Монгол стандарт

Зурагтаар ойрд “Монгол стандарт” гэж реклам суваг солих болгонд залхтал цацагдаж байна. Яг юуг сурталчилаад байгааг нь мэдэж байгаа боловч энэ нэр нь их утга учиртай баймаар санагдлаа. Стандарт гэдэг үгийг бид орчуулгагүйгээр хэрэглэсээр байгаад чихэнд нэгэнд дасал болчихсон хэдий ч энэ үгний цаана асар их ухагдахуун нуугдаж байдаг. Ялангуяа Монгол гэдэг үгтэй холбогдох юм бол бүхэл бүтэн Монгол үндэстний ямар нэг зүйлийг тухай ярьж байна гэсэн үг. Тэгвэл энэ үгийг сонсоод таны толгойд юу хамгийн түрүүнд буудаг вэ? Яг үнэнийг хэлэхэд миний тархинд ямар нэгэ дүрс энэ үгийг сонссоны дараа харагдахгүй байна. Гэтэл Герман стандарт гэвэл хажууд нь шал өөр юм бодогдоно. Япон стандарт, Америк стандарт гэдгийн цаана дэлхийн ихэнхи хүний тархинд нийтлэг нэг зүйл бодогдоно. Харамсалтай нь Монгол стандартыг мэдэх хүн ховор ажээ. Бид хүнтэй цаг болзохдоо монгол цагаар биш шүү гэж хэлдэг маань бидний стандарт болчихоод байна, бид эвдэрхий машинийг засахдаа монголчилчихъё гэж хэлдэг маань манай стандарт болчихоод байна, бид нэг нэгэндээ хулхи бараа хужагаас авч ирж зардаг маань бидний нөгөө “Монгол стандарт” болчихоод байгаа юм биш үү? Харин бид иймэрхүү стандарттайгаа хэр хол алхах бол? Хэрэв бид энэ стандартаа хадгалаад явах юм бол “Монгол стандартыг гадныхан ч байтугай бид ч өөрсдөө хэрэглэхээ болих цаг ойрхон байна.

Ийм байдалд хүрэхгүйн тулд “Монгол стандарт” болсон та өөрөө хийж байгаа зүйлдээ хамгийн сайнаа зориул. Яагаад заавал монгол стандарт гэхээрээ хулхи, оромдчихсон, эсвэл дутуу, гологдсон, тийм онцгүй байх ёстой гэж? Бидэнд шинэ стандартыг гаргаж ирэх бүрэн бололцоо байна. Бид Монголчууд маань өөрсдөө “Монгол стандарт” гэдгийг дэлгүүрийн лангуун дээр байдаг тэр нэг архихан төдийгөөр хязгаарлан төсөөлөлгүй, хэний ч өмнө нүүр бардам энэ бол “Монгол стандарт”ын бүтээгдэхүүн, энэ чинь монгол стандартаар хийгдсэн эд байхгүй юу гэж хэлдэг байх ёстой билээ. Бид л одоо өөрчлөхгүй бол хойч үе маань “Монгол стандарт”-аасаа ичиж амьдрах байх шүү. Ингэхийн тулд та яг одооноос эхлэн өөрийн хийж байгаа бүхий л зүйлдээ өндөр шаардлага тавьж сураарай... Энэ бол “МОНГОЛ СТАНДАРТ”.

Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр