Wednesday, February 11, 2009

Сураг

Нэг мэдэхэд харих цаг болчихсон байх вий гэж их боддог болчих юм. Уг нь дөнгөж л 80-ын талын талыг наслаж байгаа юмсан. Би ер нь багаасаа л их гадуур явдаг, хүмүүсийн хэлдгээр их тэнэдэг хүүхэд байсан. Гэхдээ би тэр бүх үйл явцыг тэнэлт гэж хэлэхгүй харин ч насны багад олон хүнтэй танилцаж, олон зүйлсийн талаар алтан чихтэй болж явсан их хэрэгтэй цаг хугацаа байсан гэж дүгнэдэг. Гэтэл залуус одоог хүртэл олигтойхон найз нөхөд байхгүй, хүнтэй юм ярилцчих чадваргүй, хэн хаана юу хийдэг талаар мэдээлэлгүй байх юм. Дээхэн үед байсан “Танилтай бол талын чинээ” гэсэн үг одоо хамгийн үнэн үг болчихоод байгааг анзаараагүй хүн цөөхөн байх. Мэдлэг гэдэг зүйл ерөнхийдөө их харьцангуй ойлголт болчихсон энэ үед мэдээлэл хамгийн хүчтэй зэвсэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Харин хаанаас тэр хүч өгөх мэдээлэл ирж байна гэдгийг ухах юм бол найз нөхөд, гэр бүл зэрэг танилын хүрээллээс өөр нүхэн гарц харагдахгүй байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл маш явцуу байгаа өнөө үед ТВ хараад цагаа үрж байх сонирхол надад лав байхгүй. Тархи угаах гэж ололдож буй зарим нэвтрүүлгүүдийг харахад үнэхээр өрөвдөлтэй хүүхдийн тоглоомоор тоглосон, өөрөө үсээ хөөсөртөл нь шанпуньдуулсан гаруудын арчаагүй оролдлого илт үнэртэж хүүхэд нохойн доог болох шахах юм.

Мэдээлэл тархах зарчим амнаас ам дамждаг байсан нүүдэлчин сэтгэлгээ маань өнөө үеийг хүртэл үнэт өв болон хадгалагдан үлдсэн нь үнэхээр хачирхалтай. Бензин, түлшний үнэ нэмэгдсэн сургаар өглөө босоод ирсэн чинь талх хэд болчихсон байв аа. Саяхан хүртэл доллар 1500 хүрсэн нь хэдэн ченж гэж өөрсдийгөө нэрлээд байгаа жижиг гаруудын сайн болсон найруулга байв. Одоо бүр 1600тай байх шиг байна. Маргааш нь дэлгүүрээс үргэлж зажилдаг Double mint-ээ авах гээд ортол байдаггүй, учрыг нь ухахад маргааш үнээ нэмж зарна гээд өнөөдөр нь нийлүүлэлт хийгээгүй гэв. Бүр цааш нь яриултал ер нь бүх барааны үнэ 20%-иар нэмэгдэх сураг өдөржин дэлдсэн талаар, хямрах энэтэр гээд бүүүүр айлгасан мэдээ болоод явчихав. Сандарсан ах бараг бүх найзуудруугаа утас тогшоод дайны бэлтгэл хангагтун гэдэг даалгавар өгөөд өөрөө өвлийн идэшнээс бусдыг нь цуглуулчих шахав. Хот нойрсож, хот сэрэв. Гадаа бөмбөг дэлбэрсэн шинж алгаа, цонхоор хагадсан эхний хүмүүс лав талх тариагаа барьчихсан гэрийн зүг алхацгааж байв, нээг их уурласан ундууцсан царай ажиглагдсангүй. Хуурамч түгшүүр байжээ.

Энэ ам дамжсан мэдээлэл үнэхээр хүчтэй юмаа гэж. Монгол улсын тухай ерөнхий тоо мэдээлэл яг баттай ноттой зүйл ер нь харагдахгүй юм. Гэтэл ам дамжсан мэдээлэл хэд хэдэн хувилбар байна гэнэ. Монгол улсын хүн амын тоо адаглаад хэд юм бэ? Мэдэж байгаа хүн байна уу? Надад хэлээд өгвөл маш их талархана. Мэдэхгүй ээ.

