Tuesday, July 8, 2008

Сонголт

Сонголт, чиний гарт бас миний гарт. Алхам тутамдаа л бид сонголт хийдэг. Өглөө эрт босох уу? унтаж унтаж 12 дөхүүлээд сэрэх үү, эсвэл өнөөдөр пүүзээ өмсөх үү, гутлаа углах уу гээд л, тэр ч байтугай ямар бохь зажиллах тухайгаа хүртэл бид бодож байгаад сонголтоо хийдэг шүү дээ. Гэхдээ бас амьдралынхаа амин чухал асуудал дээрээ сонголт хийхдээ худалч хүнд худалдаж авдаг бохиноосоо ч нухацгүй боддог гарууд байх юм аа. Эсвэл бодсон гээд андуураад бодчихдог юм болов уу... Ямартаа ч сонголт л болсон хойно сайн, эсвэл муу үр дагавар байнга л сүүдэр шиг нь дагах болно. Өглөө ээжийн хэлснээр дулаан хувцаслаагүйгээсээ болоод ханиад авах, хичээлийнхээ даалгавараа хийгээд сууж байх байсан цагаа өөр юманд зарцуулснаас ирэх муу дүн, туслаж болох байсан юман дээр туслаагүйгээсээ мэдрэх сэтгэлийн шаналгаа аль эсвэл эсрэгээрээ аавынхаа зөвлөгөөг дагаж зөв сонгож авсан мэргэжил, компьютер тоглохгүйг сонгосондоо итгэлтэй байсаар шалгалтынхаа өмнө сэтгэл амар суугаа онц сурлагатан гээд л үр дагавар бүр өөр өөрийн онцлогтой. Энэ нь бидний хийсэн сонголт бүр өөр өөрийн гэсэн үнэ цэнэтэйг харуулж байна. Хэн ч буруу сонголт хийж муу үр дагаварынх нь золиос болохыг хүсдэггүй гэж би итгэдэг. Гэхдээ л бид хааяадаа буруу сонголт хийчихээд байдаг нь үнэн биз дээ. Бүүр анхнаасаа л сонголт хүний салшгүй нэгэн өмч нь байсаар иржээ. Эрх чөлөө байгаа цагт сонголт байж л таараа, адаглаад нүдэнд харагдахуйцаар. Хүний нийгэм өөрөө их сонин ойлголт юм байна. Эрх чөлөө гээд яриад эхэллээ гэхэд түүний хил хязгаар, хязгаарлалтын талаар ярих ёстой болно. Хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдаг гэдэг. Тэгвэл хүний сонголт хийх эрх одоо үед үнэхээр тухайн хүнийх байж чадаж байна уу гэсэн асуудал гарч ирэх нь дамжиггүй. Хязгаарлагдмал эрх чөлөө сонголтыг ч бас хязгаарлана. Чи сонголтын хомсдолыг тэгтлээ холоос хайгаад байх хэрэггүй, энэ чинь та өөрөө бэлээхэн сууж байна. Яагаад залуучууд зохиолын дуу сонсож, Жавхлангийн фенүүдийн тоог нэгээр нэмж болохгүй гэж? Тэдэнд сонголт нь байгаа шд. Эсвэл хичээлээ хийгээд гэртээ сайхан сууж ирээдүйн эрдэмтэн, зохиолч, аль гоё мэргэжилтэн болохыг нь хэн үгүйсгээд байгаа юм бэ? Гэхдээ л тэгэж амьдарч байгаа хүний тоо хэд билээ? Зүгээр л хэлэх гээд байгаа санаа маань зохиолын дууг зөвхөн хөгшчүүд л сонсоцгоодог гэсэн нийгмийн дундах ойлголт залуусыг энэ урсгалыг сонсох сонголтгүй болгож байгаа байхгүй юу. Тэрэн шиг эмэгтэй хүнтэй унтаж үзээгүй бол эр хүн биш гэсэн ойлголт хүртэл одоогийн өсвөр үеийнхэн дунд нилээн байдаг. Яагаад тийм гэж? Бодоцгооё... Бас сонголттой холбоотой дараагийн зүйл бол хүн тэвдсэн үедээ ихэнхдээ буруу сонголт хийх нь бий. Тиймээс ер нь бол эртхэнээс сэтгэл санаагаа бэлтгэж, тухайн нөхцөлд ямар сонголт хийх вэ гэдэгээ шийдчихсэн байх юм бол бид өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж байгаа нь тэр. Альваа зүйл дээр өөрийн гэсэн байр суурьтай болох талаар л би хэлээд байна. Жишээ татаж үзье л дээ. Гэрээсээ гараад сургуульдаа явж байтал хэдэн таньдаг гарууд ганц юм мулталцан байна гэнээ. Тэгээд чамайг зуу татчих гээд ятгаад байна гэж байна шүү. Бүр тулган шаардах аястай. Тэр үед тулгамдсан та юу бодно гээч... -Яаа би уг нь сургуульруу явж байсан юмсан, зуу татчихвал яадаг бол? багш мэдээд бөөн юм болдог юм болов уу? уухгүй гэчихвэл хэдэн найзууд гомдчих гээд байдаг. яадаг юм билээ гэж... Мунгинаж байх хооронд чинь зүгээр суух дургүй найзууд чинь чамд... -Хөөе чи хэзээ ийм болчихсон юм? ганц зуу татахад яав л гэж, маяглаад байгаарай... Чи эдийг нь голоод байна уу, эзнийг нь голоод байна уу гэх мэтээр шантачлаж эхэлнэ. Танд сонголт үлдсэнгүй. Нөгөө нэг сонголт бол та угаасаа л архи уухгүй гэж өөртөө шийдвэр гаргаад, магадгүй ээж аав, эхнэртээ амласан байгаад архи тааралдах үед ямар байдал гаргахаа шийдвэрлэчихсэн байвал танд нөхцөл байдлын дарамт, түргэн шийдвэр гаргаад байх шаардлага, найзуудын шахалт, тээнэгэлзсэн байдал ямар ч асуудал биш болно гээд боддоо. Зуун граммаа сарвайхад нь “Өө мань чинь уухгүй” гээд л шулуухан хэлчихэд шахаад байх найз гайгүй л байх. Харин хундагыг нь барьчихаад уух уухгүй нь мэдэгдэхгүй байх үед яаж уулгахаа бол мэдэх хүн зөндөө шүү. Хүний амьдралд сонголт, сонголт хийх эрх чөлөө байсаар байгаа цагт сайн муу хоёр тал заавал ч үгүй дагалдах нь зүйн хэрэг. Бүгд сайн бол амьдрал утгагүй, бүгд муу байвал бүр новшийн. Ерөөс цагаан гэдэг зүйлийг харгүйгээр төсөөлшгүйтэй адил мэт. Аль нэгэний утгыг тодорхойлогч нь нөгөөгийн хомсдол ч юм уу. Сайн зүйл хомсдох үед муу нь тэр бөлгөө. Угаас хар орчинд хар өнгө муухай харагдахгүй ч цагаан орчинд жижигхэн толбо ч жижигдэхгүй. If there is no bad, there’s no good. If there is no good, there’s no bad… Duality of the world…

No comments: