Метрополис

 Ийм нэртэй бар олон жилийн өмнө Улаанбаатарыг цэгцэлж байсан үед ах нь хэдэн удаа шоудаж үзсэн байдаг юм... Таксаа төлж нэгжүүлээд, тамга дарна гаран дээр гээд л дуу хүртэл тэр баранд болсон үйл явдлаар эхэлж байж билээ. Наанаа нэг хэсэгтэй, цаанаа үндсэн танхим, хоёр тийшээ дээшээ өгсдөг вип хэсэгтэй, буруу санаагүй бол $100-ийн ширээтэй байдаг байсансан. 

Омголон байжээ, ширээн дээр л сууна. Дүүпс даапс гээд л хөгжмийн чимээ, гэрлийн хугаралд хурган бүжиглэмэр аядана. Халтар англи хэлтэйдээ бардан хэдэн гадаадуудыг монгол охин найрах гэж оролдсоных нь төлөө шийтгэж зөндөө л тэнэг тэнэг яриа өдөж явлаа залуудаа. Нанчилдаан хүртэл хийж, наана цаана савсаганаж л байлаа. Гэхдээ би тэр үеэ нээг их буруутгаж бодоод байдаггүй юм, хэсэгхэн тэр үеэсээ би үзэхээ үзэж, харахаа харж л хорвоо гэдэг ойлголтоо хачирлаж л байсан юм.

Нэг өдөр дүрмийн дагуу явж ороод суудалдаа тухлаад хэсэг байж байтал эсрэг талын вип ширээн дээр нэгэн хүндэлдэг ах маань шал согтуу, хэдэн гаруудтай муудалцан хүний муухайгаар авирлан хэсэг бужигнаж байхыг олоод харчихав. Бүтэн сайнд сүм дээрээ таардаг тэр ахыг би гадуур бас л тиймээр нь төсөөлж байсан тул надад их л муухай санагдаж, ямар олиггүй эр вэ, хоёр нүүртэй золиг байх нь гэх мэтээр тэрүүхэндээ л шүүв. Бацаан байж дээ би...

Метрополис хотын иргэн би хүнийг гэгээн дүрээр сахил хүртсэн юм шиг л ааштай байна гэж харж байгаа юм бол би ч мөн адил өөрөөсөө өнөөх стандартаа нэхэх ёстой, миний амьдралын зарчим. 

Хавийн хүн цугласан, хавийн соёл үүрлэсэн энэ хотод, цаашлаад энэ дэлхийд би гэнэн байжээ, ахыгаа шүүгээд, хоёр нүүрийг нь хуулсандаа бахдах шиг. Гэвч би өөрөө донхойчихсон тэнд тухайн цагт бас л пээдгэр нус банди далжийгаад явж байсан тул толинд хараад өөрийгөө жигшив. Их удаагүй дээ би сүмийнхээ 15жилийн ойн 3 өдрийн цуглааны 3 дахь өдөр нь өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй, хоёр нүүртэйгээрээ үлдэхгүй гээд цуглаанаа орхин гараад хэсэг л алхаж билээ. Нэг нүүр маань өнөөдрийг болтол нар салхи олныг үзэж, хааяа инээмсэглэхэд үрчлээтдэг болжээ. Цагийн эрхээр биз, харин өөрийн эрхээр амьдарсан билүү энэ нүүр. 

Туслах туслахгүй хүнд алтан цагаа зарцуулж, чадах чадахгүйн ард гарч, ах эсвэл дүү гэдэг нэрийг нэр төртэй үүрэх гэж их л явсан байх. Өнөөдрийн Эрхмээ энд ирэхэд юу эс тохиолдохов. 

Нүүр буруулалт, үл ойлголцол, санаашрал бас баярлах мөчүүд. Байх байхгүйн хооронд бацаан байх эрхээ тултал эдэлсэн байх шүү харин би. Жаргах хэцүү, зовох хэцүү... хэцүүгээ л сонгоно эцсийн эцэст. 

Зовж болноо гэхдээ өөрийнхөөрөө, жаргаж болноо бас л өөрийнхөөрөө жаргамаар юм билээ. Нэгэн жилийг үдэж, нарыг дахин нэг тойрох аялал минь төлөвлөж байгаагаар бол чамгүй л сонирхолтой өнгөрөх шинжтэй. Санаж явахад бүтнэ гэдэг шиг 10 зорилт л тавиад ирэх оноо дуусгачих санаатай. Шийдвэр яахав үйлдэл чухал гээд, санаа яахав гүйцэтгэл л шийднэ гээд анх удаа амьдарч байгаа ч ахиж амьдрахгүй тул санасан бодсон болгоноо өөрийнхөөрөө л хийгээд гүйцэе дээ. 

Утга уянга бас учир шалтгаантай л амьдрах хэрэгтэй мэт... 




Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр