Хэлэх амархан, Хийх ч амархан
Бид аль бага байхаасаа л олон зүйлсийн талаар ярьж эхэлсэн. Би лав бага байхдаа цагдаа болно, онгоцны нисгэгч болно гэж бодож, цэцэрлэгийн найзууддаа ярьж явлаа. Яахав бага байсан болохоор ч тэр юм уу мэддэг мэргэжлүүд их цөөхөн тэгээд сонгосон сонголт нь ч явцуу байж ээ. Жаахан томроод 10 жилийн 4,5 дугаар ангид орлоо. Тэр үед компьютер гэж нэг их гоё юм энд тэнд харагдаж эхлээд, зарим найзууд ч авч эхлэв. Тэгэхээр нь эгч нар, зарим найзуудтайгаа ярьж байгаад ерөөсөө л програмист болъё гэж шийдчихээд бас хэдэн жил таньдаг мэддэг хүн болгондоо амныхаа зоргоор ярьдаг байлаа. Хаана л шинэ программ софт байна тэрийг сонирхоод, юу ч мэдэхгүй юм байж айхтар юм их л ярьж явлаадаа. Одоо ч гэсэн том том юм их ч бодож санаа нийлдэг хүмүүстэйгээ их том том ярьнаа. Гэхдээ энэ 19 жилийнхээ туршлагаас харахад хүн ихэнхидээ яг ярьдаг шигээ байж чаддаггүй юм байна. Мэдээж яг ярьсандаа байж, ихийг амжуулчихсан өөрөөр хэлбэл хоншоортой хүмүүс байдаг лдаа. Тэд ер нь бол гүйцэтгэл тал дээрээ их сайн ажилладаг, их зүйл ч бага зүйл ч бүгдийг сэтгэлээсээ хийдэг тийм л хүмүүс болохыг та өөрөө анзаарах байх. Жижиг зүйл гээд байгаа маань 10 жилийн чинь даалгавар, орой аяга тавгаа угаадаг чиний бяцхан үүрэг, найздаа өгнө гээд зээлсэн зуухан төгрөг, асуугаагүй байхад нь тослоод тавьчих эгчийн чинь гутал гэх мэт бидний амьдралд өдөр тутам тохиолддог аар саар зүйлсүүд шүү дээ найзуудаа. Бидний ихэнхи нь иймхэн ажлаа хариуцлагатай гүйцэтгэчихэж чаддаггүй хэрнээ асар том компанийг удирдаад аваад явчих юм шиг мөрөөддөг, би ч тэгдэг байсан. Харин амжилт гэдэг зүйлийн цаана үргэлж үнэ цэнэ давхар явдаг гэдгийг ухаарснаас хойш аливаа зүйлсийг жижиг гэлтгүй итгэмжтэй хийхээр бат шийдсэн юм.
Бас нэг бяцхаан зөвлөгөө гэвэл бага ярьж ихийг хийх их амархан шүү. Ихийг бодоод, багыг яриад, ихийг хийе. Ингэж байж нөгөө мөрөөддөг амьдралдаа хурдан хүрнэ гэдэгт чинь миний бие бат итгэлтэй байна... Хөгшин болсон хойноо үр ачдаа “хэлэх амархан, хийх ч амархан” гэж сургамжлаад сууж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Comments