Галт тэрэг

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол” гээд л жаахан байхдаа дуулаад гүйдэг л байлаа. Өөрийнхөө багын албумаа үзэж байхдаа шүдгүй хэрнээ дуу дуулаад концерт тавьж байсан нилээн инээдтэй зургаа хараваа би. Тээд ямар дуу байсан юм бол гэж бодоод багын явдлаа дурстал энэ дуу хамгийн түрүүнд аманд орж ирсэн юм. Тэр галт тэргэнд хүн бүхэн яагаад суухыг тэгтлээ хүснэ гэж? би өөрөөсөө асуув. Галт тэрэг биш юм аа гэхэд цаг хугацааны машин ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн зүйл бүтээгээд өнгөрсөн үедээ очих нь хүн төрөлхтний туйлын хүсэл байсаар ирсэн, байх ч болно гэж би бодож байна. Тэгвэл яагаад хүмүүс заавал юмсыг төгс байлгахыг хүсдэг юм бол? Ямар нэгэн байдлаар өөрт нь таалагдахгүй байсан зүйлсийг өөрчлөх гэж оролдох шаардлага үнэхээр байна гэж та бодож байна уу? Энэ нь хэзээ ч боломжтой биш гэдэг нь тодорхой байхад хүртэл үүнийг бодсоор байх эсэх нь таны л хэрэг.

Надад өнгөрсөн үедээ харамсах зүйл чамгүй их байдаг. Бодох үед өөрийгөө үзэн ядмаар санагддаг тийм ч зүйл миний амьдралд бий. Гэхдээ би нэг зүйл дээр шийдвэр гаргахаар шийдлээ. Тэр нь юу вэ гэвэл нэгэнт би тухайн цаг мөчийг туулаад өнгөрсөн, надад дахиж ирэхгүй нь тов тодорхой учраас өнгөрсөн үеийнхээ алдаагаар өөрийгөө яллаж амьдрахгүй гэсэн миний өөрийн шийдвэр юм.

Харин ирээдүйд өөрийгөө дахиж яллахгүйн тулд би одоо байгаа цаг үеээ ухаалгаар зарцуулахыг хүсч байна. Нэгэнт миний амьдрал мөнх биш, хэзээ нэгэн цагт би энэ дэлхий дээрх бүх зүйлээ орхиод явах нь зайлшгүй тул тэр мөчид харамссан сэтгэлтэйгээр явмааргүй байна. Харин ч өөрийн амьдралд сэтгэл хангалуун, бусад хүнд үлгэр жишээ болсон сайхан амьдралыг би туулмаар байна. Тиймээс дуунд гардаг тэр галт тэргийг би хэзээ ч эрж хайхгүй. Харин та хэзээ ч ирэхгүй вагоныг хүлээн буудал дээр хамаг сайхан насаа барахгүйн тулд одоо л дотроо нухацтайгаар шийдвэр гаргаарай гэж би ятгаж байна. Тэгээд маргааш өглөө сэрэхдээ амандаа “Хүүхэд насанд хүргэж өгөх галт тэрэг байдаг бол БИ ЛАВ СУУХГҮЙ” гэсэн дуу аялан цоглог сэрэхийг ерөөе.

Comments

Och Oyuntugs said…
Баярлалаа.
Чиний блог хүнийг сэрээж байнаа

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр