрнээс илүү чухал зүйл бол “Тэр хүн яг хэн бэ” гэдгийг тодорхойлох асуудал гэж би хувьдаа боддог. Гол нь өөрийгөө олох л хэрэгтэй. Тэгэхгүй бол насан туршдаа төөрч явсаар эцэст нь харамсах вий. Жэкигийн хувьд өөрийгөө олох аян нь тийм ч амар байгаагүй. Түүнийг алахаар олох хүн хөөж, бодит үнэн яг юу болохыг түүнээс нуухаар бүгд оролдож байсан хэдий ч тэр тэмцсэний эцэст хэн гэдгээ мэдсэн. Харин та өөрийнхөө талаар хэр сайн мэдэх вэ? Хэрэв хэн бэ гэдгээ яг мэдэхгүй байгаа бол би таныг зоригжуулмаар байна. Яв, өөрийгөө хай. Учир нь хайсан хүн олж, тогшсон хүнд нээгддэг юм.

Мөнгө амьдрал дээр тогтдог

Би хэдийгээр тэгтлээ олон наслаж үс толгой маань бууралтаагүй ч уулзаж нөхөрлөж явсан, амьдрал аз жаргалаа хуваалцаж явсан хүний тоо бас тийм ч цөөхөн гэж бодохгүй байна. Олон төрлийн хүний олон төрлийн үзэл бодлыг ч хангалттай сонсож харж байна. Ялангуяа өөрийнхөө үеийн залуусын нийтлэг санаа, ертөнцийг үзэх үзлийн талаар би нилээн хэдэн зүйл ярьж чадна гэдгээ мэднэ. Харин хамгийн онцгүй харамсалтай ч гэхээр нэг зүйл нь одоо үеийнхэн мөнгөний үнэ цэнийг хэтэрхий мэдрээд, тэрэндээ сохрон амьдралын бусад баяр баясгалан, үнэт зүйлсийг орхигдуулаад байгаа нь надад их харагдаж байна. Тэд мөнгийг хайрлаж, мөнгийг шүтэж амьдарч бараг амьдралынхаа зорилго болгожээ. Үнэхээр мөнгө үнэ цэнэтэй юу гэвэл тийм шдээ. Мөнгөнөөс болж хүмүүс нэгнээ хороож байна, мөнгө олохын төлөө өдөр шөнөгүй зүтгэж мөнгө л байхгүй бол амьдрал утгагүй мэт аашилдаг болсон энэ цагт мөнгө үнэхээр үнэ цэнэтэй ажээ. Гэтэд бид мөнгийг ямар үнэ цэнэгүй зүйл вэ гэдгийг бас санах цаг аль эрт болсон мэт. Дэлхий дээр хөрөнгийг хэдэн тэрбумаар нь олсон ч нас барахдаа өчүүхэнийг нь ч болтугай аваад явж байсан хүнийг би лав мэдэхгүй юм байна. Мөнгөөр сайн эмч хөлслөн өөрийгөө эмчлүүлж болох ч эмч байхгүй үед мөнгө таныг эмчлэхгүй. Цангасан үедээ дэлгүүрээс ус авахад таньд мөнгө хэрэг болдог ч усгүй говьд хэдэн сая төгрөг байлаа ч танд ус үл олдоно.

Бид мөнгө ямар их үнэ цэнэтэй гэдгийг мэдэж мөн мөнгө ямар хоосон үнэ цэнэгүй зүйл гэдгийг мартаж болохгүй.

Танд сонголт нь бий. Насан туршдаа та өөрөө мөнгийг дагаж амьдрах, эсвэл насан туршдаа мөнгийг араасаа дагуулж амьдрах. Та дарга ч бай, цэрэг ч бай ухаалаг шийдвэр гаргаж мөнгөний тал дээр зөв байр суурьтай байна гэдэгт чинь итгэлтэй байна.

