Аавын цээж
Бага байхад манайх эмээтэйгээ зусланд гардаг байлаа, эмээгийн маань лагерь социйн үед засгийн газрынханы гардаг байсан жигжидэд байдаг байлаа, хашаа хороо байхгүй задгай талбай ихтэй, нийтийн модон жорлонтой, оройдоо ойр хавийн хүүхдүүд цуглаж бөмбөг тоглочихдог аятайхан зуслан байсан юм. Эрт үед Жигжид лам тэр хавиар зуншдаг байсан юм шиг байгаа юм, аятайхан булагтай, ойруугаа орохоор жимс самар ихтэй сайхан, гахай шувуу буга баавгай хүртэл багадаа харж байлаа би тэнд... Хавар болохоор хотоос зусландаа гарах гэж буурал ээж маань зээ дүүгээ дуудна, ахын нэг аавын цээж байсан юм... олон ч жил хавар намар буурал ээжийн маань нүүлтийг нуруун дээрээ үүрсэн дээ.
Аавын цээж гэж одоогоор бол пургон шиг хамартай, ардаа тэвштэй УАЗ машин юм, портерын үүрэгтэй ашиглагдаж байсан байх нь монголд. Яагаад ч тийм монгол нэр өгчихсөн юм бас сонин...
Би дотроо бодоод бас хүмүүсийг ажиглаад байдаг юм... Хүний амьдралд хүний тэвш гэж нэг ойлголт, бас хутгадаг шанага гэж хоёр ойлголт байна. Энэ амьдралаас хэр хутгаж авч ундаалах вэ, хэр их зүйл дааж амьдарч чадах вэ гэсэн энгийн л ойлголтийг би ингэж төсөөлдөг юм...
Ёстой л хүн хүний хэмжээ дамжаа даац бүх ойлголт нь өөр, мөн хамгийн лаг гэсэн ойлголт байхгүй, өөр өөртөө зөв. Хүүгээ би хүний өмнөөс юм дугарчихдаг хүн болгоё гэж бодсон юм гэж аав маань нэг удаа хэлж байсан юм, би ч яг л тэр хүслээр нь их пээдгэр өссөн дөө одоо бодоход. Том толгойтой, том амтай... 10 жилд байхад багш нараасаа нээг их айгаад байдаггүй, урдаас нь өөрийнхөө зөв гэж бодсон бол цор цор хийчихдэг ядаргаатай хүүхэд байлаа. Алгадуулж үзээгүй өссөн хүний ганц хүү, айлын бага чинь ер нь дураараа амьтан, ямар сайндаа л пээдийгээд их сургуулиа тоолгүй хаяж байхав дээ...
Би гэдэг хүн чинь одоо хэлээ хазаж өнгөрөх, зарим хүний тэнэглэлийг засах гэж чилэхгүй байх энгийн хэдэн үйлдлийг нөхөж сурах гэж их л юм болж байна, хөгширсөн азарга жороо сурч байгаа юм шиг л юм болж байна. Ухаан минь дутсан юм байлгүй өмнө нь их л уурладаг банди байлаа, бас тайван оршиж сурч байна. Хүний л амьдрал шүү дээ гэдэг нэг үгтэй боллоо. Идэр нас маань ирсэн мэт санагдавч стийл хүүхдээрээ юм шиг гэнэн цайлганаараа сажилж яваа ч юм шиг...
Өөрийнхөөрөө өөртөө зөв амьдарч чадвал энэ насны жаргал бас тавилан байна байх даа гэж өдөр болгон нь хайшаа ч юм гэхдээ л бодож амьсгалж байна даа...
Том толгойтой өсгөсөн аав ээж хоёртоо л их л талархах юм даа...
Comments