Би хэн бэ?
“Би хэн бэ?” гэдэг нэртэй Жэки Чэний тоглосон аягүй давгүй киног бага байхдаа үзэж байснаа санаж байна. Тэр өөрийнхөө хэн гэдгийг, бүр ямар нэртэй гэдгээ ч ослоос болоод мартчихсан учраас хүмүүс түүнийг “Би хэн бэ?” гэж дууддаг болчихдог. Африкийн зэрлэг хүмүүсийн дунд гол дүр маань хэн гэдгээ бодоод бодоод олдоггүй учраас өөрийгөө олохоор аянд гарснаас уг киноны үйл явдал эхэлж улмаар бөөн бөөн адал явдалтай учиран амь нас нь хүртэл аюулд орон байж үнэхээр хэн юм бэ гэдгээ мэдэж авснаар кино төгсдөгийг та сайн санаж байгаа байх.
Тэгвэл би хэн юм бэ? 1988 оны 10 сарын 6 нд орчлонд мэндлээд эцэг эхийн халамжинд хүн болж торнин 10 жилээ төгсөөд их сургуульд сурч буй, олон найз нөхөдөөр хүрээлэгдсэн, саваагүй нэгэн хүү Эрхмээ чухам хэн юм бэ? Сурч боловсорч, амьдран сууж, оршин тогтнож байгаагийн минь эцсийн зорилго юу юм бол? Асар их мөнгө олоод баян цатгалан амьдрах уу? Эсвэл од болон гялалзаж бусдыг манлайлж явах уу? Оронд нь зүгээр л сайхан гэр бүлтэй болоод нам жим амар тайван явсаар насыг барах уу?
Гэвч хүн юу ч хийж, хаана ч явсан тэрнээс илүү чухал зүйл бол “Тэр хүн яг хэн бэ” гэдгийг тодорхойлох асуудал гэж би хувьдаа боддог. Гол нь өөрийгөө олох л хэрэгтэй. Тэгэхгүй бол насан туршдаа төөрч явсаар эцэст нь харамсах вий. Жэкигийн хувьд өөрийгөө олох аян нь тийм ч амар байгаагүй. Түүнийг алахаар олох хүн хөөж, бодит үнэн яг юу болохыг түүнээс нуухаар бүгд оролдож байсан хэдий ч тэр тэмцсэний эцэст хэн гэдгээ мэдсэн. Харин та өөрийнхөө талаар хэр сайн мэдэх вэ? Хэрэв хэн бэ гэдгээ яг мэдэхгүй байгаа бол би таныг зоригжуулмаар байна. Яв, өөрийгөө хай. Учир нь хайсан хүн олж, тогшсон хүнд нээгддэг юм.
Comments