Wednesday, October 10, 2007

10 сарын 6

Тээр нэг жилийн тээр нэг сайхан намрын нартай налгар өдөр хорвоо дэлхий дээр Эрхэмбаяр миний бие аав Батсүрэнгийнхээ отгон хүү нь болон мэндэлж хүн болох амьдралынхаа гарааг эхэлсэн юм. Тэр мөчөөс хойш сайнтай муутай хорвоогийн өдрүүд ээлжилсээр аль хэдийн 19 жил өнгөрснийг бодохоор хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй ээ, эрхэм хүндэт уншигчид аа. Би гэж хүн ганцхан жилийн дараа 20 нас хүрэх гэж байдаг... Мэдээж жилд ганцхан болдог болохоороо төрсөн өдөр хүн бүрт гоё л байдаг байх. Хүмүүс бэлэг өгөөд л, баяр хүргэсэн мессежүүд цувраад л, энэ жил бүр намайг төрлөө гээд анхны цас хүртэл орчих шиг болсон шүү. Энэ мэтээр төрсөн өдрүүд цуварсаар 60 гарсан өвгөн болох цаг минь ойрхон ч юм шиг санагдана. Төрсөн өдөр хичнээн баярын өдөр ч гэсэн бас нөгөө талаараа хүн бүрт өөрийнх нь зорилгыг сануулах гэсэн Бурханы нэг мэргэн арга ч гэлтэй... Учир нь би олоон жилийн өмнө тэр л зорилгыг ертөнцөд гүйцэлдүүлэхийн тулд энэ л өдөр уйлан байж өөрийнхөө ирснийг зарласан билээ. Тиймээс хүн бүр /намайг оролцуулаад/ энэ л өдрөө өөрийгөө дахин хурцалж, өөртөө үнэлэлт дүгнэлт өгч, дараачийн энэ өдрөөр хэн болсон байх ёстойгоо дахин санаж байх хэрэгтэй мэт санагдана. За хэсэг зуур уянгын халилаа түр орхиод миний төрсөн өдөр хэрхэн өнгөрсөн талаар хэдэн мөр бичье.
Хамгийн түрүүнд баярын цахилгаануудыг дурьдах хэрэгтэй болов уу. 00.00 цаг гарав уу үгүй юу л утасанд маань тоотой хэдэн мессеж ирж сонсогдов. Уншиж үзтэл намайг төрсөнд баярлаж явдаг хүн байдаг болохыг, бас хэдэн хүний хамгийн сайн найз болохоо, бас ёстой бодоогүй хүмүүс миний төрсөн өдрийг мэддэг болохыг гээд олон шинэ соргог мэдээ, урмын үгнүүд уйлуулах шахаад утсан дээр минь зурайна. Хариунууд бичиж байх зуураа нойроо дийлэлгүй диван дээрээ дуг хийчихсэн гэдгээ бүүр шөнө дунд л сэрэх үедээ олж мэдэв. Өглөө боллоо, аав ээж 2 барьж аваад намайг нэг нэг үнсэв. Би ч баярлаад цонхоор хартал цагаан өнгийн цас гэдэг нэртэй зүйл нүдэнд өртөвөө хөө. Төрсөн өдрөөр анхны цас орох бас л гоё л юм билээ. Өдөр болтол зурагт энэтэр үзээд гэртээ амрав, ер нь ойрд гэртээ амраагүй надад хайртай хонгор гэр минь их л дотно санагдаж алжаалыг минь нилээн тайлжээ. Өдөр ч болж Сокотой уулзана гэж тохирсон цаг болоод би хувцасаа өмсөөд Их дэлгүүрийн зүг хүлгийн жолоо залав бололтой. Баахан л юм цуглуулж цуглуулж, ногоо мах торт тэргүүтэй зүйлсээ аваад Байгалаагийнд очив /тохирсны дагуу/ . Удалгүй Энхэма, Төөгөө 2 шил шилээ даран орж ирснээр даруухан төрсөн өдрийн үдэшлэг маань албан ёсоор эхлэв. Хоолоо хийж байх зуураа хаа хамаагүй орчлонгийн хамаг бүхнийг хамж шимж ярьсаар суутал хоол оройтох гээд байгаа ч юм шиг санагдаад төрсөн өдрийн эзэн би бээр ханцуй шамлан хоол руу эргэлт буцалтгүйр орлоо. Хоол ч удалгүй болж, бид ч амтлан идсээр, самараа цөмсөөр, бичлэгээ хийсээр, зургаа дарсаар шөнийн 2 цаг болж хот нойрсоод шонгийн модон доор “Хар сарнай” хоюул зогсноо. Харих ёстой цаг минь нэгэнт өнгөрчээ, тийм би шөнийн бугсана мөөн гэж дуулахыг хүсээгүй тул бараа бологсодоо дагуулан Байгалаагийнхийг орхин өөрийн өргөө рүүгээ такси хөлөглөн хүрч ирэв. Сайхан хоол идсэн гэж бие минь баахан ядарсан байсан тул хувцасаа тайлж шидээд шууд л ор руугаан үсрэн орж гүн нойрондоо шумбалаа. Хот нойрсоод, хот сэрлээ. Мафынхан намайг устгаагүй байгаа нь тодорхой болж би өөрийнхөө 19 насны анхны өдрийг амжилттай эхлэв.
20 нас хүртэл хийх юм их л байгаа юмсан. Бүгдийг нь амжуулах хоншоор надад байгаа л гэж итгэнэм... байгаа дөө.

No comments: