Ерөнхийлөгчид бичих захидал (1-р хэсэг)

Сайн байна уу? Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай. Монгол улсын жирийн иргэний хувьд Монгол төрийг удирдаж байгаа таньд хандаж өөрийн бодлыг бичье.
Монгол орон үнэхээр сайхан орон, монгол хүмүүс ч үнэхээр сайхан хүмүүс. Дэлхий дээр монгол шиг ийм гайхалтай сайхан улс байхгүй гэдэгт би монгол хүнийхээ хувьд бат итгэлтэй байдаг. Гэвч эх орны минь өнгө гундаж, хүн ардынх нь нүдэн дэх гал бөхөж байгааг өдөр өдрөөр харж байгаа би үүнийг зүгээр хараад сууж үнэхээр чадахгүй нь.
Гудамжинд тамхи ширхэглэн зарж өдрийн хоолоо олж идэж байгаа эмээг харахдаа, автобусны буудал дээр хэвтэх залуу сайхан монгол эрчүүдийг харагдаа, хажуугаар нь өнгөрөх надаас хэдхэн төгрөг өгчихөөсэй гэж хардаг бяцхан хүүхдүүдийг харах тоолонд миний дотор ямар хэцүү болдог гээч. Та ч яахав чухал ажилтай мянга мянган хүний замыг хаан байж төв замаар Mercedes Benz хөлөглөн давхидаг болохоороо энэ бүгдийг ажиглан харж төдийлөн амждаггүй бололтой. Гэвч өдөр тутам ийм амьдрал дунд алхаж, аж төрж байгаа ард түмэн минь тань шиг биш над шиг мэдэрч, шаналж, бухимдаж байгааг та мэдэж л баймаар.
Монгол ард түмэн уг нь ингэж амьдрах ёсгүй л юмсан даа. Бид нар чинь дөнгөж л 3 сая ч хүрэхгүй цөөхөн, баялаг түүх, бахдам байгаль, сүрхий оюунтай хүмүүс биш билүү? Хэдий тийм ч тэднийг өлсгөж байгаа төр засгийг зөвтгөе гээд ч сэжим олдохгүйг яалтай. Удирдагч байна гэдэг том хариуцлага, хүнд ачаа, хэр баргийн хүн хийчихээр амар ажил биш гэдгийг ойлгож байна. Хэрэв чадахгүй байсан юм бол яах гэж дээшээ зүтгэсэн юм бэ та? Та тэгтлээ их дэлхийн хэмжээний асуудалд анхаарал тавьж, хүн амынхаа тоог яах вэ гэдэг дээр асуудал тулгарчихсан, эсвэл хөгжлийн гарц хайгаад ч олдохгүй байгаа тэгтлээ хэцүү төрийг удирдаад байгаа гарамгай удирдагч уу? Ёжлосон мэт сонсогдож байж магад ч таны хийдэг мэдэгдэлүүдийг уншихад таныг яаж явж байгаад ийм жижигхэн хүн бүхэл бүтэн Монгол улсын ерөнхийлөгч болчихов оо гэж гайхах сэтгэгдэл улам бүр төрөх болж байна. Тархи угаах башир арга хэрэглэж өөрийгөө юм хийж бүтээж байгаа мэт харагдуулж, хор найруулах замаар өөрийнхөө замыг цэвэрлэн өдийг хүртэл байр сууриа бэхжүүлэн байгаа өөрийг чинь 30 жилийн дараах монголын ард түмэн хэрхэн харахыг бодоод айдас чинь хүрдэггүй гэж үү? Ард түмнийхээ хайрыг хүлээж чаддаггүй юмаа гэхэд ядахдаа үзэн ядуулах зүйл битгий хий л дээ. Монголчууд хүчтэй ард түмэн гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Хэдий тийм ч удирдагчдаа харсаар бүр цөхөрсөн бололтой. Удирдагч хүн альваа асуудлыг харж чаддаг байх ёстой, тэд өөрийн араас дагуулж байгаа хүмүүсийнхээ өмнө хариуцлагатай байх ёстой. Тэд ирээдүйд харж буй зургаа бусдын тархинд зурж тэдэнд тэр л ирээдүйн төлөө тэмцэх урам зориг, эрч хүч, боломж бололцоог нь нээж өгөх үүрэгтэй. Гэтэл тийм юм Монголчууд бидэнд байна уу? Үгүй гэдгийг би бат хэлж чадна. Өнөөдөр өнгөн дээрээ нийгэм эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа мэт боловч бодит байдал үүнийг няцааж байна. Яагаад миний амжиргаа дээшлээгүй байхад төсвийн зардал нэмэгдээд байгаа юм бэ? Бараа таваарын үнэ өдөр ирэх тусам л дээшлэх юм. Үүнийг ойлгох потенциал яалтачгүй надад дутаад байна.
Монгол өөрчлөгдөнө гэдэгт үнэн голоосоо итгэдэг над шиг хүмүүс зөндөө гэж итгэж байна. Хамтраад хийвэл таниас царай алдахгүйгээр монголыг өөрчилж болно ч гэж бодож байна. Уг нь та ерөнхийлөгч хүн шиг сайхан дэмжээд өгдөг бол ч бүр ихийг хийж болохсон. Ажлаа хийхгүй байгаа таниас дэмжлэг харж суух нь бүтэхгүй мэт санагдавч бас ч горьдлого байгаад байгааг өөрөө ч ойлгохгүй байна. Ямар ч муу хүн өөрчлөгдөж болдог гэж би итгэдэг. Үүнийг таны талбар дээр харах юм бол та л нэг өөрчлөгдөх хэрэгтэй байна даа. Илүү өөр зүйлийг харж, илүү өөр зүйлийг үйлдэж монгол ард түмэн таныг сонгосон гол зорилгыг өчүүхэн ч болов биелүүлэхийг дахиад нэг бодоод үзэхгүй юм уу...

Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр