Monday, January 19, 2009

Blog "Addidea"

Блогоор тэнэж явтал Idea гэгчийн уран цэцэн үгтэй, үг үсгийн алдаа багатай үнэн тасархай блог дайралдав. Хэдэн бичлэгийг нь уншаад хэн болохыг нь мэдэхийг хүссэн гэдгийг нь яана, хариу горьдсон шинэхэн блоггер худлаа үнэн нэг сэтгэгдэл үлдээв. Нүд анилдаагүй бол сүртэй сайхан сэтгэгдэл үлдээж ногоон фэн нь болсон гэдгээ хэлмээр л байлаа. Гэвч нэгэнт орой болсон тул гэрлээ унтрааж орондоо орохгүй аваас өглөөний ажил өдөр болж өдрийн ажил үдэшрүү шилжих аюул нүүрлээд байв. Бэлэн цэцэн үгээр дүүрсэн бичлэг бүрийнх нь амттайг ч хэлэх үү уншаал баймаар санагдсан тул reader дотроо subscribe хийчихэв.

Монцамэ-д ажилладаг бололтой манай хүн(яг тодорхой мэдсэнгүй) ажил мэргэжилтэй нь холбоотой болохоор ч тэр үү аргагүй сайхан уянгалаг бичих юм. Сүүлд ингэж бичдэг хүн ховор харсан болоод ч юм уу, бичлэгүүдийг нь хүлээх хандлагатай болчих шиг санагдлаа. Ер нь Монголчуудынхаа блогоор бүүр тэгтлээ их тэнээд байдаггүй миний бие чамгүй олон холбоос олж хараад хамрын самсаа шархираад унасныг нуух юун. Ингэж бичдэг хүн олон болоосой гэж, бас над шиг ингэж уншчихаар хүн олон болоосой гэж...

Сурах юм их байна тэр хүнээс...   

Tuesday, January 13, 2009

Аавдаа бичсэн захидал

Энэ гарчигийг бичээд магадгүй нэг жил лав хол өнгөрсөн байх аа. Хэлд орохдоо л би ээж та хоёрыгоо дуудаж анхны гэсэн үгээ хэлсэн. Хөлд орохдоо би зөвхөн ээж та хоёртоо л тэмүүлэн байж анхныхаа алхамаа хийж хүн болохдоо би та хоёрынхоо л хэлсэн сургаал, заасан замналаар явсан. Хэзээ ч, хэн ч надаас энэ дэлхий дээр хамгийн их хүндэлж явдаг хүн чинь хэн бэ гэж асуувал би бодох зүйлгүй Таныхаа л нэрийг хэлнэ. Учир нь энэ нэр үүрдийн үүрд зүрх сэтгэлийн минь гүнд сийлэгдэж, хүн гэсэн баталгаа болох алдрын минь өмнө намайг овоглон явдаг болохоор. Бага насандаа хүүхдүүдэд “Би аавтайгаа барилдаад, хаядаг юм чинь” гэж онгирдог байхдаа намайг хөгжөөх гэж өвдөг сөгддөг байсныг чинь ойлгодгүй байсан ч хэний ч өмнө сөхрөхөөргүй дархан аврага болохыг чинь хожим ухаарахдаа монгол эр хүн таниараа улам ч илүү бахархаж билээ. Хүүхдүүд надад аавыгаа цагдаа, нисгэгч, эмч хэмээн онгирох болгонд нь би урдаас нь “Тэгвэл манай аав танай аав нарыг сургадаг БАГШ” мэдэв үү гэж хэн болохыг чинь тунхаглан, бичиг сурч байхдаа алдаа гарган загнуулж байсан ч “Хэний хүү болохоо харуулна даа” гэж цээжин дотроо бардамнадаг байсансан. Хэний ч аавын хүүгээс айдаггүй, хэлэх зүйлээ хэлдэг, хүчтэй, эрдэмтэй, баян хэнбэгуайн ч доор орохгүй юм чинь гэсэн дотуур тамир, толгой дотроо томоор сэтгэж чаддаг байхад минь нөлөөлсөн хамгийн хүчтэй хүчин зүйл бол яахын аргагүй миний ар болох та билээ. Намайг боловсролтой хүн болоосой гэсэндээ Монголынхоо урдаа барьдаг ганц сургуульд, таван хуруун дотор тоологдох “Ардын багш”-ын шавь болгон өсгөж, хэдхэн хүн сонирхдог байхад нь зөв гэдгийг нь мэдэж хэл сургахаар зориглосон таныхаа ачаар би хэнтэй ч, юуны ч талаар мэдлэгээрээ хол хоцорчихгүй ярилцаж чадахаа би мэднэ. Англи хэлний сургалтанд суудаг баатар хичээлийнхээ талыг нь таслаад багшдаа “хамгийн сахилгагүй” нэр зүүгээд, арай гэж давсан шалгалтынхаа дүнтэйгээ, авсан сертификатаа өвөртлөөд ороод ирэхэд минь загнуулна даа гэж айж байсан намайг “Чи ийм байсан юм уу” гэсэн ганц л асуултаараа зөөлхөн зэмлэсэн та ямар уужуу дотортой холч ухаантай хүн бэ, одоо л ойлгож байна. Тэр үед таныгаа гомдоочихлоодоо гээд ямар их шаналаж байсан гээч.

Айлын хүүхдүүд оройтлоо гээд хамаг эрхээ хасуулж байхад бодох зүйлгүй дуртай газраараа явж байсан надад тийм боломж өгсөн, бас хүү минь муу зүйл хийхгүй дээ гэж итгэж байсан чинь ховорхон дотортой хүн болохыг чинь бэлхэнээ батлаад өгнө. 20 гарчихаад ч авч чадаагүй байгаа найзуудын минь сонголтын эрх чөлөөг 10хан насандаа шахуу эдлээд явж байсан би ямар азтай гар вэ. Аялал зугаалга, гадуур гарах, иймээ тиймээ нийллэгэнд хэн ч хэзээ ч намайг явж чадах эсэх талаар сонирхдоггүй байлаа, учир нь би бол асаалттай танк, аав ээж минь надад ямар их итгэлцэл, бас эрх чөлөөг өгснийг нь хараад бусад хүүхдүүд атаархдаг байж билээ.         

Хорвоо дээрх хамгийн хоншоортой эр хүн бол миний аав үеийн үед хэвээрээ л байх болно. Эр өсөж том болов, эсгий сунасан эсэхийг мэдэхгүй байна л даа. Хамгийн гол нь эр хүн болохынхоо хувьд аав таныгаа хувь хүн болох талаас тань илүү их ойлгож эхлэж байна. Эр хүн, эцэг хүн юу бодож, юу хийж явдгийг, дотроо хэрхэн шаналдаг болох, бас жаахан ч гэсэн амжилтанд минь хэр их баярладгийг тань мэдэрч эхлэж байна. Цаашдаа би өөрөө таны замналаар адилхан л эр нөхөр, эцэг хүн болж амьдарна. Хийх ёстой зүйлс нэмэгдэж, үүрэх ёстой ачаа минь улам л хүндсэнэ. Хэн ч бай тэгж л таараа. Гагцхүү одоог хүртэл миний хувьд хэн байсан тань одоогийн намайг тодорхойлох хамгийн том тайлбар, ирээдүйд хэн байх маань одоогийн таны байгаа байдалтай шууд бас л холбогдоно. Хэцүү зүйл тулгарахад хэрхэн даван туулах, хэрхэн шийр зааж сүүлд нь үлдэх, хоншоор гэж юу болохыг надад зааж, харуулах бол таны үүрэг. Таниас сурч мэдэж авсан зүйлээ цааш нь үр удамдаа өвлөж үлдээх нь харин миний үүрэг. Эхнэр хүүхдээ хэр амьдруулах вэ, ажил төрөлдөө хэр амжилттай явах вэ гэдэг минь бүгд л таны нөлөө, магадгүй оролцоон дор явна, тэр үед бусад намайг хараад таниар бахархаасай, тэр үед би болон миний гэр бүл таныг хараад юу хийснээр тань бахархаасай.

Миний ч хувьд, таны ч хувьд амьдрал дөнгөж эхлэж байна. Хаа хүрэхийг бид л шийднэ. Хүрэх газраа очоод жаргалтай нь аргагүй инээж байхад минь хажууд минь байгаарай ааваа...

 

Хамгаас хайртай аавдаа...