Такши

 Ойрд машин унахгүй байгаа юм, алхаад бас таксидаад хааяа автобусдаад. Нэг цэгээс нөгөөд хүрэхдээ өөрийнхөөрөө биш бусдын унаанд дайгдах бол байдаг л үзэгдэл. Амьдралд ч гэсэн хүн үргэлж өөрийнхөөрөө яваад байх боломжгүй юм шиг. Найзуудын нөмөрт хэсэг амсхийх, гэр бүлийнхээ хайранд хэсэг дулаацах, чадахгүй мэдэхгүй зүйлээ хэн нэгэнд даатгаж үр дүнг нь хүртэх өдрүүд цөөнгүй бололтой. 

Хэсэг хугацааны өмнө хэсэг хугацаанд хэсэгхэн бүгэх хэрэгцээ, амьтнаар бол шархаа долоох хэрэгцээ гарсан юм. Гасалж өнгөрсөн хэдий ч тэр хугацаа хэрэгтэй хугацаа байжээ одоо харахад. Өөртэйгөө танилцах үдэшлэг хийсэн хүн ер нь хэд байдаг бол. Яахав насаараа л танилцаад яваад байдаг л юм шиг байгаа юм ухаантнууд. Над мэт нь амьдралын бужигнаанаас завсар аваад хэсэг тунгаасан юм болов уу булингараа. Тухтай биш ч шаардлагатай мөчүүд. 

Гэвч хөлөг онгоц эрэг дээрээ хамгийн аюулгүй байдаг түүнийг ийм зүйлд зориулж бүтээгээгүй гэдэг шиг шинэ аялал, шинэ сорилт, шинэ нөхцлүүд, шинэ зүйлс үргэлж л хүлээж байдаг энэ амьдралын аялалд дараагийн хуудсаа эргүүлээд дараагийн очих цэгтээ хүрэхээр таксигаа хөлөглөөд хааяа автобусдаад заримдаа хоёр зээрдээрээ урагшлаад явж байна. Movement is life.

Tous les Jours дотор "өдөр бүр" бичнэ гэсэн юмаа бичээд сууж байна, өдөр бүр зүгээр л сайхан амьдраад өөрийнхөөрөө ул мөрөө үлдээж хорвоогийн тоосыг босгож л явна. 

Өнөөдөр гэхдээ бороотой байгаа тул тоос ер нь бол босохгүй байна лээ...




Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр