Өнөөдрийн бичвэр
Ер нь тэгээд өдрийн нэг төвлөрч суугаад ямар нэг юм бичих гэдэг бас сонирхолтой чалленж байж чадаж байна. Цаг гаргаж суугаад цээжнийхээ пангаар бурна гэдэг чинь алаан байхгүй юу гэдэг шиг...
Ойрд ажил хэргийн шалтгаанаар олон бизнес эрхлэгчидтэй их уулзаж байна, нэг л зүйл ойлгомжтой харагдаж байна. Манай улсад санхүүгийн чиглэлийн бизнес шийдлүүдийн хэрэгцээ асар өндөр байна. Бас бизнесүүд өөрсдөө ч гэсэн мэргэжлийн болж төлөвших шаардлага өндөр байна. Би 3 жилийн өмнө бол тун удахгүй бизнесүүд ер нь мэргэшчихнэ гэдэгт итгэлтэй байдаг байлаа. Өнөөдрийн байдлаар том ч бай жижиг ч бай компаниуд хэрэндээ хичээж байгаа ч утгаар нь бизнес эрхлэхгүй байна, мэргэжлийн биш байна, сонирхогчийн жижиг тоглолтууд л хийгээд яваад байх юм. Цаг нь гэхдээ ирж л таараа.
Хамгийн урт оршин тогтнож байгаа компаниуд гэхэд сая л дөнгөж 30 жилийнхээ ойг хийцгээж байгаа нь Монголд энэ салбар утгаараа шинэ байгааг илтгэх бөгөөд төдий чинээгээр олон орон зай хоосон байгаа нь мөн тодорхой. Олон л асуудлууд шийдлээ хүлээгээд мэргэжлийн бизнесменүүдийг хүлээж байгаа санагддаг.
Хамгийн их яригдаж байгаа бизнесийн төлбөрийн хэлбэр одоо бартер болоод байна олон салбарт. Ер нь бол мөнгөн тэмдэгт гарахаас өмнө байсан хөгжлийн хамгийн л анхны хэлбэр лдээ угтаа бол. Гэвч сүүлийн хэдэн наймаанууд миний ойр орчимд бол ерөөсөө бартераар л хөдлөөд байгаа нь их л сонирхолтой сэдэв болоод байна. Liquidity гэж нэг ойлголт альваа хөрөнгө дээр их чухал байдаг, тэр нь л муу байгаад байгаагийн илрэл юм лдаа.
Нөгөөтэйгүүр зээлийн бизнес монголд бүр утгаа алдлаа, барьцаагүй зээл олгодог 70 орчим апп байна, банк бусийн тоо 700 гарсан байх. Банкнаас зээл авах шаардлага хангахгүй хувь хүн хуулийн этгээдүүд банк бусын шалгуурт өдөртөө тэнцэнэ, шийдвэр өдөртөө гарна, эрсдэлийг хааж федуцийн гэрээ байгуулна. Юмаа алдахгүй гэсэн хүн байдгаа л барьж тууна. Харамсалтай.
Ер нь санхүүгийн боловсрол л асар муу байна гэсэн үг юм.
Хүүгүй байсан ч зээл битгий ав гэж номлох нэг санхүүгийн гуругийн яриа ойрд их сонсоод байгаа, уг нь бол сайн зээл муу зээл гэж байдаг гэж боддог би санал нийлэхгүй байгаа ч өнцөгүүдийг нь нилээн ухаж байна.
За өнөөдөртөө нэг ийм хайш яаш утгагүй зүгээр сэдэв эвлүүлээд бичлээ. Хэзээ нэгэн цагт хүн олж уншвал энэ талаар туртайяа яриа өрнүүлэхэд бэлэн шүү...
Comments