Автобусны зогсоол
Би яг одоо автобусны буудал дээр байна. Миний хажууд надтай хамт таньдаг таньдаггүй олон хүн зогсоно. Бүгд л өөр өөрийнхөө автобусыг хүлээн тэвчээртэй хүлээнэ. Би амьдралаа тунгаан бодох үед надад нэг иймэрхүү дүрслэл төрсөн юм. Амьдрал гэдэг их аянд хүн гэдэг оролцогч болон мэндэлснээсээ хойш аав ээжийнхээ сууж байсан тэр л автобусанд сууж явсаар аль хэдийнээ 18 жил өнгөрчээ. Гэвч дасал болсон автобуснаасаа бууж өөр чиглэлийн тэргэнд суух ёстой нь уг аяны маань хатуу нэгэн дүрэм юм. Хэдийгээр би автобусанд суух нь маргаангүй үнэн ч зогсож буй буудал дээр маань өөр өөр чиглэлтэй олон төрлийн унаа их ирдэг тул юунд суухаа шийдэл үл чадна. Одоо ч цаг сайхан болоод микро, троллейбус, бүр такси ч хүртэл явдаг болж. Харин хаа хүрэх унаанд суух нь зөвхөн миний бас чиний л хэрэг. Гэхдээ нэг юмыг сануулахад үйлчилгээнд явж байгаа унаа хэзээ ч үнэгүй байдаггүй гэдгийг би сайн мэднэ. Хэрэндээ хөөрхөн төлбөртэй тул аялалд авч гарсан хэдэн төгрөгөө буруу унаанд зарцуулчихгүйн тулд суухаасаа өмнө хянуур байх хэрэгтэй шүү дээ. Бас миний хувьд ганцаараа аялана гэдэг бол байж боломгүй асуудал, аялалынхаа төгсгөлийг үзэхийн тулд түшиг тулгуур болсон сайн хань, сайн найз нөхөд бас хэрэгтэй. Хэрэв очих газар чинь нэг бол бүр сайн. Тэд чамайг дэмжиж, баярласан үед чинь баяр хөөрөөс чинь хуваалцаж, гутарсан үед чинь чамайг босгох урмыг өгч, бүгд хамтдаа нэгэн баг болдог тул хэнтэй хамт аялалаа үргэлжлүүлэхээ ч мөн сайн бодоорой. Зарим үед багийнханаас маань өөр буудал дээр буун биднийг орхидог тохиолдол олон бий ч тэр болгонд бид бэлтгэлтай байх хэрэгтэй. Аялал бол тулаан биш учир та цэрэг байх хэрэггүй, аялал бол тэмцээн биш учир та тамирчин байх шаардлагагүй, аялал бол дарамт биш учир та дарга байх ёсгүй, аялал бол зүгээр л аялал учир та сайн аялагч л байхад хангалттай. Харин сайн аялагч байх хэцүү тул та хичээгээрэй!
Та яг одоо автобусны буудал дээр байна... Сайхан аялаарай!
Comments