Шинэ зүйл

 Шинэ зүйл гэж огтхон ч үгүй, сайтар мартагдсан хуучин зүйл л гэж бий гэдэг үг байдаг. Үүнтэй адил энергийн тухай хуулийг энгийнээр тайлбарласан байдал нь энерги устаж үгүй болохгүй, шинээр бий болохгүй буюу нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжиж байдаг гэсэн физикийн шинжлэх ухааны суурь ойлголтуудын нэг билээ. 

Энергийн энэ хуулийн суурь зарчим бидний амьдралын бүхий л талбарт хэрэгждэг нь гайхалтай. Эдийн засаг, амьдралын хэв маяг, сэтгэл зүйд хүртэл мөнгө, харилцаа болон сэтгэл гэдэг зүйлсээр өөр хоорондоо хөрвөн өнгө нэмсээр бидний амьдралыг баланстай болгодог тийм л шүтэлцээ оршин байх юм. 

Өнөөдөр би өөрт байдаг нэг хуучин зүйлийг шинэ зүйл болгож авав. Өнгө нь гайхалтай энэ эд өдөр болгон надад нэгэн зүйлийг сануулахаар эргэж ирж байгаа нь энэ юм. Хүнс идсэн хүн хөдөлгөөн болгон зарцуулах, бодол хүртэл тархиний эрчим хүчийг хайр найргүй үрэн таран хийдэг, бодол нь үйлдэл, үйлдэл нь дадал, дадал нь тавилан болох гээд мөнхийн энэ хөдөлгөөн шинээр бий болдоггүй энгийн нэг энерги гэдэг зүйлээс эхтэй гэхээр сонин. Гэвч оргүй хоосноос эхлэл цэг байх боломжгүй тул бүтээгч нэгэн байгаа нь ойлгомжтой. Амьдралын утга учрыг хөөцөлдөн бодож энэ насаа өнгөрөөсөн гэмээр манай Соломон ах бүх зүйл оргүй хоосон гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг нь хачирхалтай. Гэвч энергийн энэ их хөдөлгөөн, шилжилт, замнал бүгдэд өөрийн гэсэн утга учир байж л таараа. Адаглаад энэ одоо миний өөрийн цаг хугацаанд шалтгааны зангилаан дундаа учиртай ч юм шиг... 

Альберт Эйнштейны нэг асуулт байгаад байх шиг байгаа юм, хүйтэн гэж байна уу гээд, мөн харанхуй гэж байна уу гэдэг. 

Гэрэл байхгүй байгаа нөхцлийг харанхуй, халуун байхгүй байгаа оршихуйг хүйтэн гээд байгаа юм гэж тайлбарлаж байгаан. Нэгэн зүйлийн хоёр тал юм шиг сонсогдох эдгээр ойлголтууд эцсийн эцэст нэг зүйлийн орших оршихгүйн төлөв болж таарна. Бас л хачирхалтай. 

Эдийн засгийн харилцаанд бол мөнгө гэж зүйл хөрөнгө, бараа таваар, үйлчилгээний хооронд төлвөө чөлөөтэй сэлгэж сонин сонин зүйлсийг хэн нэгэнд тодорхой хугацаанд эзэмшүүлнэ. Аваад өөд болдог бол яая гэхсэн...

Энерги болон мөнгө хэлбэрээ үргэлж өөрчилж нэгээс нөгөөд өсөхгүй бас хоргодохгүй шилждэг юм бол бид өмчлөөд байгаа зүйл энэ дэлхий дээр яг юу юм бэ? Өөрт минь өгөгдсөн амьсгалаар өөрийн минь мэдлийн дор ирсэн миний гэх ганц л зүйл цаг хугацаа л үлдэх мэт. 

Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй. Төрөх хийгээд үхэх цаг, Тариалах хийгээд тарьснаа хураах цаг, Алах хийгээд анагаах цаг, Нураах хийгээд босгох цаг, Уйлах хийгээд инээх цаг, Гашуудах хийгээд Бүжиглэх цаг, Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг, Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг, Эрж олох хийгээд алдаж асгах цаг, Хадгалах хийгээд хаях цаг, Урах хийгээд оёх цаг, Дуугүй байх хийгээд ярих цаг, Хайрлах хийгээд үзэн ядах цаг, Дайны хийгээд амар тайвны цаг байдаг ажээ. Гэжээ



Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр