Friday, September 28, 2007

Бараан зүйл


Өөртөө тохиолдсон онцгүй зүйлээсээ ойлгосон онц зүйлээ хуваалцъя. Саяхан агаар амьсгалах гээд Зайсан толгой гарав. Уух юм тэндээсээ аваад, цангасан байсан юм болов уу нилээн их уув. Юм яриад, инээлдээд л , ам нь хатаад уугаад байв би. Тэгээд орой ч байсныг хэлэх үү зайсангаас буугаад хамт байсан найзуудаа гэрт нь хүргэж өгөөд явж байтал нөгөө уусан юмны маань гор гарч тэрхэн үед миний хамгийн эхний хэрэгцээ бие засах болж хувирав. Уг нь гэр хүртэл гайгүй байх гэж бодож байсан чинь тийм биш болох нь тодорхой болсноор түгшүүрийн байдал зарлалаа. Улмаар булан тойроод асуудлыг шийдвэрлэчихэв. Надад ямар онцгүй санагдаж байсан гээч. Нийгмийн хог шаарнууд л арчаагүйгээсээ болоод тийм зүйл хийж явдаг гэж боддог байсан би өөрөө тэр зүйлээ хийгээд явж байх юм. Дараа нь 5-р сургуулийн ард хэсэг найзуудтайгаа хөл бөмбөг тоглоод байж байхдаа тэр хавьд байсан хогийн савны ойр хавьд хүмүүс бие засдаг болохыг үнэрээр нь шууд ойлгов. Ойр хавыг нь ажиглалаа. Хүний нүднээс халхлачихаар том хогийн савнаас өөр юу ч тэнд байсангүй. Тэрний араар л орж хүмүүс бие засах ёстой ажлаа амжуулцгаадаг нь тодорхой болов. Хүн бусдын нүднээс далд бол буруу зүйлийг ч хийхэд бэлэн байдаг нь тэдний төрөлх зан гэлтэй. Хэн ч мэдээгүй бол яавал гэж хэмээн сэтгэж өөрийгөө тайвшруулдаг нь энгийн олон зүйлс дээр тод харагдав. Тэгвэл бүр улс орны ирээдүйтэй холбоотой тийм чухал зүйлс дээр юу болдог бол? Тэднийг хянах хэн нэгэн байхгүй нөхцөлд нөхдүүд юу хийж суудаг бол? Хээл хахууль гэсэн нэрийн дор хэр их хүний амьдралыг өөрчлөх хөрөнгө ганц хоёр хүний халаасанд энэ замаар урсан ордог бол? Амьдрал энгийнээр сайхан үргэлжилж байх үед бүгд л сайхан төрхөө харуулдаг хэдий ч зовлон дундуур хамтдаа туулах эсвэл амь өрссөн хэцүү мөчтэй нүүр тулах үед бараг ихэнх нь л өөрийнхөө бөндгөрийг боддог нь харамсалтай. Эсрэгээрээ хүн жаргал дүүрэн байж санаа зовох юу ч үгүй, бүх зүйл төгс мэт болж ирэхэд ч гэсэн бусдыг хайхрахаа болиод жаахан их зан суучаад байх нь онцгүй л юм. Энэ мэтчилэн бараан зүйл дэлхий дээр дэндүү их байгаад гэрэлтэх өнгөлөг юмс багасаад байвал удахгүй дэлхий дээр нар тусахаа болих вий... Дээхэн үед ертөнцөд 7 нар гараад сандаргах үед нэг баагий өөрийгөө тарвага болгон байж ганцыг нь үлдээсэн юм гэдэг, гэтэл одоо тэр ганц нар нь гэрэлтүүлж дийлэхээ больвол ямар баагийнууд өөрөө толь болон гэрлийг ойлгож ертөнцөд бага ч гэсэн гэрлийг нэмэлцэх бол? Тэднийг ертөнц хараад бахдан бүгд гэрлийг цацруулж эхэлбэл сайханаа. Гэвч энэ үүрэг “Fantastic 4”- ийнх биш болохоор та ч юм уу би ч юм уу хальт гэрэлтэх гээд үзэцгээвэл ямар вэ хөө :-.)

1 comment:

Och Oyuntugs said...

Oh you're so bad.
Булан тойроод хүмүүс юу хийж байгааг үнэхээр таах аргагүй юм. Зөвхөн дээр байгаа нөхдүүд гэлтгүй, доор хамтдаа хичээж байгаа анд нөхөд маань ч итгэхэд хэцүү зүйлсийг хийж магад. Гэхдээ ингэлээ гээд нэгнээ хий хардах нь чухал биш гэж бодож байна. Тэдний хийж чадахгүй байгаа зүйлсийг бид нар буюу, тэдний барааныг олж харсан хүмүүс хийж байх ёстойн болов уу.