Гайхшрал
Булан тойроод хэн хүлээж буйг мэдэхгүй энэ хорвоод хүмүүс юунд итгэж амьдардаг юм бол? Хүмүүсийн тархи хэрхэн ажилладагийг гайхаад гайхаад барахгүй нь. Хүн бүр л өдөр тутмынхаа амьдралын төлөө тэмцэж, хоолоо олж идэхийн төлөө зүтгэдэг ч эцэстээ тэр амьдрал гэж яриад байгаа зүйл маань хаашаа очиж дуусах гээд байгаа юм? Эсвэл бүр дуусахгүй үргэлжлээд л байдаг юм уу гэсэн энгийн асуудлаа бүрэн ойлгоогүй байж наагуурх жижиг асуудалтайгаа л зууралдаад явцгаагаад байх шиг санагдах юм. Хэрэв бид том зорилгоо олж хараагүй бол яаж жижигхэн зорилтуудаа бүрэн утгаар нь харж чадах билээ? Нөгөөтэйгүүр жижигхэн зорилтуудаа хялбархан амжуулчихаж чадахгүй байж яаж том том яриад байгаа зүйлээ ажил хэрэг болгож чаднаа? Ийм л энгийн асуудал нийгэмд маань томоос том чөдөр тушаа болж байгаа мэт санагдаж энэ талаар өөрийн зарим бодлыг бичмээр санагдлаа.
Миний бодлоор хүн өөрийгөө өсвөр наснаасаа эхлэн илүү ихээр хүн гэдэг утгаар харж эхэлдэг. Мэдээж үүнээс өмнөх бага балчир насанд орчлонтой танилцаж хүний ёсноос суралцах маш чухал мөчүүд өрнөдөг ч миний хувьд лав өсвөр насандаа одоогийн Эрхэмбаяр гэж хэн байх вэ гэдгээ нилээн нухацтайгаар тодорхойлсоноо санаж байна. Яг тэр үед нь л эцэг эх, ах эгч нар нь хүүхэдтэй ойр байж альваа зүйлсийг наанатай цаанатай ойлгоход нь сайн тусалж дэмжиж тэр үед нь суурийг нь бат тавиад өгчихвөл тухайн хүний амьдралд том тус хүргэлээ л гэсэн үг. Гэвч бодит байдал дээр ингэж хүүхдийнхээ энэ талын хэрэгцээг яг сайн мэдэрч хамт байдаг эцэг эх цөөхөн гэдэг нь нууц биш. Тэгвэл бид яахав? Эцэг эхчүүдийг муу байна гээд загнаж болохгүйгээс хойш дараа үеийн эцэг эхчүүд болох одоогийн залуучууд руу хандаж л ажиллах хэрэгтэй гэж би бодном. Яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага монголд хараахан байхгүй, байсан ч төдийлөн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй байна. Тиймээс төр засгаас нийгмийг бүрэлдүүлэгч хамгийн хүчтэй нэгж болох гэр бүлүүд рүү хандсан тэдний төлөвшилт, эрүүл өсөлт, хоорондын эрүүл харилцааг заадаг мэргэжлийн төвүүдийг дэмжин гаргаж ирэх хэрэгцээ үнэхээр их байгаа мэт санагдана. Ингэснээр ирээдүйн иргэдээ багаас нь гэр бүл дотор нь сайнаар хүмүүжүүлэх өргөн боломж гарч ирж байгаа нь ирээдүйд гэмт хэрэг, гэр бүл салалт, ажилгүйдэл, авилгал зэрэг нийгмийн олон тулгамдсан асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэх сайн талтай. Энэ талаар нухацтай бүр гүнзгий бодоод үзэхэд гэмгүй л байх... Даанч одоогийн байдлаар иймэрхүү жижигхэн, энгийн, дажгүй санааг тунгаан бодчихоор төрийн түшээ байхгүй байгаа нь хачирхалтай, тэднийг тэгээд бас сонгочихдог нь ч сонирхолтой санагдаад байгаа юм даа. Энэ мэтчилэн олон зүйлийг ойлгохгүй, олон зүйлийг бас ойлгоод явж л байна. Болох л байлгүй дээ тээ...
Comments