Friday, April 3, 2009

$86400

Эргэж харахад харамсах зүйлгүй амьдрахсан гэсэн хүсэл хүн бүрийн дотор байдаг болов уу?

Эсвэл би л ганцаараа хэнээтэй юм шиг эргэж харах марах тухай санаад яваад байдаг юм уу?

Хэрэв таньд хэн нэгэн өдөр бүр $86400 өгөөд, чи харин түүнийг нь тэр өдөртөө заавал үрж дуусгах ёстой болвол та яах вэ? Өглөө бүр халаасанд чинь энэ хэмжээний мөнгө, гэвч өдөр дуусахад та үрсэн байх шаардлагатай. Би лав энэ их мөнгийг үрж чадахгүй гэдгээ мэдэж байна. Ер нь овоо үрэлгэн гар ч амжихгүй байх. Үнэхээр ийм зүйл таньд тохиолдвол та юу хийх вэ? Яг үнэндээ хэн бүхэнд яг л ийм зүйл өдөр болгон өгөгддөг гэдгийг нэг найзаасаа сонсоод нэгэн зүйлийг бодлоо. Үнэхээр ч цаг хугацааг алтнаас ч илүү үнэлдэг бид өдөрт 24 цаг, цагт 60 минут, минутад 60 секундийг цоо шинээр бэлэг болгон хүлээн авдаг шүү дээ. Энэ их баялагаа би юунд зарцуулж, юуны төлөө явж байгаа вэ гэдэг минь чухал асуулт. 

Хүний амьдрал нэг бодлын богинохон, харамсалтай мэт боловч нөгөө талаараа хангалттай урт, хэрэгтэй зүйлс хийхэд хэтэрхий хангалттай юм шиг. Амьдрал гэдэг ойлголт өөрөө дэндүү өргөн, дэндүү гүн, дэндүү адармаатай асуудал. Өдөр тутмын хийдэг зүйлс, уулздаг найзууд, иддэг хоол, хийдэг ажил гээд л хүнийг тодорхойлох олон зүйл байдаг ч хамгийн чухал нь хүн өөрөө хэн бэ? Мөн хаанаас ирээд хаашаа явах зуураа дэлхий хэмээх цэнхэр гараг дээр мэндлэн хэдэн жилийг өнгөрөөж байгаа вэ гэдэг нь юм. Юм сайн муу талтай, амжилтын цаана  алдаа оноо. Амьдралын цаана эрээн бараан зүйлс. Нийгэм гэж бидний нэрлээд байгаа хамтын амьдралын хувьд хүн бүр өөрийн үүрэг хариуцлага хүлээдэг ч тэр бүр хийгээд байгаа зүйлс нь хангалттай сайн байдаггүй юм байна. Үзэж харсан, туулж өнгөрөөсөн зүйлс хүртэл өөр өөрийн онцлогтой. Онцлог бүр өөр өөрийн бас онцлогтой. Тэр онцлогууд нь бас онцлогтой. Дэлхий дээрх хувь хүн бүр дахин давтагдашгүй онцлогтой, үнэ цэнэтэй, зорилго төлөвлөгөөтэйгээр бүтээгдсэн гэдэг итгэл миний дотор их хүчтэй байдаг юм. Дэлхий юутай арвиныг сая л ухаарлаа, дэргэд нь би юутай өчүүхэн болохыг сая л мэдэрлээ, Захад нь төрөөд захад нь өтөллөө гэж Чойном гуай өгүүлсэн байдаг, ямар агуу үнэн бэ?

Хүн хэдий өчүүхэн ч хүн гэсэн ойлголт чамлахааргүй том, чамлахааргүй өргөн. Өөрийгөө таньж чадвал түүнтэй зэрэгцэх ялалт цөөхөн биз. Өдий хүртэл олон зүйл үзлээ, бас олон ч зүйлийг ирээдүйд хүлээж байна.

Хүмүүсийн амьдрахдаа хийдэг нийтлэг зүйлсийг ерөнхийд нь бодож үзлээ. Хорвоод мэндлээд хэсэг зуур энэ дэлхийд авч ирсэн хүмүүсийнхээ халамжинд хөлд, хэлд орж, номд нэвтэрдэг юм байна. Тэр зуураа өөртэйгээ адил хэсэг нөхдийг олж аваад найзууд хэмээн нэрлэгдэж тус тусдаа эсвэл хамтдаа хөлөө олох гэж хэсэг зуур эрээнтэй бараантай энэ хорвоогийн асуудлуудтай зууралдацгаана. Ганцаар туулахгүйг ойлгох үедээ хайр гэдэг зүйлийг эрэлхийлж олох аваас инээд алдана. Магадгүй дараа нь муухай царайлах тохиолдолч бий. Тэгээгүй нь юутай азтай.

Хамтын амьдрал гэж үлдсэн амьдралаа цуг өнгөрөөхийн тулд чамгүй золиос чамгүй зориулалт гаргана. Энэ бүхний эцэст өөрийн удам угсааг залгуулах үр хүүхдийг төрүүлж, тэд ч өөрсдийн амьдралын замналаар өдөр хоногийг өнгөрөөсөөр бор өдрүүдийн аль нэгэнд мөнх бусыг үзүүлнэ. Ийм л зарчим зогсолтгүй хэдэн мянган жил хэрэгжээд ирсэн дэлхий юутай агуу вэ. Ийм агуу ертөнцөд хүн болж мэндэлчихээд ховорхон олддог боломжоо үр бүтээлгүй зарцуулаад, ирсэн зорилгоо умартаат яваад байхгүй юмсан гэсэн бодол их төрөх юм. Хэзээ нэгэн цагт явах цаг минь ирнэ, тэр хэзээ нэгэн цаг нь хэзээ ч байж болно. Өглөө, орой, үдэш, амьд явах минь баталгаатай хором бидэнд үгүй

No comments: