Яг одоо
Миний сууж байгаа газар өдөр тутмын амьдрал үргэлжилж хүмүүс хоорондоо ажил хэрэг ярилцан, амтат жигнэмэг кофе урдаа тавин өдрийн нэгхэн хэсэгээ өнгөрөөцгөөж байна.
Хоёр охинтой нэгэн залуухан бүсгүй инээмсэглэлтэйгээр охидынхоо хүслийг анхааралтай сонсож, удаанаар харилцаж байна. Хүүхдүүд нь мэдээж зоргоороо аашилж хүүхдийн гаргадаг үйлддлүүдийг гаргаж, ээж нь ч эх хүн шиг тэвчээртэй бас энэрэнгүй харилцана. Гоё харагдана энэ гурав.
Дөнгөж цаах нь нэг улаан үстэй нүдний шилтэй 25 орчим насны бүсгүй ойр орчноо үл анзаарах шахуу төвлөрсөн байдалтай компьютер дээрээ нэг зүйл бичиж, байс гээд л усгаад, утсаа нэг хараад, нэг тийшээ залгаад, буцаж бичиж байгаа зүйлээ үргэлжлүүлэн суугааг нь харвал ямар нэг зүйлд амжиж мэйл явуулах гээд зарим юмс нь тодорхой болоогүй, тэрүүхэн тэндээ тэвдүү л сууж байх шиг байна.
Яг ардхан талд нь нэг миний үеийн залуу сайхан хийцгүй байдалтай утсаа оролдоод уруулныхаа арьсыг хааяа шүдээрээ зулгаагаад нүүрэн дээрээ харьцангүй аз жаргалгүй царай гарган сууна. Үсний засалт, хувцасласан байдал зэргийг ажиглавал нөхөр хувиараа хөдөлмөр эрхлэгч бололтой. Хүн хүлээж байгаа эсвэл ямар нэг хариу хүлээж суугаа. Хотын төвөөр ороод ирчихсэн яваа энэ эр лав ойрын хэдэн сар юманд яараагүй мэт харагдана. Амьдрах гээд л явж байгаа байх.
Дөнгөж сая нэг улаан тунгалаг шилтэй 30 орчим насны охин орж ирээд буйдан дээр юм захиалахгүйгээр суулаа, өөрийг нь ажиглаад байгааг анзаарсан бололтой над руу гайхсан байдалтай хэд хэд харав. Би лав танихгүй тул тэр ч бас намайг анх удаа л харж байгаа болов уу. Түүнийг хэн нэгэн лав яг одоо хүлээлгэж байна. Ирэхээр нь эндээс юу захиалж суухаа шийдэх гэж байгаа бололтой ханан дээр байгаа кофе снак амттангуудыг хэсэг хэсэг харна.
Хоёр жуулчин бололтой 30 орчим насны гадаад залуу миний суудлын баруунтаа хоорондоо хов базаад л сууна, сахал үс хувцаслалтыг нь ажиглахад европд өссөн туркууд гэмээр юм, хэлийг нь бол би танихгүй юм. Яагаад ч юм тэд ер нь их өөртөө итгэлтэй биеийн хэлэмжтэй сууцгаана, нэг нь ярианыхаа дундуур тикток эргүүлж байгааг бодоход нилээн л хамт байцгаасан ярих юм нь дууссан хоёр санагдана.
Улаан шилтэй охиныг хоёр найз нь хүлээлгэж байжээ, тэд суларсан шинэ ширээн дээр очиж сууцгаан латте захиалаад тухлацгаав, хажуугаас нь түрүүний хоёр охинтой залуухан бүсгүй бас хүүхдүүдээ дагуулаад босоод явцгаалаа.
Фолд утастай чихэндээ нэг зүйл сонсож байгаа бас нэгэн европ эр их л нухацтай орчноо ажиглан бас сууна, тэр улаан оймс өмсчээ. Энд байдаг экспат гэж харагдахгүй байгаа нь түүний юутай холбоотойг би мэдэхгүй байна, гэхдээ л тэр энд удаагүй.
Хүнтэй уулзаад сууж байж түрүүнээс хойш зогсоо зайгүй утсаар ярьж буй нэгэн жинхэнэ монгол ах байна тэр цаана. Хамгийн сүүлийн үеийн самсунг барьсан энэ ах утасныхаа хүчин чадлын 1/10-ийг ч ашигладаггүй гэдэгт би яагаад ч юм итгэлтэй байна. Өмнө суугаа эмэгтэйгээ жаахан зандрангүй төрхөөр л юм яриад эхэллээ. Хурган бизнестэй л юм байлгүй. Хамрын тамхи байн байн үнэрлэчихжээ бас. Эдний үеийнхэнийг би дотроо яагаад ч юм бичил өрөвдөөд байдаг юм. Хамаг сайхан залуу нас нь хувьсгалын дараах шуурганд өртөөд эрүүл мэнд, бие, сэтгэл санаа бүх зүйлсээрээ хохирсон бас хойш үеэ мэдлэггүйгээсээ болж нилээн золиосолсон нэг бодлын өрөвдөлтэй үе. Амжилттай нь ч ууна, амжилтгүй нь ч ууна бараг л. Гэхдээ авууштай нь их тууштай, гэм нь их муйхар. Бичиж байх хооронд энэ хоёр босоод явлаа, хөмсөгөө зангидсан хэвээрээ л чухал царайлаад хажуугаар алхаад өнгөрлөө.
Цайны цаг болсон бололтой, хөнгөхөн цайлах гэсэн насаараа турж байгаа над шиг хэд маань хоол биш хөнгөхөн хавчуургатай талхнууд идээд эхэллээ. Би бол өдрийн хоол идэх арай л болоогүй байна.
Анзаараагүй байхад нэг настай ах кофегоо аваад амгалан сууж байх чинь яг хажууханд минь. Түүнд яарах зүйл алга, бас энэ хавиас сонирхолыг нь татчих зүйл алга. Хүүхдүүдийнхээ өмнө барьж байгаад өгсөн бололтой айпон утсыг гаргаж ирээд нилээн холоос харж байна, шилээ орхижээ ахкүү. Бууралтсан үс нь цаанаа л донжтой. Ач зээгээ тарахыг нь хүлээж байгаа юм болов уу эсвэл өөр хүнтэй уулзах цагаасаа арай түрүүлээд ирсэн юм болов уу.
За энэ хавиар яг одоо нэг иймэрхүү. Намар болж хүмүүс дулаан хувцасаа давхарлаж өмсөөд ер нь их л донжтой алхацгааж байна.
Намар бол урлаг, бусад нь улирал юм гээд хэний ч хэлсэн юм үгээр өнөөдрийн өдрийн цайны цагийн үеийн Шангрила дахь Феллоүс кофе шопоос өнөөдрийн бичвэрээ өндөрлөе.
Хаа нэгтээ хорвоогийн өөр нэг цэгт хэн нэгэн над шиг бас ингээд ойр тойрноо ажиглаад сууж л байгаа байх, тэнд нь бас яг иймэрхүү хүмүүс салхилаад өнгөрцгөөж байгаа болов уу...
Comments