Мөнгө амьдрал дээр тогтдог
Би хэдийгээр тэгтлээ олон наслаж үс толгой маань бууралтаагүй ч уулзаж нөхөрлөж явсан, амьдрал аз жаргалаа хуваалцаж явсан хүний тоо бас тийм ч цөөхөн гэж бодохгүй байна. Олон төрлийн хүний олон төрлийн үзэл бодлыг ч хангалттай сонсож харж байна. Ялангуяа өөрийнхөө үеийн залуусын нийтлэг санаа, ертөнцийг үзэх үзлийн талаар би нилээн хэдэн зүйл ярьж чадна гэдгээ мэднэ. Харин хамгийн онцгүй харамсалтай ч гэхээр нэг зүйл нь одоо үеийнхэн мөнгөний үнэ цэнийг хэтэрхий мэдрээд, тэрэндээ сохрон амьдралын бусад баяр баясгалан, үнэт зүйлсийг орхигдуулаад байгаа нь надад их харагдаж байна. Тэд мөнгийг хайрлаж, мөнгийг шүтэж амьдарч бараг амьдралынхаа зорилго болгожээ. Үнэхээр мөнгө үнэ цэнэтэй юу гэвэл тийм шдээ. Мөнгөнөөс болж хүмүүс нэгнээ хороож байна, мөнгө олохын төлөө өдөр шөнөгүй зүтгэж мөнгө л байхгүй бол амьдрал утгагүй мэт аашилдаг болсон энэ цагт мөнгө үнэхээр үнэ цэнэтэй ажээ. Гэтэд бид мөнгийг ямар үнэ цэнэгүй зүйл вэ гэдгийг бас санах цаг аль эрт болсон мэт. Дэлхий дээр хөрөнгийг хэдэн тэрбумаар нь олсон ч нас барахдаа өчүүхэнийг нь ч болтугай аваад явж байсан хүнийг би лав мэдэхгүй юм байна. Мөнгөөр сайн эмч хөлслөн өөрийгөө эмчлүүлж болох ч эмч байхгүй үед мөнгө таныг эмчлэхгүй. Цангасан үедээ дэлгүүрээс ус авахад таньд мөнгө хэрэг болдог ч усгүй говьд хэдэн сая төгрөг байлаа ч танд ус үл олдоно.
Бид мөнгө ямар их үнэ цэнэтэй гэдгийг мэдэж мөн мөнгө ямар хоосон үнэ цэнэгүй зүйл гэдгийг мартаж болохгүй.
Танд сонголт нь бий. Насан туршдаа та өөрөө мөнгийг дагаж амьдрах, эсвэл насан туршдаа мөнгийг араасаа дагуулж амьдрах. Та дарга ч бай, цэрэг ч бай ухаалаг шийдвэр гаргаж мөнгөний тал дээр зөв байр суурьтай байна гэдэгт чинь итгэлтэй байна.
Comments