Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй.

Би хааяа өрөөндөө өөрийнхөө орон дээрээ дээш харан хэвтэж ирээдүйнхээ талаар мөрөөдөн хэвтэх дуртай. Яг тэр үедээ хамгийн дуртай дуунуудаа сонсоод амьдрал минь ер нь ямар байх бол, би хэрхэн амьдарч, ямар амжилт гаргаж, юу бүтээх бол гээд л гоё гоё зүйлийг бодох ямар сайхан байдаг гээч. Үүнийг л би мөрөөдөл гэж нэрлэдэг. Зарим хүмүүс үүнийг хэзээ ч бүтэхгүй зүйл хэмээн одоо байгаа зүйлээ л харж амьдрах нь дээр гэж ярьцгаадаг. Тэр байтугай мөрөөдөж буй хүнийг “Чи сэрүүн байна уу” ч гэж ёжлох шиг. Гэвч миний бодлоор хүнд байх хамгийн чухал зүйлсийн жагсаалтад нилээн дээгүүр жагсах эд бол энэ мөрөөдөл мөнөөсөө мөн.

Амьтад юу мөрөөддөг талаар төсөөлж үзлээ л дээ. Нохой бол амттайхан яс, муур бол mickey mouse ч юм уу ер нь нэг тиймэрхүү л зүйлс байгаа байх. Харин хүн та юу мөрөөддөг вэ? Хорвоо дээрх хамгийн ухаалаг амьтан болон утга учиртайгаар мэндэлсэн хүн та амьд явах хугацаандаа юуг мөрөөдөж, түүндээ хүрэхээр төлөвлөсөн бэ? Иим ийм зүйл байна, энэнд нь тэдэн жилийн дараа хүрнэ, энийг нь бол ингэж биелүүлнэ гээд надад шууд хэлчихээр зүйлс байгаа бол би үнэхээр баяртай байна. Залуу хүн та мөрөөдөж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцэж сураарай гэж залуухан би таньд зөвлөхийг хүслээ.

Миний хувьд гэвэл одоогийн байдлаар гараад ирчихсэн зүйлсээ энд бичвэл бүр наян юм болох учраас хүнд ярих дуртай хамгийн жаргалтай нэг мөрөөдлөө хуваалцъя. Жаран хэдэн настай Эрхэмээ өвлийн нэгэн сайхан өдөр хотоос нээг их холгүй ч цэвэр агаартай байдаг гэрийнхээ арын уулын орой дээр гарчихаад бууж ирж байгаа аястай алхан ирж байх юм гэнэ. Гэрийг нь ажиглавал чамгүй том хирнээ их даруухан хаус, зундаа ашигладаг бололтой усан сангийнх нь хажууд хүүхдийн тоглоомын талбай байрлаж байна. Хамгийн гоё нь намайг насан туршдаа хайрласан хань минь үүдэн дээрээ хүлээн зогсоод “Хөгшөөн, хийцтэй цай бэлэн болчихлоо. Нээрээ сая хүүхдүүд яриад маргааш амралтынхаа өдрөөр энд ирнэ гэнээ. Хоёр муу ачийгаа ойрд хараагүй их санаж байсан юмсан... овоодоо” гээл... Үүнийг уншиж байгаа та манай хөрш болохыг хүсч байна уу? Манай эхнэр их сайхан хоол хийдэг болхоор хааяа хамтдаа хооллож байж болно шүү. За тэгэхээр мөрөөдөөд, мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаад байждээ...

Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр