Step one
Бүх зүйл эхлэлтэй гэдэг шиг юутай ч буцаж бичиж эхлэх дадалтай болох зорилгын маань эхний өдрийн тэмдэглэл энэ өгүүлбэрээр эхэлж байна. Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Яг одоо би Улаанбаатар хотын төвд нийслэл хотынхоо нэрээр нэрлэгдсэн нэгэн кофе шопд суугаад бусдын байгаа байдлыг хальт ажиглангаа бодлуудаа буулгаж сууна. Өнөөдөр хэдний өдөр байх нь үл хамааран ямар нэг зүйлийн эхлэл байхад хамгийн тохиромжтой өдөр. Мод тарихад хамгийн тохиромжтой өдөр 20 жилийн өмнө байжээ, дараагийн хамгийн тохиромжтой өдөр бол ӨНӨӨДӨР.
4 жилийн өмнө уг нь би нэг судалсан зүйлээрээ ном бичиж эхэлсэн ухаантай юм, өнөөдөр лав дуусаагүй л байна. Сүртэй сайхан нэртэй, сүрдэм том сэдэв барьж аваад нимгэн туршлага, чамлам чадвараараа ард нь гарах гэж хурган үзэж л сууна. Шалтаг мундах биш олон л зүйлсээс хамааран өнөөдөр лав би номын зохиогч нэрийг зүүгээгүй л гэлдэрнэ. Гол нь дадал их чухал юм, юмны ард гартал нь суудаг нэг тийм нандин чадвар яагаад ч юм багаас минь надад наалдаагүй бололтой. Гэхдээ би тууштай байдал дээрээ өөрийгөө хааяа тоомоор л санагдаад байдаг юм. Адгийн тэнэг өөрийгөө магтана гэдэг бас үнэн үг ч юм уу даа ер нь...
Юутай ч алдаж оносон амьдралаа эргээд харахад тунгаах 3 жарны мөчлөгтэй болж, монгол эрэгтэй хүний дундаж наслалтаар дахиад нэг иймэрхүү хугацааг өнгөрүүлэх магадалтай үлдэж, анх удаа амьдарч байгаа хүний олж авсан хэдэн өнцөгтэй болж, өөрт байгаа ганц юм өнөөдрийгөө л slow motion-дөж сурахад анхаарлаа хандуулж байна даа...
Ухаалаг үгсийг бүгдийг нь өмнөх үеийнхэн хэлчихсэн ийм цаг үед амьдарч байж үг үсэг нийлүүлж хэн нь унших нь мэдэгдэхгүй ийм юм сийрүүлэн суух хэнд ч хэрэгтэй юм, гэхдээ ингээд явж л байя... цаг нь болоход бэлэн байхын төлөө л гэж найдна...
Comments