Шинэ жилийн дурсамж

 Бага байхад үзэх харах юм одоогийнх шиг их байгаагүй юм шиг байгаа юм. Шинэ жил болохоор л зурагтаар гоё гоё нэвтрүүлгүүд гараад л, догдолж хүлээгээд л, хэдээс юу аль суваг дээр гарахыг нь анаад л их л ажил болдог байсан санагддаг. Аргагүй биз дээ, үндэсний телевиз нэмэх нь ubtv, за тэгээд алдарт ОРТ. Гял цал болсон хүмүүс шинэ оны хөтөлбөрүүдэд оролцоод, дуу хөгжим, инээд ханиад гээд зарим шинэ жилүүдээр яг юу хийж байснаа одоо хүртэл тод санаж байна. Мандариний үнэр, нийслэл салат, гадаргаараа хальт цайрсан шоколад, хиам, газтай ундаа. Миний насныхны дийлэнхи нь иймэрхүү дурсамжтай байдаг биз.

Хамгийн тод санагдаж байгаа зүйлс бол манай гэр бүл зурагтынхаа өмнө тойрч суугаад хүмүүсийг шүүмжилдэг байлаа. Ийм ч юм өмсөөд байхдаа яадаг юм, энийг ингээд хэлчихгүй дээ, өө энэ бол бүтэхгүй гар байна гэх мэт. Үнэхээр л дутагдал нь харагдаад байгаа юмыг бид яалтай билээ. Тэр шүүмж чанар нь өнөөдрийн надад одоог хүртэл өвлөгдөн ирсэн байдаг ч би нэгэн шийдвэрийг өөртөө гаргаж шинэ жилийн, цаашлаад дараагийн амьдралынхаа нэг шугам болгохоор шийдлээ. Хэрэв миний төлбөрийг төлөөд үйлчилгээ аваагүй л бол би тухайн хүнд шүүмжлэлтэй хандаж алдааг нь хэлж, засаж болох хувилбар гаргаж санаа тавиад ч байгаа юм шиг эсвэл өөрийнхөө илүүг мэдрэх гээд байгаа ч юм шиг үйлдлээ бүрэн зогсоохоор шийдлээ. 

Магтах ёстой зүйлс дээр бол эсрэгээрээ хандана аа. 

Хэн ч төгс биш, ялангуяа би бол бүр алдааны цуглуулга хүн. Угаасаа ч сэтгэлзүйд нэг тийм юм байдаг гэж уншиж байв саяхан. Хүнийг байгаа нөхцөл байдлаас нь өөрийг нь хүсэхгүй байхад дээшлүүлэх ямар ч боломж бололцоо байдаггүй гэнэ, харин эсрэгээрээ уруу татах бол ёстой алга урвуулах шиг амархан болж таарав. Өөрөө хүсээгүй байхад нь, надаас асуугаагүй байхад нь жижиг ч бай алдааг нь, бас сайжруулчихаар зүйлсийг нь хэлж байхгүйг шийдлээ. 

Яриа нь дэндсэн над шиг гарт энэ хөөрхөн чаалэнж байх болов уу гэж санагдана. Гэвч өөрийн нүдэнд байгаа дүнзийг харахгүй байж бусдын сормуусан дээрх үртэсийг авах гэж оролдоод хэрэггүй гэдэг багадаа сонсож байсан сургаалиа одооноос л хэрэгжүүлье дөө.

Хүний амьдрал хэд хүрээд эхэлдэг юм бүү мэд, гэхдээ тэр хүртэл суралцаж байдаг болохоор суралцаад л байж байя...



Comments

Popular posts from this blog

Аавдаа бичсэн захидал

Тэр Бумтан Ах

No автомашин Өдөр