Хмас баярын шинийн 2
Өчигдөр сошиал ухаж явж байгаад нэг өмнө нь үзэж байсан киногоо сэргээж харав, энгийн нэг эмэгтэй энгийн нэг ажилтай, энгийн нэг амьдралтай. Гэнэт эрүүл мэндийн үзлэгт ороод өөрт нь гуравхан долоо хоног байгаа гэдгийг мэднэ. Хадгаламж, даатгалын мөнгө юутай ийтэй нь гаргаж аваад нэгэнт дуусах хорвоод хамаг дуртайгаа хийж амжуулах гэж оролдоно, мөрөөддөг байсан газраа очиж идэж үзэхийг мөрөөддөг байсан агуу тогоочийнхоо хоолыг идэхээр аялалд гарна. Шинэ жилийн үе таараад байх шиг байгаа юм, очсон газар нь цастай байдаг. Нэгэнт гуравхан долоо хоног үлдсэн тул ер нь л мөнгөөрөө цаг худалдаж авахаар шийдээд хүлээлгүүдийг алгасах сонголтууд хийнэ. Очих ёстой ресорт руу нь хүргэх зам цасанд хаагдсан байхыг мэдээд нисдэг тэрэг, орох ёстой өрөө нь сулраагүй байгааг мэдээд ерөнхийлөгчийн өрөө гэх мэт хамгийн үнэтэй олддог бүх боломжуудыг өөртөө цочихгүй зөвшөөрнө, үхэхээс хойш. Түүний очсон ресорт бол баячууд л төлж дийлдэг ер нь янзын газар байдаг юм. Хамгийн сүүлд тэнд Элтон Жон л нисдэг тэргээр буусан байхад манай хүн юу ч болоогүй юм шиг нисээд очино, хоол нь гэхэд л нэг гаргасан хоолоо дахиж хийдэггүй супер тогоочтой учир байгаа хугацаандаа бүгдийг нь амсмаар санагдаад бүгдийг нь захиална. Бусад зочид бол тийм ч юмыг нь тэгж хас ийм ч юмгүй гэх мэтээр агуу тогоочийн амтны мэдрэмжийг утгагүй болгох нь холгүй, нэртэйгээр нь өндөггүй омлет захиалчих лдаа гэдэг шиг.
За юутай ч хамгийн сайхныг өөртөө зөвшөөрсөн эцсийн энэ аялал нь түүнд маш их зүйлийг өөрөөр харах боломж, багагүй адал явдал, сонирхолтой танилууд гэх мэт олон зүйлийг өгнө, киноы төгсгөл хэсэгт харин тэр хавдаргүй болохоо мэднэ, түүнийг оношилсон төхөөрөмж эвдрэлтэй байжээ. Кино кино...
Шинэ жил, шинэ хүн гэсээр 1 сарын 1ны фитнесс заал хамгийн их хүн нэг дор цугладаг юм гэсэн. Сэтгэлзүйн эффект л дээ... Гэхдээ яг үнэндээ бид өдөр бүр л хамгийн сүүлийн өдөр юм шиг амьдрах юм бол яг яаж амьдрах бол?
Өчигдөр мөн нэг найзтайгаа нилээн ярилцаад ер нь Эрхэмбаярын энэ хорвоо дээр хийхээр ирсэн даалгавар юу юм бэ гэдгийг олох гэж их л юм боллоо. Хамгийн сайн чаддаг зүйл минь, хэн ч надаас илүү хийхгүй тэр зүйл минь, бусдад өгч чадах хамгийн үнэтэй зүйл минь, хийж байгаа үйлсийг минь сүнстэй болгох миний тэр хөг ер нь юу юм бэ гэж...
Их найрагчийн нэг үг байдаг Бишгүй л их наргилаа жинхэнэ шүлгээ бичье гэдэг шиг өөрийн амьдралын нэг салаа зам дээр ирж байх шиг байна даа, шинэ жилтэй давхцаж байгаа тул шинэ жил хавийн зургаа орууллаа...
Comments