Friday, October 5, 2007

Ерөнхийлөгчид бичих захидал (2-р хэсэг)

Энэ өдрийн мэндийг хүргэе. Ширээнийхээ ард тухлан суугаад би хэсэг зуур хайртай монгол орныхоо тухай бодон суулаа. Эх орон минь ямар сайхан юм бэ гэж бодож өссөн миний багын бодол одоо хүртэл хэвээрээ ч өөр өнцгөөс харахад эх орон, ард түмнээ өрөвдөөд байх юм. Наймхан зууны тэртээ дэлхийн талыг эзлэн сууж, их гүрнүүдийг өмнөө сөхрүүлэн түүхийг сэлмээрээн сийлж явсан монголчууд одоо ямар хүмүүс болчихоод байгааг хараад юу биднийг ингэтлээ гундаав гэхээс өөр бодол орж ирэхгүй нь. Хөөрхий миний ард түмэн нар мандахдаа тэдэнд ямар сайхан өдөр бэлэглэдгийг, тэнгэр цэлмэхдээ орчлон ертөнцийн талаар юу гэж дуулдагийг мэдрэх ч сөхөөгүй өдөр тутмынхаа өрөвдөлтэй амьдралдаа зууралдан баргар царайлан алхацгаах юм. Аргагүй шүү дээ тэдний нүдийг нь таглаж, чихийг нь бөглөчихөөд амласан замаасаа өөр газраар дагуулж яваад байгаа юм чинь. Төр гэсэн том аппарат төсвөө хэдэн зуун тэрбумаар нь батлаж байхдаа ард түмнээ боддог эсэх дээр итгэлтэй байдаг хүмүүс монголд хэд байгаа бол? Амьдралын баталгаа байтугай өнөөдрийнхөө хоолыг яаж зохицуулъя даа гэж бодож яваа эцгийн дотор ямар мэдрэмж нуугдаж байгааг төсөөлөх сэтгэхүйн цар хүрээ надад дутагдаж байна. Хүний амьд явах баталгаа юугаар баталгааждаг юм бол? Дансанд байгаа хэдэн төгрөг үү? Цоо эрүүл бие цогцос уу? Өнөө оройны маань идэх хоол, маргаашын өмсөж гарах цэвэрхэн хувцас юм болов уу? Эрх чөлөө, эрүүл тогтолцоотой хүмүүнлэг нийгэм үү??? Аль нь ч байлаа гэсэн эдгээр зүйлс бүхэлдээ нийгэмээс яалт ч байхгүй хамааралтай. Гэтэл нийгэм гэдэг хийсвэр ойлголт маань түүнийг хөтөлж явдаг нийгэм, улстөрийн зүтгэлтнүүд гэгдэх удирдлагаасаа нилээн хамаараад байх юм. Удирдлагынхаа тухай бодох үед шууд дотор харанхуйлаад явчихлаа. Яаж байна аа? Ингэж болохгүй л юмсандаа. Удирдагч хүн ялангуяа бүхэл бүтэн улс орныг удирдаж байгаа хүнийг ард түмэн нь уг нь зөвөөр хардаг байвал уг нь зүгээрсэн. Гэтэл яагаад гэдгийг нь тайлбарлалтгүй бараг л миний мэдэх хүн бүр л тэр хүнд их дургүй байх юм. Улс орны жолоог итгээд атгуулж байхад зөв тийш нь залсангүй гээд тэр юм болов уу гэж би хальт дүгнэлээ. Ялангуяа одоогийнх шиг эгзэгтэй үе монголд дахиж олдох болов уу яах бол. Яг л торгон зааг дээр зогсож байгаа монгол орон маань өөдлөх уруудахаа шийдэх гээд хэцүүхэн л байна. Монгол орон үнэхээр бүхий л талбар дээрээ түүхэн шийдвэрлэх мөч дээрээ яахын аргагүй тулаад ирчихэж. Одоо байгаа олон зүйлс өөрчлөгдөхгүй бол бид дээшээ халин дүүлэх талаар биш доошоо яажшуухан өвдөлт багатайхан унах вэ л гэж бодох болох байхдаа.
Өнөөгийн залуус ирээдүйн монголыг тодорхойлно, тэдний үр хүүхдүүд 40, 50 жилийн дараа монголын жолоог залж явна. Гэтэл залуус маань одоо хаана явцгаана вэ? Өөрөө би залуу хүн учир дийлэнх залуучуудын алхаад байгаа зүг нь гэрэл гэгээтэй, сайхан төгсгөл биш гэдгийг мэдэж байна. Тэдний төлөө анхаарал тавих, зөв шийдвэр гаргадаг болоход нь туслах төрийн болон төрийн бус байгууллагууд маань хаана яваад байнаа? Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш гэдэг үг байдгийн адилаар хэн нэгэн тэдэнд бурууг нь харуулж, зөвийг нь зааж өгөхгүй бол замын төгсгөл ямар онцгүй гэдгийг мэдэхгүйгээр тэндээ хүрэх нь ойлгомжтой.
Хүнд сурталын механизм дээрээсээ доошоо нэвт шувт автагджээ. Ажил хийх боломж ер нь л алга болчихсон байна шүү дээ. Хүн бүр өөрийнхөө ажлаа бусдын төлөө биш өөрийнхөө эрх ашгийн төлөө хийх юм. Нэг л биш ээ. Ер нь л биш ээ. Үйлчилгээний байгууллагууд хүртэл үнэд орчихоор чинь төрийн байгууллагууд нь яаж дутах билээ дээ. Ийм зүйлсийг харж, ийм механизмаар урагшилж байгаа өсвөр үеийнхэн ийм л үлгэр дуурайл авна шүү дээ.
Монголчууд ямар нэгэн зүйлийг харах хэрэгтэй байна гэж би хувьдаа дүгнэж байна. Юу вэ гэхээр хөгжил, сайхан амьдрал, өөр нийгэм. Энэ бүгдэд хамтдаа л хүрч чадна, түүнээс тамын тогооныхоо үлгэрийн гол дүрд тоглож суусаар байтал эх орон маань хогийн сав, харанхуй нүх болж дууслаа. Альваа зүйлд массыг хөдөлгөнө гэдэг бол цэвэр удирдагч хүний үүрэг. Харамсалтай нь монголд удирдагч жинхэнэ утгаараа алга, зөвт удирдагч. Ардчилал ялснаас хойш монголчууд аль хэдийн 17, 18 жилийг ардаа үджээ. Картын бараанд оочирлон талхаар л амьдралаа борлуулж байсан тэр үеийг бодвол монгол харьцангуй дээшлэсэнтэй хэн ч маргахгүй. Гэвч арван хэдэн жил гэдэг бол ёстой жинхэнэ дусал усаар хадыг цоолоход хангалттай хугацаа, харин бид үүнийг хэдэн худал амласан хулгайч нарт итгэснээрээ бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Дахиад энэ байдал үргэлжиллээ гэхэд монгол сөхөрнө гэж та бодохгүй байна уу? Тиймээс ухаалаг байцгааж ухаалаг нэгнийг олж ухаалгаар урагшилцгаая

Соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, жижиг дунд үйлдвэрлэл гээд бидэнд үнэхээр нүүр бардам хэлчихээр хүчтэй салбар юу байна аа? Бүхэл бүтэн улс байж харамсалтай, эмгэнэлтэй.
Тэглээ гээд гутраад архинд орох биш, өөрийнхөө чадах энгийн жижиг зүйлээс эхлэн өөр зүйлсийг сэтгэж амьдарцгаая. Хэзээ нэгэн цагт бид томорч л таарна тэр үедээ эхлэх биш одоо л эхлэх цаг нь гэж би мэдрээд байна. Хамтдаа эхэлцгээе. Өөрчлөлтийг өөрөөсөө...

No comments: