2-14
2 сарын 14
Энэ өдрийг хэдэн жилийн өмнөөс монголчууд нилээн өргөн тэмдэглэдэг болжээ. Залуусын хувьд аль 2 сар эхлээд л энэ л өдөрт бэлддэг мэт бүгд л дор дороо гэгэлзэнэ. Бэлэг зардаг дэлгүүрүүдийн ашиг төдий чинээгээрээ ч нэмэгддэг нь нууц биш. Өдөржингөө л гадуур хос залуус хөтлөлцөн алхаж гудамжийг дүүргэн хотын нэгэн өдрийн амьдралыг өөрөөр чимэнэ. Орой, бүр нилээн орой болчихоод байхад гудамжинд хөдөлгөөн тасрахгүй, баярын уур амьсгал хэрэндээ л оройн жавар үргээн хос залуусын сэтгэлд улам цог нэмэх шиг. Хаашаа л харна хосууд, ёстой л ганцаараа яваа нэгэнийг сэтгэлээр унатал нь жаргалтай гэрэлтэж ирээдүй өөд хамтдаа алхаж буйгаар төсөөлөгдөнө. Гэвч энэ л өдөр ганц бие хүн бүр миний насан туршдаа хайрлах ханхүү, гүнж маань хаана яваа бол хэмээн зүрхнийхээ гүнээс түүнийгээ хайн ганцаардлыг хамгийн ихээр мэдэрдэг мэт. Хүмүүс бид жилд ганц болдог Валентинаар л хайрыг санан дурсаж, биендээ илэрхийлдэг биш өдөр бүр алхам тутамдаа хайраар амьсгалаасай гэсэндээ л мөхөс миний бие үүнийг бичин сууж байна. Та хайрлуулахаар төрсөн, тэр ч мөн адил. Тиймээс түүнийгээ хайж ол, олсон бол хэзээ ч битгий тавьж явуулаарай. Та түүнийг л хайрлахаар төрсөн гэдэгтээ бат итгэ. Эдүгээ итгэл, найдвар, хайр 3 үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн. Амьдралынхаа мөч бүхэнд зөвхөн түүнийг л хайрлан амьдрахсан...
Comments