Автобусны зогсоол

Би яг одоо автобусны буудал дээр байна. Миний хажууд надтай хамт таньдаг таньдаггүй олон хүн зогсоно. Бүгд л өөр өөрийнхөө автобусыг хүлээн тэвчээртэй хүлээнэ. Би амьдралаа тунгаан бодох үед надад нэг иймэрхүү дүрслэл төрсөн юм. Амьдрал гэдэг их аянд хүн гэдэг оролцогч болон мэндэлснээсээ хойш аав ээжийнхээ сууж байсан тэр л автобусанд сууж явсаар аль хэдийнээ 18 жил өнгөрчээ. Гэвч дасал болсон автобуснаасаа бууж өөр чиглэлийн тэргэнд суух ёстой нь уг аяны маань хатуу нэгэн дүрэм юм. Хэдийгээр би автобусанд суух нь маргаангүй үнэн ч зогсож буй буудал дээр маань өөр өөр чиглэлтэй олон төрлийн унаа их ирдэг тул юунд суухаа шийдэл үл чадна. Одоо ч цаг сайхан болоод микро, троллейбус, бүр такси ч хүртэл явдаг болж. Харин хаа хүрэх унаанд суух нь зөвхөн миний бас чиний л хэрэг. Гэхдээ нэг юмыг сануулахад үйлчилгээнд явж байгаа унаа хэзээ ч үнэгүй байдаггүй гэдгийг би сайн мэднэ. Хэрэндээ хөөрхөн төлбөртэй тул аялалд авч гарсан хэдэн төгрөгөө буруу унаанд зарцуулчихгүйн тулд суухаасаа өмнө хянуур байх хэрэгтэй шүү дээ. Бас миний хувьд ганцаараа аялана гэдэг бол байж боломгүй асуудал, аялалынхаа төгсгөлийг үзэхийн тулд түшиг тулгуур болсон сайн хань, сайн найз нөхөд бас хэрэгтэй. Хэрэв очих газар чинь нэг бол бүр сайн. Тэд чамайг дэмжиж, баярласан үед чинь баяр хөөрөөс чинь хуваалцаж, гутарсан үед чинь чамайг босгох урмыг өгч, бүгд хамтдаа нэгэн баг болдог тул хэнтэй хамт аялалаа үргэлжлүүлэхээ ч мөн сайн бодоорой. Зарим үед багийнханаас маань өөр буудал дээр буун биднийг орхидог тохиолдол олон бий ч тэр болгонд бид бэлтгэлтай байх хэрэгтэй. Аялал бол тулаан биш учир та цэрэг байх хэрэггүй, аялал бол тэмцээн биш учир та тамирчин байх шаардлагагүй, аялал бол дарамт биш учир та дарга байх ёсгүй, аялал бол зүгээр л аялал учир та сайн аялагч л байхад хангалттай. Харин сайн аялагч байх хэцүү тул та хичээгээрэй!

Та яг одоо автобусны буудал дээр байна... Сайхан аялаарай!

Хайр

Хүн бүрийн зүрх хайрыг экспортлож, хайрыг импортлохоор бүтээгдсэн учир хүссэн хүсээгүй хайрыг эрэлхийлнэ. Би ч ялгаагүй, та ч ялгаагүй бид бүгд л хайрын бүтээгдэхүүнүүд тул хайрыг харамгүй тарааж хайраас ханатлаа ундаалах эрхтэй. Тэгвэл бидний яриад байгаа хайр маань яг юу юм бол? Хайр хэзээ ч дуусашгүй амьдралын хөдөлгүүр мэт. Хүнийг хорвоод авч ирэн, хорвоогоос халихад үлддэг ганц зүйл ч юм шиг. Надад сайхан машин, орон байр, хүний энгийн хэрэглээ байхгүй байсан ч би би хэвээрээ л байх болно. Эсвэл дэлхий дээрх хамгийн баян хүн болж хүн бүрийн атаархдаг амьдралаар амьдарлаа ч би хэзээд би л байна. Гэвч юу гээч? Надад хайр байхгүй бол БИ гэдэг маань хэн ч биш. Би мянга сайхан харагдаж, хүн бүр намайг бишрээд, хүсэл мөрөөдөл бүхэн минь бүгд биелэлээ оллоо ч надад хайр байхгүй бол би хэн юм бэ? Намайг хайрладаг хүмүүсийг эргүүлэн хайрлах амархан, харин түүнээс илүүгээр намайг хайрлаагүйг нь ч би хайрлах хэрэгтэй бус уу... Учир нь хайр хэзээ ч дуусдаггүй.

2-14

2 сарын 14



Энэ өдрийг хэдэн жилийн өмнөөс монголчууд нилээн өргөн тэмдэглэдэг болжээ. Залуусын хувьд аль 2 сар эхлээд л энэ л өдөрт бэлддэг мэт бүгд л дор дороо гэгэлзэнэ. Бэлэг зардаг дэлгүүрүүдийн ашиг төдий чинээгээрээ ч нэмэгддэг нь нууц биш. Өдөржингөө л гадуур хос залуус хөтлөлцөн алхаж гудамжийг дүүргэн хотын нэгэн өдрийн амьдралыг өөрөөр чимэнэ. Орой, бүр нилээн орой болчихоод байхад гудамжинд хөдөлгөөн тасрахгүй, баярын уур амьсгал хэрэндээ л оройн жавар үргээн хос залуусын сэтгэлд улам цог нэмэх шиг. Хаашаа л харна хосууд, ёстой л ганцаараа яваа нэгэнийг сэтгэлээр унатал нь жаргалтай гэрэлтэж ирээдүй өөд хамтдаа алхаж буйгаар төсөөлөгдөнө. Гэвч энэ л өдөр ганц бие хүн бүр миний насан туршдаа хайрлах ханхүү, гүнж маань хаана яваа бол хэмээн зүрхнийхээ гүнээс түүнийгээ хайн ганцаардлыг хамгийн ихээр мэдэрдэг мэт. Хүмүүс бид жилд ганц болдог Валентинаар л хайрыг санан дурсаж, биендээ илэрхийлдэг биш өдөр бүр алхам тутамдаа хайраар амьсгалаасай гэсэндээ л мөхөс миний бие үүнийг бичин сууж байна. Та хайрлуулахаар төрсөн, тэр ч мөн адил. Тиймээс түүнийгээ хайж ол, олсон бол хэзээ ч битгий тавьж явуулаарай. Та түүнийг л хайрлахаар төрсөн гэдэгтээ бат итгэ. Эдүгээ итгэл, найдвар, хайр 3 үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн. Амьдралынхаа мөч бүхэнд зөвхөн түүнийг л хайрлан амьдрахсан...

Бодрол

Хүний амьдрал хэсэг хугацаанд үргэлжлээд л хэзээ нэгэн цагт мөнх бусыг үзүүлдэг нь ойлгомжтой ч хэн ч өөрийн үхэх өдрийг хэлж үл чадна. Маргааш өглөө орон дотроо амьд сэрэх нь эргэлзээтэй энэ дэлхий дээр миний хувьд үүнийг бичиж байгаа маань, таны хувьд бол миний бодлыг уншиж байгаа нь маш үнэ цэнэтэй цаг хугацаагаа зориулж байгаа хэрэг мөнөөсөө мөн. Хэдийгээр тийм ч бид энэнээс хэрэггүй зүйлсд түүнээс ч их хугацааг зарцуулдаг нь үнэн. Хүний амьдрал нэг талаас харвал хангалттай урт ч юм шиг, гэтэл нөгөө талаасаа дэндүү богинохон шүү дээ. Хүсч байсан бүхий л зүйлсээ амжуулж, хангалттай сайхан амьдарлаадаа гэж хэлэхэд хэрэгцээтэй бүхий л зүйлсээ хийх хугацаа маань бидний өмнө байна. Өтөлж, олон хүүхдийн өвөө эмээ болчихоод саяхан л залуу байж дээ гэж хэлэхдээ үр ачдаа хийсэн зүйлсээ харуулан нүүр бардам амьдрахын тулд оройтохоосоо өмнө яг л одооноос эхлэн чамд харьяалагдах бүхий л цагаа хий юманд бүү зарцуул гэж найзын хувьд зөвлөе. Миний ажиглаж байгаа харамсалтай зүйлсийн нэг бол бидний үеийн ихэнхи залуус цагийг яаж өнгөрөөхөө тийм ч сайн мэдэхгүйгээсээ болон буруу зүйлсийг ихээр хийдэг болжээ. Эсвэл амьдралын утга учраа ололгүй архи, тамхи, зугаа цэнгэл гэсэн буруу зүйлст нүдээ сохлуулан өдөр хоногийг өнгөрөөж ядан ирээдүйдээ итгэлгүйхэн алхацгаана. Нөгөө зарим хэсэг нь эрдэм сурахыг гол зорилгоо болгон хичээл номонд их цагыг гаргаж тэгснийхээ хирээр ч боловсорцгоож байна. Тэдний хувьд үнэхээр сайн сураад төгссөнийхөө дараа мэргэжлээрээ ажиллан хангалттай сайн цалинтай ажилтай болоод сайхан амьдрахыг боддог эсвэл бүр сурсан мэдсэнээ дээд зэргээр ашиглан өөрийн гэсэн бизнестэй болж баяжаад санаа амар амьдрахыг мөрөөддөг байх. Энэ нь ч сайн хэрэг. Гэхдээ л амьдралын зорилго гэж ийм жижиг зүйл байдаг гэж үү? Миний хэлэх гээд байгаа санаа бол сурч байгаа тань хүртэл нэгэн зорилгын төлөө байх ёстой гэж... Тэр зорилго чинь таныг дараа үе чинь хэрхэн дурсахыг тодорхойлох тийм л том асуудал билээ. Миний хувьд юунд итгэдэг вэ гэвэл хүн хорвоод зөвхөн өөрийн төлөө ирээгүй бөгөөд бусад хүмүүс, ард түмэн, нийгэмдээ хариуцлага хүлээн тэдний төлөө ихийг хийх зөн хараатайгаар мэндэлдэг гэсэн энэ үзэл юм. Тэгвэл таньд байгаа нөхцөлүүдийг харвал та энэ цаг үед, монгол гэдэг энэ үндэстний нэг хүү, нэг охин болон төржээ.

Мөн та анд нөхөд, гэр бүлийнхээ дунд яагаад гишүүн нь болон оршин байгаа билээ? Тэдний төлөө таны хийж гүйцэтгэх зорилгод хамаатай, одооны хийж байгаагаас тань илүү хийгээд байх зүйл энэ дэлхий дээр байхгүй гэж үү? Мөн хэзээ эхлээд хэзээ дуусах нь тодорхой биш энэ амьдралын утга учир нь яг юу юм бэ?


Эдгээр асуултыг таньд өөрт чинь үлдээе...