Халуун ч биш, хүйтэн ч биш

Амьдралд бидний өмнө олон зам гарч ирдэг. Зарим нь шулуун, тодорхой байхад зарим нь хэцүү, ойлгомжгүй. Гэвч хамгийн том алдаа нь энэ замуудын дундаас сонголт хийхээс айх явдал юм. Бид заримдаа өөрт оногдсон амьдралын сорилтыг халуун сэтгэлээр хүлээж авахгүй, эсвэл хүйтэн хөндий хандсан ч үгүй, дунд зэргийн, төвийг сахисан байр суурьтай үлддэг. Энэ бол амьдралын хамгийн аюултай байдал юм. Яагаад гэвэл энэ нь биднийг дотроос идэж, өсөлт хөгжилтөд саад болдог.

Илчлэлт номонд бичсэнээр“Чи халуун ч биш, хүйтэн ч биш... Чи халуун эсвэл хүйтэн байсан ч болоосой! Гэтэл чи бүлээхэн учраас би чамайг амаараа хаяна.” (Илчлэлт 3:15-16)

Энэхүү ишлэл нь надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Учир нь бидний амьдралд, бизнес эсвэл хайр дурлалын харилцаа, эсвэл өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх тал дээр ч энэ хандлагыг баримтлах гэж оролддог. Өөртөө үнэнч биш, зорилгогүйгээр амьдарвал бид дундаж, төвийг сахисан, эргэлзээтэй байдалд гацаж үлдэнэ.

Хэрэв чи бизнесээ эхлүүлсэн бол зорилготойгоор, тууштай явах ёстой. Гэтэл дийлэнхи бизнес эрхлэгчид яг хаашаа чиглэж байгаагаа мэдэхгүйгээр зүгээр л ашиг олохын тулд ажиллавал урт хугацаандаа амжилт олохгүй. Халуун сэтгэлтэйгээр ажиллахгүй бол бизнес хуучирч, уналтад ордог.

Амьдралдаа хэн нэгэнд чин сэтгэлээ зориулахгүйгээр, зөвхөн тухайн харилцаа оршин тогтнох ёстой гэсэн үзлээр хандвал хайр халуун дулаан мэдрэмжээ алддаг. Олон хүн хайр дурлалдаа төвийг сахиж, хүйтэн хөндий ханддаг учраас харилцаа нь нэгэн хэвийн, утгагүй болдог. Эсвэл зарим нь огт сэтгэл гаргахгүй байх замыг сонгодог нь хамтрагчаа алдахад ч хүргэх аюултай, бас харамсалтай.

Энэ амьдралдаа олон бизнес туршиж үзсэн ч зарим нь амжилттай, зарим нь бүтэлгүйтсэн. Гэхдээ дундаж байдлаар, зүгээр л ямар нэг зүйл хийнэ гэсэн сэтгэлээр хандаж байсан бол би одоогийн энэ амжилтад хүрч чадахгүй байсан. Хийх гэж буй зүйлдээ халуун сэтгэлтэй байх нь чамайг бусдаас ялгаруулна. Эсвэл чи эрсдэлтэй алхам хийж, бүрэн хүйтэн хандах ч хэрэгтэй байж болох юм. Харин завсрын байр суурьтай байх нь чамайг зогсонги байдалд оруулна.

Бид бүгд ямар нэг зүйлд хүчтэй итгэл үнэмшилтэй байж, өөртөө болон бусдад үнэнч байх ёстой. Эс бөгөөс бидний амьдрал халуун ч биш, хүйтэн ч биш нэгэн хэвийн болдог. Библид өгүүлсэнчлэн, чи ямар нэг зүйлд бүрэн зориулагдах эсвэл зоригтойгоор өөр замыг сонгох ёстой. Төвийг сахисан, эргэлзээтэй байдал нь чамайг урт хугацаанд зовлон зүдгүүрт хүргэнэ. 

Хэрэв чи амьдралдаа үнэхээр өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол халуун сэтгэлтэйгээр тэмүүл эсвэл зоригтойгоор шинэ зүйлд оролдоорой. Завсрын байр суурь гэдэг бол амьдралыг хамгийн утгагүй байдалд оруулах эрсдэлтэй.

Температура чухал л гэх гээд баахан үглэчихлээ өнөөдөр...



Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр