Тамхины цэгийн мэдээ

 Түүхэнд хэрэв гэж байдаггүй гээд эртээр нэг юм бичсэн шиг гэхдээ энэ удаад эсрэгээрээ ирээдүйн тухай бол хэрэв гэж байгаад бичиж болох юм шиг санагдлаа. Зүгээр л гэнэн тэнэг төсөөлөл болон тамхины цэгийн яриа гээд ойлгочихож болно энэ бичилтийг. Хэрэв Трамп гэдэг хүн Америкийн НЭГДСЭН улсын сүүлчийн ерөнхийлөгч бол энэ дэлхийд юу болох вэ?

Хоёр туйлт хүчний төвийн өрсөлдөөн туйлдаа хүрч сансар огторгуйг хүртэл хуваан өмчлөх нь холгүй өрсөлдөж, дэлхийг хэдэн арван удаа устгах хүчтэй цөмийн хошуунуудыг бүтээгээд амжицгаасан Тухайн цаг үед СССР задрана гэдэг тухай ойлголт ер нь хүний ой тойнд орж байсан эсэхийг би төрөөгүй байсан болохоороо мэдэхгүй юм, гэхдээ л ховорхон л байсан болов уу. 

АНУ хэрэв задарвал юу болох тухай төсөөлж нэг үзээд, ярилцаж нэг үзээд, асууж нэг үзээд үүнийг бичиж байна. Өнөөдөртөө бол Америк гэдэг улс дэлхийн эдийн засаг, улс төр, соёлын давамгайллыг яалт ч үгүй хадгалж байгаа орчин цагийн Ром гэдэгтээ маргах амьтан байхгүй. Гэвч гүрэн улс унадаг нь түүхийн баримт тул энэ цаг үеийн Дэлхийн цагдаа, том ах нуран унавал юу болох нь бас л тоглоомыг өөрчилсөн үйл явдал болох ба өмнөх гүрэн улсуудын уналт шиг дэлхий тайван хүлээж авахгүй нь тодорхой. 

Ерөнхийдөө бараг дэлхийн хүн бүр хоорондоо холбогддог болчихсон энэ цагт дэлхийн хямралын хамгийн том байж болох хувилбаруудын нэг бол ерөөсөө л Нэгдсэн улсын уналт юм шиг санагдаж байна. Зарим мужууд нь угаасаа иймэрхүү яриа гаргаад байдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Тэндэхийн агаарыг амьсгалж үзээгүй болохоор иймэрхүү нөхцөл үүсэх дотоод хүчин зүйлүүдийг нь мэдэхгүй юм, гэхдээ л өнгөрсөн сонгуулиар хэрхэн талцаж байгааг нь харахад нийгмийнх нь хуваагдал бол бас манайх шиг оорк болон орк биш гэдгээс бол хамаагүй гүнзгий л юм билээ. Тиймээс гадаад хүчин зүйлс болон нийт глобал нөлөөг төлөөлөн үргэлжлүүлье. ХЭРЭВ тийм зүйл болдог юм бол дэлхийн эдийн засаг бол ер нь ганхаад, шоокроод, бүгд уйлалдаад за ер нь дуус дуус болох нь тодорхой, ноён доллар гэдэг чинь ухаандаа дэлхийн мөнгө болчихсон тул улс нь байхгүй болохтэй зэрэгцэн ноёны суудал эзгүйрэх нь тодорхой. Эзгүйрлийг нь ашиглачихаар хоёрхон л валют байгаа харагдаж байгаа нь Евро, Юань. Гэхдээ л хэсэгтээ дэлхийн эдийн засгийн гинжин хэлхээ хаа хүрч хөврөхөө ойлгохгүй хөөрхөн хэцүүднэ, сиймхийгээр нь хэдэн крипто зүгээр суухгүй нь тодорхой юм. 

ЕХ, БРИКС, ШХАБ юу юу ч билээ янз янзын аюулгүй байдлаа хамгаалах гэсэн нэгдлүүд болон хүчний харьцаа яг юу болох нь үнэхээр сонирхолтой санагдах юм. Хятад, Орос, Энэтхэг гэсэн акулууд лав боломжийг зүгээр орхихгүй, тэр нь манай жижигхэн улсад бас ямар ч нөлөө үзүүлэх юм билээ гэдэг шиг. 

Саяхан нэг найзтайгаа ярьж байлаа, хэрэв бид дэлхийн хамгийн том эдийн засаг америкийн хойд талд нь амьдардаг, тэгсэн хэдий ч ямар нэг зүйл америкруу зардаггүй бол хичнээн тэнэг байх вэ гээд... Гэтэл яг үнэндээ бид Хятад гээд айхтар том тоглогчийн хил залгаа нутагт ширхэг шүдэнз эсвэл зүү урагшаа гаргахгүй байгаа нь бас үнэн билээ. Улс яахав нүүрсээ зөөгөөд байдаг л юм байгаа биз, маньд ногдох нь хэд ч юм. 

За юутай ч миний мэдэж байгаагаар ХЭРЭВ Трамп сүүлийн ерөнхийлөгч байвал Бидний хадгалаад байдаг, итгээд байдаг хадгаламжууд лав хог дээр үсрэнэ, худалдаа наймаа бас ширэнгийн хуулиар явах нь холгүй л юм болно байх. 

За гэхдээ энэ бичсэн яриа минь өнөөдөртөө таны миний амьдралд ямар ч утга учир болон сэдэл өгөхгүй тул тайван нойрсдгоороо нойрсоцгоосон нь дээр юм...



Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр