Next
Өчигдөр би Next гэдэг нэртэй Nicolas Cage–ийн тоглосон адал явдалт киног үзлээ. Хэрэв та уг киног үзсэн бол яг ямар үйл явдал гардгийг мэдэх байх харин үзээгүй бол гялс тайлбарлаад өгье. Гол дүрийн залуу маань багаасаа л ирээдүйд болох 2 минутыг урьдчилан хардаг далд авъяастай ба өөрийнхөөсөө гадна бас нэг эмэгтэйг хамт хардаг байна. Тэрээр үргэлж тэр эмэгтэй хэн болох, ямар учиртай болохыг мэдэхийг хичээдэг, гэвч түүнтэй уулзаж хараахан амжаагүй л явна. Мөн өөрийн далд авъяасаа ашиглан илбийн тоглолт үзүүлдэг байв. Гэвч нэг өдөр казино тоглож байгаад 2 минутын дараа хүн алах байсан өөр нэгэн залууг зогсоосноороо цагдаа нарын анхааралд өртөнө. Улмаар түүнийг ашиглан цөмийн зэвсэг дэлбэлхээр завдаж буй хэрэгтнүүдийг барихыг оролдох авч өөрийн чадвараа ашиглан тэднээс байнга бултаад байна. Үйл явдал өрнөсөөр хэрэг улам төвөгтэй болон нөгөө хайртай эмэгтэй нь хүртэл хутгалдан, бүх зүйлд хүссэн хүсээгүй оролцохоос өөр аргагүй болно. Тэгээд хосгүй чадвараа ашиглан баахан бужигнуулж бужигнуулж бүх зүйл дуусах авч киноны туршид болсон үйл явдлын тэн хагас нь болж өнгөрсөн биш, болох ирээдүй ба манай баатар өөрийн эмэгтэйтэй уулзсанаар тэдгээрийг бүтэн өдрийн өмнөөс шахуу харж чадсаных болохыг би ухаарав. Яг тэр үед залуу маань үүнээс өөр аргаар үзье гэж шийдэн үйл явдал бараг эхэндээ эргэж очино...
Би энэ киног үзэж дуусаад нилээн юм бодож суулаа, яг юу юу эргэлдэж байсныг яг санахгүй байгаа ч гэсэн өөр дээрээ төсөөлөн нилээн мөрөөдсөнөө санаж байна. Хэрэв үнэхээр надад ийм чадвар байсан бол юу хийх байсан бэ? Ямар ч алдаа гаргадаггүй, бүгдийг мэддэг, чухал царайтаай супер баатар байх байсан болов уу? Мэдээж ийм чадвар хүнд заяагаад байдаггүй ч хэрэв байсан бол их л гоё байж таараа.
Гэвч байхгүй болхоор одоогоор өөрт байгаа чадвараа л ашиглаж амьдрахаас. Сайн төлөвлөж, тооцоолж, аль болох бага алдаа гаргахыг хичээнэдээ. За ямар ч байсан Бурхан надад туслах болхоор алзахгүй гэж итгэж байна...
Comments