Тэр байтугай НАЧИН-ы найраа яг хэд байгаа бол гэж би асуувал та нар өөр өөр үнэ л хэлэх байх. Зарим нь 100 сая, 30 сая, 50,70 гээд л өөр өөр л ам дамжсан мэдээлэл.

 

Миний ярих гээд байгаа санаа бол бид бүгд Монгол ард түмэн, Монгол хэмээх 6 үсгээр өөрсдийгөө чимж амьдардаг хүмүүсийн хувьд адаглаад бодьтой мэдээлэл мэдэж, ашиглаж амьдарцгаая л даа. А тэгээд мэдээлэл гэдэг зүйл нууцын зэрэглэлгүй л бол хүн болгонд адил тэгш, хүртээмжтэй байх ёстой.

Одоо харин эх оронд минь хэрэгжээд байгаа хууль бол хэн мөнгөтэй, хэн эрх ямбатай, хэн олон танилтай, хэн мэдэлтэй нь мэдээлэлтэй байх юм.

7 сарын нэгэнд хэдэн хүн баривчлагдсан юм бүү мэд, хэдэн ардын хүү тэр хар өдөр өөрсдийн алтан амиа муусайн новшнуудын гарт алдсаныг бүү мэд. 5 хүн гэж би сонссон, гэхдээ таксины жолоочоос. Гэтэл 4 гэж бас нэг найз хэлэх юм. 1 хүний амийг тоолдоггүй юм болов уу бүү мэд.

Алтны орд хаана хаана байна, хэн хэн түүнийг сонирхоод байна? Бүү мэд. Энхбаяр жилийн хэдэн төгрөгний орлоготой юм бүү мэд. Ямар ч байсан 500 сая төгрөг хахууль болгож өгий гэсэн хүнийг хөөгөөд гаргаж байхыг бодоход овоо бэнчинтэй л гар байх. Аман мэдээллээр Монголын бүх рашаан, сувилалын газруудыг Ноён Намбар эзэмшдэг гэнэ, энэ нэг газар сонссон нэр юм шиг санагдаад байгаа юм даа. Гэхдээ хаана?

Саяхан нэг тендерийн тухай мэдээлэл тэнээд явж байхдаа сонслоо. Батлагдсан мөнгөний 10%-ыг нь өгвөл тендер минийх юм байх. Мэдээж тэр нь нэг хүнийх болсон л байх.

Дэлхийн хамгийн том хайлт, нэрийг нь сонсоогүй хүн бараг үлдээгүй нэгэн том мэдээллийн акул байна тэгсэн чинь. Нэрийг нь ГҮҮГЛ гэдэг юм гэнэ. Хайлтын хэдэн хувь нь эднийхээр дамждагийг та хайгаад л олчихно. Тэдэнд мэдээлэл байгаад байна, бидэнд хэрэгцээ нь байгаад байна. Нийлүүлэлт хийж байгаа гарууд хэрэгтэй мэдээллийг минь нуучихвал яах уу? Үгүй гэх газаргүй.

 

Нэгэн залуу найзтайгаа гудамжаар зугаалж явахдаа Пушкин эхнэртэйгээ явж байхыг харж л дээ. Дараа нь Пушкиний тухай яриа өрнөх үед нөгөө 2 чинь “Бид 2 харсан, авгайгаа дагуулаад гудамжаар алхаж байна лээ” гэж гэнэ. Тэдний дунд байсан нэг найз нь гэртээ хариад “Пушкин өнөөдөр эхнэртэйгээ гудамжинд алхаж байснаа манай 2 найзыг хараад гэнэт яваад өгч гэнээ” гэж эхнэртээ хэлж, эхнэр маргааш цааш нь ажлынхандаа “Пушкин хог чинь их дээрэлхүү хүн гэнэ, эхнэртэйгээ явж байхдаа хүмүүсийн хажууд чирээд явцан гэж байна, манай нөхөр бүр нүдээрээ харж... Энэ мэтээр 15 дахь хүний яриа ийм байна гэнэ “Пушкин нэг өдөр эхнэртэйгээ алхаж байсан чинь эхнэрийнх нь гэдэс өвдөөд, тэр 2 бүүр сандраад эмнэлэг явсан гэнэ, 25 дахь яриа нь Пушкиний эхнэр гудамжинд төрөхөө шахаад эмнэлэг дуудаад явсан гэнэ, 35, 45 гэсээр 100 хүний дараа нөгөө эхлэсэн яриа чинь “ Лермонтов модон дээр гараад Муусайн хужаанууд зайлцгаа гэж орилсон гэнэ” болчихсон явж байна гэнэ.

 

Иймэрхүү янзаар хүний амнаас ам дамжин явахдаа мэдээлэл хэд дахин өөрчлөгдөх магадлал өндөр. Жишээ нь гэхэд л миний бичсэн энэ онигоо анх 2 жилийн өмнө сонсож байсан хувилбараа санахгүй байгаагийн улмаас жаахан гажуудчихсан л явж байгаа.

 

Үнэн бодит мэдээллийг амьдралынхаа өдөр тутмын амин хэрэгцээ болгох шаардлага энэ нийгмийн иргэн бүрийн хувьд зайлшгүй чухал хэрэгцээ мөнөөсөө мөн. Асуух юм байвал асууж байгаарай хүмүүсээ, нэг юмны сураг гаргаж магад шүү энэтэр...

 

Жишээ нь блог ертөнц өөрөө их барьцгүй мэдээллийн эх сурвалж. Хүн бүрт өөрийнх нь эрх чөлөөг хангаад өгчихсөн хувийн нийтлэлийн хуудсыг нь гаргаад өгчихөөр ёстой л над мэтийн нөхдүүд хэдэн хуруугаа чилтэл юм бичихгүй бол санаа нь амардаггүй юм шиг байгаан. Бичихийн зэрэгцээ бусад гаруудын бичсэн зүйлсийг амтархан уншиж, тунгааж шингээж явдаг болчихдог бас хөөрхөн хэрэгцээ хангасан үйлчилгээ юм. Дэлхий дээр хэдэн блог байдаг юм бүү мэд, бүгдийг нь уншиж, бүх бичлэгтэй нь танилцана гэвэл үлдсэн хэд ч юм нас минь хүрэлцэхгүй биз.

Бичсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн зүрх сэтгэлээр бусдын мэдлэгийн санд нэмэр болохуйц, эсвэл адаглаад өөрийнхөө дурсамжийг үгээр илэрхийлж өөртөө туслачихаар зүйлс бичиж байвал хэн хэндээ хэрэгтэй юм болов уу. Хүнийг бичсэн зүйлээр нь дүгнэх зарим тохиолдолд уулзаж танилцснаас илүү үр дүнтэй байх нь бий. Хов хоосон савнаас юм гоожоод байна гэж байхгүй, эсвэл цэв цэвэрхэн савнаас хир тортогтой зүйл ундрах нь юу л бол. Эсвэл ус шиг тунгалаг хирнээ согтоодог хатуу ундаа шиг уншихад таатай, ухаарал өгөөд байгаа мэт боловч цаад уг санаа, илэрхийллийнх нь утга очих цэг нь буруу олон л зүйл давхар харагдана. Хүн гэдэг их хэвшмэл амьтан юм, филтер гэсэн зүйл хүний амьдралын янз бүрийн цаг мөчид янз бүрийн өнцгөөс бүрэлдэн бий болж төрөл бүрийн асуудлыг шүүн тунгааж цааш нэвтрүүлэлгүй өөртөө үлдээгээд байдаг нэгэн зүйл толгойтой бүхэнд байх юм. Гагцхүү хэм хэмжээ нь бүгд өөр.

Сураг дуулахнээ тэр филтер нь хүнийг хэрэгцээгүй мэдээллээс хамгаалдаг ч зарим үед хэрэгтэй зүйлсийг харж чадахааргүй болгож сохолдог гэнэ. Тэгэхээр ер нь зөв филтерийг нь олоод авчихвал бас л хэрэгтэй л эд юм шиг байгаан. Дүрсэлвэл хүнийг нэг хавтгай гэж үзье, хавтгай дээр мэдээлэл орж ирлээ, нөхцөл байдал ч байж болно. Хавтгай хотойно. Хотойсон хавтгайн хаана ч өөр зүйл буухад нөгөө хотойсон хэсэгрүү л бүгд хальтирч шахагддаг юм байх. Зөв филтер бол хавтгай өөрөө хавтгай хэвэндээ байх, тэгш гадаргаараа.

Үүнтэй холбоотой бас нэг стандарт бус сэтгэлгээний тухай нэг азарган ном байна гэнэ, удахгүй уншчихаад бичихийг бодноо. Тэр ном нь манай найзад байгаа сурагтай :-.)

No comments: