Уучлал
Хэрэв хэн нэгэн чиний нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраан тавьж өгөх зарчим оршин байдгийг та мэдэх үү? Үүнийг бид уучлал гэж хэлдэг юм. Уг үгийн утга нь хийж байгаа үйлдэлдээ биш зарчимдаа байгааг сайн бодох юм бол бид ойлгоно. Гэвч одоо бодит байдал үүнээс шал өөр байна. Хэрэв чи намайг цохивол би чамайг цохино, алгадвал алгадна, хайрлавал эргүүлээд хайрлана. Ерөнхийдөө бол хариутай бол бариутай гэсэн зарчим нилээд газар авчээ. Өшөө хонзон үзэн ядалт, үүрдийн өрсөлдөөн, харгис хэрцгийлэл үүний томоос том илрэл мөн. Яг үнэндээ намайг хайрлавал би чамайг хайрлана гэж хэлж байвал би лав үүнийг хайр биш гэж хэлнэ.
Дээхэн үед би нэгэн түүх сонсож байснаа санаж байна. Герман улс зүүн, баруунд хуваагдсан байсан тэр л үед үзэл суртал, үзэн ядалтаар дүүрэн зүүнтэнгүүд хотынхоо хамаг байдаг муу муухай, хог шаар, хэрэггүй бүхнээ цуглуулаад тусгаарлаж байсан ханаа давуулаад орхичихож гэнэ. Өдөөн турхирах үйлдэл хийсэн тэд бахдалтай нь аргагүй хариу үйлдэлээ хүлээж байсан биз. Харин хэд хоногийн дараа юу болсон гээч... Өөрсддөө байж болох хамгийн сайн, өнгөтэй өөдтэй, амттай шимтэй бүхий л зүйлээ цуглуулаад шөнөөр чимээгүйхэн хотын хана давуулан орхисон байсан гэдэг. Харин тэр дунд “Хүн өөрт юу байгаагаа л бусдад дамжуулдаг” гэсэн утгатай их олон зүйлийг ухаарч болохоор зүйлийг бичээд явуулжээ.
Тэгвэл таньд, надад өнөөдөр юу байнаа? Бусдад өгч гийгүүлэх зүйл тийм их үнэтэй гэж үү? Бид хүсэх л юм бол бид байгаа байдлаараа үлгэр дуурайл болон амьдарч, олон олон харилцааг барьж байгуулан, олон олон бэрхшээлээс үүсээгүй байхад нь мултарч чадна гэдэгт би итгэлтэй байна. Хүн намайг гомдоох нь надад хэцүү байж болно, харин тэр хүнийг гомдоох нь надад түүнээс ч илүү хэцүү. Бусдаас юуг хүснэ түүнийг үйлдэх нь чухал тул хэзээ нэгэн цагт хэн нэгэн намайг уучлаасай гээд л бодоод явж байх хойно одооноос уучлалын тал дээр ухаалаг хандацгааяоо.
Comments