Сонин асуулт
Өчигдөр төвлөрөх гээд ком дээрээ сууж байлаа, чихэвчтэй болохоор ойр орчим юу болж байгаагаас тасарсан маягтай. Уучлаарай гэж сонсогдох шиг болохоор нь би эргээд харлаа, нэг хүүхэн ам нь хөдлөөд яалт ч үгүй надаас юм асууж байнаа. Чихэвчээ аваад айн гэтэл намайг Та монгол хүн үү гэнээ хаха. Утасны цэнэглэгч л асууж байгаа ухаантай юм байна лдаа. Монгол уу?
Би монгол хөөн, Жавхланд дуртай биш ч Нутгийн үнэртэй салхи сонсоод уйлчих гээд байдаг монгол хүн. Үгэндээ эзэн байх гэж хичээдэг монгол, өөртөө үнэнч байх гэж оролддог монгол, өөр сэтгэлгээнд дуртай ч би яалт ч үгүй монгол юмөө.
Уржигдархан нэг найзтайгаа Монголын тухай, Чингисийн тухай, нүүдэлчдийн тухай нилээн гүн яриа өрнүүлээд ойрд иймэрхүү сэдвээр амттай яриа өрнүүлсэн байсан болохоор намайг асуусан Та монгол уу? гэдэг асуулт их л сонин орж ирэв.
Ер нь Монгол гэж яг ямар ойлголт юм бэ? Монгол эр хүн, монгол эмэгтэй, Монгол соёл, ахуй, Монгол улс. Бидний тухай гадныхан л нилээн дүгнэдэг ч бид ер нь өөрсдийгөө хэр дүгнэсэн улс юм бэ? Хэл нь ямар, хүн нь ямар, хүсэл нь ямар онцлогтой болох талаар бид өөрсдийгөө хэр шүүсэн хүмүүс юм бол. Юутай ч нүүдэлчин иргэншлийн бараг л сүүлчийн тасархайнууд бид байхаа, өвөө маань өссөн нийгэм, аавын минь өндийсөн нийгэм, миний болон хүүгийн минь торниж хөлөө олчих гээд үзэж байгаа бүгд л ондоо, тусдаа, дэндүү өөр байгаа нь хачирхалтай. Өвөө маань өөрийнхөө өвөөгөөс нээг их өөр юм үзээгүй л шахуу амьдарсан байх миний бодлоор.
Дэлхий дээрх Монгол яг ямар байр суурьтай байж ирээдүйд ямраараа үлдэх, ямарт татагдах ер нь бидний үнэт зүйлсийн дараалал, амьдралын хэв маяг бүгд их л төөрөгдөл дунд миний мэдэх сүүлийн 20 жил өнгөрч байгаа даа.
Аз жаргал гэж яг юу вэ, бид юуны төлөө ямар үр дүнд хүрэх гээд хэрхэн амьдраад байгаагаа эргэн нэг харж хүслээ нэг тунгаах цаг хүссэн хүсээгүй ирсэн, гэвч нэгэнт оройтсон байх вий гэмээр л айхтар харанхуй бүдүүлэг амьдарцгааж байгаа харагдах юм.
Бид өөрсөддөө дэндүү үрэлгэн, дэндүү хайнга байна. Санамсар их л чухайл байна даа ойрд...
Бид ер нь Монгол мөн юм уу?
Comments