Friday, September 28, 2007

Бараан зүйл


Өөртөө тохиолдсон онцгүй зүйлээсээ ойлгосон онц зүйлээ хуваалцъя. Саяхан агаар амьсгалах гээд Зайсан толгой гарав. Уух юм тэндээсээ аваад, цангасан байсан юм болов уу нилээн их уув. Юм яриад, инээлдээд л , ам нь хатаад уугаад байв би. Тэгээд орой ч байсныг хэлэх үү зайсангаас буугаад хамт байсан найзуудаа гэрт нь хүргэж өгөөд явж байтал нөгөө уусан юмны маань гор гарч тэрхэн үед миний хамгийн эхний хэрэгцээ бие засах болж хувирав. Уг нь гэр хүртэл гайгүй байх гэж бодож байсан чинь тийм биш болох нь тодорхой болсноор түгшүүрийн байдал зарлалаа. Улмаар булан тойроод асуудлыг шийдвэрлэчихэв. Надад ямар онцгүй санагдаж байсан гээч. Нийгмийн хог шаарнууд л арчаагүйгээсээ болоод тийм зүйл хийж явдаг гэж боддог байсан би өөрөө тэр зүйлээ хийгээд явж байх юм. Дараа нь 5-р сургуулийн ард хэсэг найзуудтайгаа хөл бөмбөг тоглоод байж байхдаа тэр хавьд байсан хогийн савны ойр хавьд хүмүүс бие засдаг болохыг үнэрээр нь шууд ойлгов. Ойр хавыг нь ажиглалаа. Хүний нүднээс халхлачихаар том хогийн савнаас өөр юу ч тэнд байсангүй. Тэрний араар л орж хүмүүс бие засах ёстой ажлаа амжуулцгаадаг нь тодорхой болов. Хүн бусдын нүднээс далд бол буруу зүйлийг ч хийхэд бэлэн байдаг нь тэдний төрөлх зан гэлтэй. Хэн ч мэдээгүй бол яавал гэж хэмээн сэтгэж өөрийгөө тайвшруулдаг нь энгийн олон зүйлс дээр тод харагдав. Тэгвэл бүр улс орны ирээдүйтэй холбоотой тийм чухал зүйлс дээр юу болдог бол? Тэднийг хянах хэн нэгэн байхгүй нөхцөлд нөхдүүд юу хийж суудаг бол? Хээл хахууль гэсэн нэрийн дор хэр их хүний амьдралыг өөрчлөх хөрөнгө ганц хоёр хүний халаасанд энэ замаар урсан ордог бол? Амьдрал энгийнээр сайхан үргэлжилж байх үед бүгд л сайхан төрхөө харуулдаг хэдий ч зовлон дундуур хамтдаа туулах эсвэл амь өрссөн хэцүү мөчтэй нүүр тулах үед бараг ихэнх нь л өөрийнхөө бөндгөрийг боддог нь харамсалтай. Эсрэгээрээ хүн жаргал дүүрэн байж санаа зовох юу ч үгүй, бүх зүйл төгс мэт болж ирэхэд ч гэсэн бусдыг хайхрахаа болиод жаахан их зан суучаад байх нь онцгүй л юм. Энэ мэтчилэн бараан зүйл дэлхий дээр дэндүү их байгаад гэрэлтэх өнгөлөг юмс багасаад байвал удахгүй дэлхий дээр нар тусахаа болих вий... Дээхэн үед ертөнцөд 7 нар гараад сандаргах үед нэг баагий өөрийгөө тарвага болгон байж ганцыг нь үлдээсэн юм гэдэг, гэтэл одоо тэр ганц нар нь гэрэлтүүлж дийлэхээ больвол ямар баагийнууд өөрөө толь болон гэрлийг ойлгож ертөнцөд бага ч гэсэн гэрлийг нэмэлцэх бол? Тэднийг ертөнц хараад бахдан бүгд гэрлийг цацруулж эхэлбэл сайханаа. Гэвч энэ үүрэг “Fantastic 4”- ийнх биш болохоор та ч юм уу би ч юм уу хальт гэрэлтэх гээд үзэцгээвэл ямар вэ хөө :-.)

Friday, September 21, 2007

Баянхошуу

Нэгэн сайхан нартай өлөр хэдэн гадаад найз нартайгаа зураг дарахаар Баянхошууг зорив. Урьд нь тэнд очиж байсан ч би зүгээр л машинтайгаа замаар нь яваад өнгөрчихдөг байв.

Тиймээс тэндээс яг юу хүлээхээ мэдэхгүй байсан ч таксинаас буугаад хамгийн түрүүнд нүдэнд харагдсан зүйл бол "Чимээгүй хот" байлаа. Манай хэд ч надаас тэр чулуунууд юу болохыг асуугаад эхлэв. Хил залгаа орших чимээгүй хотдоо бид дэндүү ойртжээ. Адаглаад л ёс суртахуун, өвөг дээдсийнхээ шарилыг хүндэтгэдэггүй юм аа гэхэд өөрсдийнхөө эрүүл мэндийг боддог болоосойдоо монголчууд минь...



Улмаар цаашлаад арай жаахан өндөрлөг газар луу явцгаах замд есөн жорын хог новшоор дүүрсэн жалга тааралдав. Хүмүүс хажуугаар нь дээш доош тоох ч зүйлгүй алхацгааж бүр болоогүй дээрээс нь нэмэрлэж харагдах юм. Хажууханд нь бидний ирээдүй болсон хүүхдүүд шороотой хутгалдан тоглоцгооно. Энэ хэсэгт нийслэлийн тохижилтынхон ажлаа хийдэггүй бололтой... Эсвэл энэ хэсгийнхнийг хог хаядаггүй хүмүүс гэж боддог ч юм уу ямартаа ч дүүрэн хог, дүүрэн өмхий, дүүрэн...





Цааш аялалаа үргэлжлүүлэн уул өөд мацсаар бараг хамгийн өндөрлөг цэг дээр нь гарав. Уг нь хот маань их л гоё харагдах гэж хичээж л байгаа юм шиг санагдсан ч яалтачгүй дүрийг нь гутаах зүйл нүдэнд 85аараа харагдана. Хотын бид нарыг халуун ус, гэрэл цахилгаанаар маань хангадаг үйлдэр эрүүл мэнд, байгаль орчинд маань хэрхэн нөлөөлж байгаа бол гэж бодохоос сэтгэл өвдөхгүй байхын аргагүй.


Ер нь л монголчуудын амьдрал их бараан болжээ. Амьдралдаа нухлагдсан нүд ямар байдгийг хэн ч хараад төвөггүй таньж чадна. Тэгвэл тийм биш нүд тэнд харъя гэвэл зөвхөн хүүхдүүд л байна. Яасан эмгэнэлтэй хэрэг вэ... Улс орон маань гуравхан сая ч хүрэхгүй үр хүүхдүүдээ тэжээчихэж чадахааргүй ядуу бил үү? Энэ дүр зургийг хажуугаас нь харах ямар аймар гээч, тэгтэл тийм нөхцөлд хүмүүс амьдарч байна гээд бодохоос энэ хэдэн дарга нарт ямар их дургүй хүрч байнаа. Ирээдүйнхээ төлөө биш өнөөдрийнхөө талхны мөнгийг бодож амьдарч байгаа тэднийг буруу юу энэ? Хотын
төвөөр иймэрхүү амьдрал байхгүй байнаа гэдэг чинь ийм амьдрал байдаггүй гэсэн үг биш юм байна.


Юутай ч би монгол хүний амьдрал, монгол орны маань ирээдүй гэгээлэг гэдэгт итгэдэг болхоор энэ бүх зүйл өөрчлөгдөхийг хүлээж суухийн оронд өөрийнхөө чадах зүйлийг хийж л сууна. Гэвч би бол ердийн л нэг оюутан шүү дээ. Би монгол, чи монгол бид бүгдээрээ нийлвэл энэ зүйлийг өөрчилж чадна. Буруу зүйлийг өөрчлөхийн тулд эхлээд зөв зүйлээ сайн мэдэж байх хэрэгтэй. Хайр, сайхан сэтгэл, хөдөлмөрч зан, хичээнгүй байдал, хувиа үл хичээх гээд туйлын зөв зүйлүүд зөндөө л байна. Эдгээр зүйлсийг хамтдаа өнөөдрөөс эхлэн жанжин шугамаа болгон гэрэлт ирээдүй өөд хамтдаа алхъя гэсэн НЭГ ГОРИМИЙН САНАЛ БАЙНА...

Tuesday, September 4, 2007

Гайхшрал

Булан тойроод хэн хүлээж буйг мэдэхгүй энэ хорвоод хүмүүс юунд итгэж амьдардаг юм бол? Хүмүүсийн тархи хэрхэн ажилладагийг гайхаад гайхаад барахгүй нь. Хүн бүр л өдөр тутмынхаа амьдралын төлөө тэмцэж, хоолоо олж идэхийн төлөө зүтгэдэг ч эцэстээ тэр амьдрал гэж яриад байгаа зүйл маань хаашаа очиж дуусах гээд байгаа юм? Эсвэл бүр дуусахгүй үргэлжлээд л байдаг юм уу гэсэн энгийн асуудлаа бүрэн ойлгоогүй байж наагуурх жижиг асуудалтайгаа л зууралдаад явцгаагаад байх шиг санагдах юм. Хэрэв бид том зорилгоо олж хараагүй бол яаж жижигхэн зорилтуудаа бүрэн утгаар нь харж чадах билээ? Нөгөөтэйгүүр жижигхэн зорилтуудаа хялбархан амжуулчихаж чадахгүй байж яаж том том яриад байгаа зүйлээ ажил хэрэг болгож чаднаа? Ийм л энгийн асуудал нийгэмд маань томоос том чөдөр тушаа болж байгаа мэт санагдаж энэ талаар өөрийн зарим бодлыг бичмээр санагдлаа.

Миний бодлоор хүн өөрийгөө өсвөр наснаасаа эхлэн илүү ихээр хүн гэдэг утгаар харж эхэлдэг. Мэдээж үүнээс өмнөх бага балчир насанд орчлонтой танилцаж хүний ёсноос суралцах маш чухал мөчүүд өрнөдөг ч миний хувьд лав өсвөр насандаа одоогийн Эрхэмбаяр гэж хэн байх вэ гэдгээ нилээн нухацтайгаар тодорхойлсоноо санаж байна. Яг тэр үед нь л эцэг эх, ах эгч нар нь хүүхэдтэй ойр байж альваа зүйлсийг наанатай цаанатай ойлгоход нь сайн тусалж дэмжиж тэр үед нь суурийг нь бат тавиад өгчихвөл тухайн хүний амьдралд том тус хүргэлээ л гэсэн үг. Гэвч бодит байдал дээр ингэж хүүхдийнхээ энэ талын хэрэгцээг яг сайн мэдэрч хамт байдаг эцэг эх цөөхөн гэдэг нь нууц биш. Тэгвэл бид яахав? Эцэг эхчүүдийг муу байна гээд загнаж болохгүйгээс хойш дараа үеийн эцэг эхчүүд болох одоогийн залуучууд руу хандаж л ажиллах хэрэгтэй гэж би бодном. Яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага монголд хараахан байхгүй, байсан ч төдийлөн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй байна. Тиймээс төр засгаас нийгмийг бүрэлдүүлэгч хамгийн хүчтэй нэгж болох гэр бүлүүд рүү хандсан тэдний төлөвшилт, эрүүл өсөлт, хоорондын эрүүл харилцааг заадаг мэргэжлийн төвүүдийг дэмжин гаргаж ирэх хэрэгцээ үнэхээр их байгаа мэт санагдана. Ингэснээр ирээдүйн иргэдээ багаас нь гэр бүл дотор нь сайнаар хүмүүжүүлэх өргөн боломж гарч ирж байгаа нь ирээдүйд гэмт хэрэг, гэр бүл салалт, ажилгүйдэл, авилгал зэрэг нийгмийн олон тулгамдсан асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэх сайн талтай. Энэ талаар нухацтай бүр гүнзгий бодоод үзэхэд гэмгүй л байх... Даанч одоогийн байдлаар иймэрхүү жижигхэн, энгийн, дажгүй санааг тунгаан бодчихоор төрийн түшээ байхгүй байгаа нь хачирхалтай, тэднийг тэгээд бас сонгочихдог нь ч сонирхолтой санагдаад байгаа юм даа. Энэ мэтчилэн олон зүйлийг ойлгохгүй, олон зүйлийг бас ойлгоод явж л байна. Болох л байлгүй дээ тээ...

Гэмшиж байна

Бага байхдаа /7-р ангид/ би англи хэл сурахаар Сантис гээд тэр үедээ бас овоо үнэтэй курсэд Ачаа найзтайгаа хамт сурсан юм. Тэр үед жаахан байсан болоод ч тэр үү яагаад ч юм хичээлээ нээг их хийгээгүй юм. Дандаа хоцорч хичээлдээ очно, гэрийн даалгавраа бараг өгөхгүй, хамт сурдаг банди нартайгаа хичээлийн дундуур байнга яриастай. Тэгээд урсгалаараа явсаар байгаад 3-р түвшинг нь дүүргэчихэв. Аав маань ч их баярлаж, хүүгээ англи хэлтэй болж байна гэж бодоод их л баярлаж байсан юм. Бүр аавын найз нар нь хүртэл курсээ амжилттай төгслөө гээд мөнгөөр хүртэл шагнаж байсныг санаж байна. Амжилттай ч гэж дээ хөөрхий 72 ч билүү нэг тиймэрхүү хөгийн дүн. Улмаар орой гэртээ ирээд эгч нарт аав миний сертификатыг үзүүлээд бахархан ярьтал хэл устай эгч нар минь багшийн бичсэн тодохойлолтыг уншаад аавд орчуулаад өгөв. Би ч гэж би бантсан нүүрэндээ чимээгүй суусаар, аав ч чимээгүй нэг л урам нь хугарсан байртайгаар “Өө чи ийм байсан юм уу?” гэсэн ганц л асуулт асуугаад өрөөрүүгээ яваад өгөв. Яг тэр үед миний дотор ямар болсныг та лав төсөөлөхгүй дээ. Загнуулах байх гэж айж байсан жаал тийм аяархан үг сонсоод загнуулаагүйдээ баярлах ёстой атал надаа харин ч эсрэгээрээ аавынхаа итгэлийг алдсандаа дотор давчдаад бүр аймар хэцүү болж байсан юм.

Гэтэл энэ түүх давтагдаж их сургуулийнхаа эхний жилд яг адилхан алдааг дахин гаргав. Мэдээж хэн ч л гэсэн өөрийгөө өмөөрөх л байсан байх. Гэхдээ би тэгэж хариуцлагаас зугатахыг хүсэхгүй байна. Мэдээж дүн, цаг хугацаа, мөнгө төгрөг гээд олон зүйлийг алдсан ч гэсэн би яг энэ жил олон зүйлийг цоо шинээр сурч, ойлгож бас олон зүйлийг бодитоор нь өөр дээрээ мэдэрсэн их үр дүнтэй хугацааг өнгөрүүллээ гэж би бодож байна.

Хэдэн найзуудтайгаа хамтран шинээр нэг том зүйл эхлэх гэж үзлээ. Хэдийгээр багаасаа гарсан ч би найз нөхдийн харилцаа, хүмүүсийн сэтгэлгээ, ажил хэрэг, өр зээл, нөхөрлөл, итгэл даах, бүрэн ойлголцол, том мөрөөдөл, талархах сэтгэл, хамтын ажиллагаа, бүтэлгүйтэл гээд олон зүйл дээр сайн ба гашуун туршлагууд ихээхэн цуглуулж авав.

Швейцарийн хөгжлийн агентлагт дотоод ажилтан хийж үзэж байна. Дипломот байгууллага болохоор хувь хүний маань хувьд олон зүйлийг зааж сургаж, харуулж байгаа болохоор би их олзуурхаж байгаа, гэхдээ удахгүй гэрээгээ дуусгаад гарах байхаа.

MIU дээд сургуульд худлаа үнэн нэг жил сурч үзлээ. Хүн суралцах хэрэгтэй гэдгийг ойлгосондоо л их баяртай байна даа. Мөн бас бус хэдэн найзтай болсон, хамгийн гол нь би түүнийгээ энэ сургуулиас л олж харсан юм...

Эдгээр ойлгосон зүйлс минь мэдээж миний муу дүнгүүдийг маань баллуурдчихгүй нь ойлгомжтой учраас энэ жил хичээгээд сайн дүнтэй суралцана аа. Олоон хүний итгэлийг алдаж өөрөө шившигтэй гэмээр байдалд орсондоо өөртөө уурлахаас өөр яахав би. Өөртөө уурлалаа гээд архинд оролтой биш алдаагаа л засахаас өөр яахав тийм үү?

Ямартаа ч дахиж иймэрхүү явдлыг амьдралынхаа өөр талбар дээр 3 дахь удаагаа давтахгүйн төлөө хичээнээ. Амьдрал үргэлж сайхнаараа...

Элсний нүүдэл

За би дөнгөж сая 2 найз, мөн өөрийн сайн охинтойгоо хамт гадуур рекламаараа зодож байгаа “Элсний нүүдэл” гэсэн агуу нэртэй киног үзчихээд орж ирээд үүнийг бичиж сууна. Яахав ээ хүний хийсэн юмийг юу ч хийгээгүй байгаа би шууд муулах жаахан муухай л юм, гэхдээ өөрт төрсөн сэтгэгдэлээ сайнтай муутай нь бичье.

Шаргын говийн 3 охин хотод орж ирээд өөр өөрийн замаар амьдралыг туулан, жаргал зовлон бүхнээ хамтдаа хуваалцаж амьдрахын төлөө тэмцэж байгаа нэг жил орчмынх нь амьдрал гарах шиг боллоо. Одоогийн монголын залуучуудын дунд тулгамдсан асуудал болох хүсээгүй жирэмслэлтийн сүүдрийг гол гурван дүрийнхээ 2 дээр нь дусаачих юм. Гэхдээ нэг охин нь жирэмсэлснийг нь хойлог би ухаарч амжихаас минь өмнө сайн залуутайгаа унтаад, нөгөө залуу нь хаяаад өөр охинтой сүүлрээд, тэрэнд нь гомдож өөрийнх нь болохгүйг ухаарсан анхны хайраасаа олсон анхныхаа хүүхдээ гялс авхуулаад тэрийгээ сонирхуулах гэж тэр залуутай Сүхээ ахын өөдөөс харсан Тэмка ахын хөшөөний урд сийх ч үгүй ярилцаад зогсож байх юм. Бас ч болоогүй философийн багш нь манай охинтой тэр хооронд нь сээтгэнээд амжчихсан гэж байгаа/дараа нь бүр өвөрт нь хэвтэж байхыг хараад гайхсан гээч/. Юу хэлэх гээд байна вэ гэвэл киноны маань цаг хугацааны мэдрэмж жаахан сонин болчихсон санагдав. Юу болоод байгааг үзэгчдэд хүчээр ойлгуулаад байсан нь хамгийн том дутагдал байв. Яг гол санаагаа хүмүүст яаж илэрхийлээд байгааг нь би ер ойлгосонгүй. Зарим дүрүүд ямар шаардлагаар орж ирэв, зарим үйл явдлыг яах гэж суулгаж өгсөн нь учир битүүлэг байсныг эс тооцвол кино яахав гайгүй ойлгомжтой л юм шиг байна. Мөн нэг зөвтгөх юм нь уг ангийн үйл явдал 2-р ангиараа үргэлжлэх болохоор зарим зүйлс тэр анги дээр нь тодорхой болно гэж найднам.

Юутай ч монголын кино урлагын хөгжлийг тодорхойлж буй уран бүтээлчдийн бүтээлийг үзээд миний хувьд сэтгэл дундуур үлдсэн ч юм хийх гэж оролдсон тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлэж байна. Би хувьдаа монгол уран бүтээлчид үүнээс илүү сайн бүтээл хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд зөвхөн “Элсний нүүдэл” монголдоо биш “Монголын нүүдэл”- давалгаа дэлхийн тавцанд хүч түрэн орж ирэх мөчийг тэсэн ядан хүлээж байна. Үүнд ч өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг хүсч, оюун бодолдоо тунгааж л явдаг нэгэн билээ.

“Mollywood” мандтугай !!!