Өөр юм...

Хүн төрөлхтөнд хоол тэжээл, мөнгө төгрөгнөөс илүүтэйгээр хамгийн хэрэгтэй зүйл бол хайр гэж хувьдаа боддог. Хүн өлсөж болох ч хоол идээд гэдэс нь цадчихна, хүн мөнгөөр дутаж болох ч хөдөлмөрлөөд баяжчихаж болно. Гэтэл хүн хайраар дутсан үедээ тийм амархан үүнийг олчихож чадна гэж үү? Би лав тэгэж бодохгүй байна. Хамгийн чухал нь хүнээр хайрлуулахын тулд хүнийг хайрлаж чаддаг байх хэрэгтэй мэт санагдана. Бараг л бүх хүн энэ асуултыг өөрөөсөө асууж, ихэнхи уран бүтээл, дуу хөгжим энэ л асуудлыг хөндөн, хайр гэж яг юу юм бэ гэдгийг тайлбарлахыг оролддог ч яг үнэндээ ойлгосон хүн хэд байдаг бол? Мэдээж хайр гэж юу болохыг бүрэн утгаар нь төгс ойлгоно гэж байхгүй ч хүмүүс бид ядахдаа зөв гадарладаг байсан бол ямар сайхан бэ.
Миний мэдэхээр хайр өөрөө бас олон төрлийн байдаг. Гэвч ерөнхийд нь өөрийгөө хайрлах, өрөөлийг хайрлах гэж 2 хэсэгт хувааж болох юм шиг санагдав.
Өөрийгөө хайрлах хайр хэт ихсэх үед өөрөөр хэлбэл туйлшлах үед хүн хувиа хичээсэн бэртэгчин болж хувирдаг болохыг бид олон жишээн дээр харж болно. Өрөөлийг хайрлах хайр маань дотроо анд нөхдөө хайрлах хайр, гэр бүлээ хайрлах хайр, эсрэг хүйсний нэг хүнийг хайрлах буюу эротик хайр зэрэгээр ялгаатай ухагдахуун олон ч энэ бүгд дээр хэрэгжиж болох хамгийн зөв зарчмыг би “Өрөөлийг өөр шигээ хайрлах” гэсэн энгийн зүйл гэж бодож байна. Бодож байна гэсний маань учир нь би тэгтлээ том болж амьдралыг туулчихаагүй байна. Гэвч бас үзсэн, харсан, бодсон зүйлс маань тийм ч бага гэж бодохгүй байна. Тиймээс өөрт суугдсан зүйлээ ил гарган бичиж байгаа маань энэ. Өрөөлийг өөр шигээ хайрлах тийм амар зүйл гэж би хэлэхгүй ээ. Хүн болгон өөр өөр учир бидэнд үүнтэй нь холбоотойгоор өөр өөр стандартууд гарч ирдэг байх. Заримыг нь их хайрлаад, заримыг нь арай бага хайрлаад, заримыг нь бүүр үзэн ядчихсан явж байх нь ч бий. Тэр үедээ л бид “өрөөлийг өөр шигээ хайрлах” гэсэн зарчмыг дахин санах хэрэгтэй болов уу. Учир нь бид хэзээ ч өөрийгөө үзэн яддаггүй шүү дээ. Өөртөө мэдээж дургүй хүрэх үе байдаг ч би лав өөрийгөө үзэн ядаж байснаа санахгүй байна. Хүмүүс бид хэн нэгэнгүйгээр хэр удаан амьдарч чадах бол? Ганцаардаад хэн ч хажууд байхгүй тэр үед ядахдаа үзэн ядаж байсан хүн маань ч болов энд байсан болоосой гэж бодож байсан үе надад бий. Чухам хэн болчихоод бид бусдыг алаг үзэн, хайрлах эсэхтээ стандарт тогтоодог юм бэ? Хэн ч биш байхад минь эцэг эх минь намайг хорвоод авчирсан, хэн ч биш байхад минь “ХҮН ЧАНАР” гэж юу байдгийг гэр бүлийнхэн маань надад зааж өгсөн, хэн ч биш байхад хүний ертөнцийн хуулиуд, зарчмуудыг хэдэн муу багш нар минь л зааж өгсөн. Ингээд бодоод байхад хэн ч биш байж би бусдаас дэндүү ихийг авчихсан байгаа юм даа. Одоо харин өгч эхлэх цаг нь болжээ гэдгийг би үнэхээр сайн мэдэрч байна. Би бусдыг хайрлах хэрэгтэй, би бусдад туслах хэрэгтэй, тэдэнд чадах зүйлээрээ туслаж, амьдралд нь дэмжлэг болж л байвал миний хүсэл биелэх нь тэр. Надад амжилт хүсээрэй

Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр