Tuesday, July 8, 2008

Бухимдал мину...

Дөрөвхөн жилд ганц л удаа монгол ард түмэн минь төрийн түшээдээ сонгох эрхээ эдэлдэг байж билээ. Насанд хүрээд анх удаа сонгууль өгч үзэх ёстой байсан юмсан, даанч цагтаа амжаагүй миний буруугаас хуруун дээр минь бэхэн тамга үлдсэнгүй, харин нуруун дээр минь нэг л хүнд ачаа ирчихсэн юм шиг санагдаад байх юм. Сонгох эрхээ эдэлж чадаагүйдээ өөртөө жаахан гомдолтой л байна, ёр нь л нэг буруу зүйл хийчихсэн юм шиг... Гэхдээ бас хийсэн сонголт минь хэнд ч хамаагүй нийгэмд амьдраад байгаадаа бас гутрах шиг. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт хэрхэн амьдарч байгаа талаар минь асуувал би сайхан л гэж хэлнэ. Гэхдээ бусад хүмүүс над шиг хариулах байх гэж би итгэлтэй хэлж чадахгүй нь. Эх орон минь ямар азаар ч юм нээх их баялагтай юм гэсэн, ард түмэн минь харин ямар лайгаар ч юм нээх их ядуу байгаад байх юм. Төр гэж нэг л их чухал ажил хийсэн худлаа царайтнуудын цуглуулгыг хэлээд байх шиг байна. Харин ард түмэн гэж харин нээг их чухал царайтангуудад дахин дахин итгээд байдаг гэнэн хонгоруудын олонлогийг нэрлэдэг болжээ. Уг нь монголчууд дээр үед овоо хоншоортой байсан байгаа юм, дэлхийн хагасаас илүү нутгийг захирч чадсан ганц л үндэстэн бол одоо аягүй арчаагаа алдаад байгаа энэ хэдхэн нүүдэлчид минь шүү дээ. Тэгсэн чинь яаж ийж байгаад хүчээ хуваагаад, бүр хоорондоо үзэх нь үзээд тэгэс ингэсхийж байгаад хэдэн манжуудад эзлэгдээд 220 жил их л зовцгоосон ч 1921 онд Дамдины хүү хэдэн журмын нөхдийн хамт унтаж буй өнөө хэдэн монголыг сэрээнгээ алдаад Оросын нөлөөнд орж 70 гаруй жил бас овоо тархийг нь угаалгуулаад авав. Бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон монголчууд 1990 оны Ардчилсан хувьсгалаар овоо нэг захзээлийн нийгэмд шилжин өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөж, өрсөлдөөнөөр хөгжицгөөн сайхан амьдрах ёстой байсан чинь одоо бидний дунд байгаа амьдралыг харах юм бол зарим зүйлс дэндүү буруу тийшээгээ хөгжөөд явцгаачихсан харагднам. Хэн нэгэний сонголт биш хүчтэй нэгэний тулган шаардалт энд тэнд харагдаад, хаа сайгүй айдас, үл итгэлцэл нийгмийг бүрхжээ. Миний нилээн хүчтэй мэдрээд байгаа зүйлсийн нэг бол бид, өөрөөр хэлбэл миний хэдэн монголчууд одоо яг нэг үеийн зааг дээр зогсоцгоож байна. Хаа нэгтээ ангал биднийг хүлээж байгаа, нөгөө талд нь цөл дундах баянбүрд буюу хүн бүрийн мөрөөддөг аж жаргалтай монгол. Магадгүй дэлхий бидэнд атаархах тэр хүчирхэг монголд хүрэх замыг сонгох уу, эсвэл нөгөө нэг ангал дээр очоод хэрхэн унахгүй байхаа бодон шаналах уу гэсэн хоёр зааг, зөрөг зам биднийг урдаас минь эгцлэн харж байна. Би хувьдаа хогон дунд хүүхдээ өсгөж, хэтэвчнийхээ зузаанд байнга санаа зовж амьдрахыг хүсэхгүй байна, нөгөөтэйгүүр хэдий хэтэвч минь зузаан ч хэн нэгэн мэдэлтний гар түүнрүү сунахад боль гээд хэлчихэж чаддаггүй байх зэрэмдэг сэтгэлгэйтэй нийгэмд насыг бармааргүй байдаг. Тэгэнгүүд одоо тэгвэл яах ёстой вэ гэсэн асуулт аягүй тод томруунаар гарч ирж байна. Би тэгтлээ цамаан юм хүсээгүй байлтай, гэтэл тиймхэнийг ч хийж чадах хүмүүс одоо лав эх орны минь толгойд байхгүй нь тодорхой харагдаж, хэдэн жилийн дараа тэр өндөрлөгт сууж байж магад нөхдүүдийн толгой дэндүү цэнэггүй сонстоно. Одоо яах вэ? Хувьсгал хийж ардын баатар болох уу? үгүй юм аа хийгээд байх хувьсгалын тохироо ерөөс алга. Жагсаал хийдэг юм билүү гэхээр нөхдүүд тэнэгтээд баривчилчих гээд, эсвэл буудах гээд байдаг. Аргаа ядаад төрийн төлөө боож үхсэн хулгануудын эгнээнд элсэж өөрийнхөө бухимдлыг бичиж сууна. Гарцын талаар хэдүүлээ толгойгоо хэд хоног олигтойхон ажиллуулчих юмсан.

1 comment:

Och Oyuntugs said...

Чи аль гараг дээр байнаа. Харь гаригийн хэлээр бичжиж. Стандарт фонтоор бич