Wednesday, October 10, 2007

Энэ ч гэсэн зуурдынх

Хэзээ нэгэн цагт танд хэнд ч итгэхэд хэцүү юм шиг санагдаж байсан үе бий юу? Ойр гэж бодож байсан бүх зүйл хол, минийх гэж сэтгэж явсан бүхэн хүнийх, ирээдүй минь гэж зүтгэж хийсэн зүйлс үнэндээ хоосон болох үед танд ямар сэтгэгдэл төрөх вэ? Үнэнийг хэлэхэд надад яг одоо яг л ийм байна. Хүн бүрийг өөр шигээ гэж эндүүрч явсан маань миний хамгийн том алдаа байж. Хамгийн ойр байгаа хүн л хамгийн хүчтэй цохидог гэсэн аймшигтай үнэн үгийг нээг их тоодоггүй байсан би энэ бүхний дараа нэг л сонин байдалд орчихоод гарч чадалгүй өдийг хүрчихлээ. Юу хийхээ бодож хэсэг явлаа, одоо хэнд итгэх билээ гэж бас баахан тээнэгэлзлээ. Ийм үед ганцаараа байх шиг утгагүй юм байхгүй юм байна, үгүй тэгээд өөр хэнтэйгээ ч байх билээ би.
Гэхдээ тэр үед надад бас хөөрхөөн юм бодуулчихсан нэгэн түүх бас бий. Юу гэхээр Израйлийн хаан Соломон дэлхийн хамгийн мэргэн хүн байсан гэгддэг бөгөөд түүний хуруунаас нь хэзээ ч салдаггүй нэгэн бөгж түүнд байжээ. Бөгжин дээр “Бүх юм зуурдынх” гэсэн бичиг байсан ба Соломон ямар нэгэн асуудалд уурлаж, бухимдах үедээ түүнийг харж тайвширдаг байсан юм байна л даа. Гэтэл нэг удаа бүр дэндүү их уур нь хүрч бөгжнийх нь бичиг түүнд нөлөөлсөнгүй гэнэ. Хаан ч уурлаж бөгжөө суга татан хаяад уурлан сууж байхдаа бөгжнийх нь дотор талд бас өөр нэг бичиг байгааг олж харжээ. Харин ямар бичиг байсан гээч... “Энэ ч гэсэн зуурдынх”Цааших үйл явдлыг өөрөө гадарлаж байгаа гэж найдаж байна, ямартаа ч энэ түүх намайг бага ч гэсэн тайвшруулсан юм. Ямар ч хэцүү зовлон бэрхшээл тулгарлаа ч энэ нь түр зуурынх гэдгийг би дахин санасан нь надад их тус болсон юмдаг. Бурхан шударга учраас би баяртай байна. Одоо хэцүү зүйлс тохиолдож байж болох ч хожим нь тэр надад илүү сайныг, бүр хамгийн сайныг нь надад бэлдсэн гэдгийг би мэдэж байна. Бүх юм зуурдынх

1 comment:

Och Oyuntugs said...

Өмнө нь чамайг хэлэх үед чинь нэг ухаарч байсан бол, сая уншаад дахиад нэг саналаа.
Бухимдлаа гаргаад хаячихъяаа