Монгол ах
Монгол ах нарын тухай зөндөө л хөгжилтэй яриа байдаг, монгол ах нар... Бага байхад байрны ах нар гээд том том ах нар л байгаад байдаг байсан, одоо бодоход нас нь 30 хүрээгүй л нялхаараа юмнууд байсан байгаа байхгүй юу. Ганган гэж жигтэйхэн, юм мэднэ, хүн танина гэж айхтар.
Одоо үед яахав дээ нөгөө хэд маань хаана юу хийж яваа юм бол гэдэг бодол хааяа орж ирнээ. Тогтсон ажил эрхлэхгүй ч аятайхан машинтай, мөнгө төгрөгөө яаж болгоод байдаг юм гэмээр амьдралын хэвшилтэй ч цаанаа бас хурган хур хөрөнгөтэй хэсэг бүлэг ах нар хааяа улстөр хааяа бизнесийн хов ярьж тааралдана. Өө ах нь саяхан тийшээ явчихаад ирлээ, жаахан зугаалаад нтр гэдэг яриатай. Сайн муу хэлээд байх юм байхгүй энгийн л амьдрах гэж яваа адилхан л эр хүн харагддаг болж, би өөрөө удахгүй Монгол ах болох насан дээрээ ч явж байгаа юм шиг. Яг юу хийдэг нь мэдэгдэхгүй ч хөөрхөн нөлөөтэй ах нар бол хайр шүү.
Өөртөө наагаад байгаа юм байхгүй ч эхнэр хүүхэд нь өнгөлөг, унасан машинаараа л хааяа нэг гангарах гэж үзнэ, гэхдээ тэгээд тэр нь ландаас хэтрэхгүй. Эрүүл мэндийн үзлэгт хэзээ ч хамгийн сүүлд орсон юм мэдэхгүй тэд маань цаагуураа хөөрхөн ядралттай л явдаг байх.
Эр юм болохоороо эрчүүдээ хааяа өмөөрмөөр санагдана, халбага пийвийг нь өршөөчихөд яах вэ дээ гэж бодогдоно. Монгол бол миний л бодлоор эмэгтэйчүүдийн эрх яриад байхаар соёлтой улс бол биш, хамаг л хайр энэрэл хүндлэлийг эмэгтэйчүүддээ харамгүй өгдөг зөөлхөн эрчүүдтэй улс гэж бодогддог. Харин ч эсрэгээрээ эрчүүдийн эрхийг хэн нэгэн эмэгтэй яриад гараад ирээсэй ч гэж хүсэх шиг. Нэрэлхүү эрчүүд чинь тэгээд хэцүү байна, ингэмээр байна гэж барагтаа л дугарахгүй.
Хэдэн жилийн өмнө Азербайджанд очиж уулын хэдэн эрчүүдтэй хэсэг хугацаа өнгөрөөсөн юм би, тэнд эрчүүдийн хоорондын харилцаа супер, ах нь ах шиг, дүү нь дүү шиг. Настангууд нь ч буурьтай. Хүндэлдэг нэг нь юм ярьж байхад тэр өрөөнд ялаа нисэж байгаа нь сонсогдохоор чимээгүй болно. Монгол тийм байсан санагддаг, Монгол ах нар бас тийм байсан санагддаг. Тиймээрээ үлдмээр ч санагддаг. Гэвч нийгмийн шилжилтийн шуурганд ах нарын нөмөр хааяа хийсчих гээд байх шиг харамсалтай л байна. Ах нар аав нарыгаа байх ёстой газар нь байлгаж байж бид явах ёстой чиглэл рүү гээ урагшлана байх даа улс орны хувьд.
Хүссэн хүсээгүй энэ чинь Men's world шүү дээ... эмэгтэйчүүд үү, угаасаа бид чинь та наргүйгээр яаж амьдрах билээ... амьдралын амт, шигтгээ, нандин бүхэн угаасаа та нарынх...
Аятайхан ах болох юмсан
Comments